1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ЗЭД, ХАНТАЙ, БҮТЭЭЛИЙН НУРУУ (БАЙГАЛИЙН ЭКОЛОГИЙН ТЭНЦВЭР ХАДГАЛАХ БҮС)

Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумдын нутагт оршино. Хотгор гүдгэрийн хувьд Өвөр байгалийн дундаж уулсын үргэлжлэл, ландшафтын хувьд Сибирийн хөвч тайгын өмнөд төгсгөл болох уулзүйн систем, ландшафтын бүрдлийн хувьд өвөрмөц онцлогтой нутаг юм. Байгалийн мужлалтаар Сэлэнгийн савын бэсрэг уулсын мужид хамрагдана. Байгалийн бүс, бүслүүрийн хувьд ойт хээрийн бүсэд багтах уулын тайга, торлогт хөндийн ландшафт голлох цулдам өндөр уулс, хотгор, томоохон голуудын хөндий бүхий гадаргатай.  Тус мужид Намнангийн нуруу, Уран тогоо-Тулга уул, Хан Жаргалант уул гэсэн газрууд нь улсын тусгай хамгаалалтад орсон байдаг.

Зэд-Хантай-Бүтэлийн нуруу нь сум, багийн төвөөс алслагдмал, улсын хил дагуу орших дундаж уулын тайга, намаг бүхий бартаа ихтэй нутаг бөгөөд газрын ашиглалт бараг хийгдээгүй онгон дагшин газар. Харин сүүлийн жилүүдэд энэ орчны ой модыг хавтгайруулан огтлох, ойн түймэрт өртөх, хортон шавьжид идүүлснээс гадна ан амьтдыг зүй бусаар агнах явдал ихэссэнээс тэдгээрийн тоо толгой цөөрч зарим зүйл нь устах аюулд хүрч байгаа.

Нутгийн 59.7%-ийг уулын тайгын ширэгт хөрстэй үетэн бүхий нарс-шинэс болон хусан ойгоос бүрдэх дэд тайга, 31.6%-ийг уулын тайгын цэвдэгт хөрстэй давжаа бут-ногоон хөвд бүхий шинэс-хушин ба шинэсэн ойгоос бүрдэх тайга эзэлнэ. Түүнээс гадна татмын нуга 6.6%, ойт хээр 1.3%, нугат хээр 0.8% тус тус эзэлж байна. Өөрөөр хэлбэл, нийт нутгийн 91.3%-ийг ой мод бүхий тайга, дэд тайгын экосистемийг бүрдүүлдэг.

Зэд-Хантай-Бүтээлийн нуруу нь бүхэлдээ өргөрөгийн дагуу байрлах нэгэн нэгдмэл уулзүйн тогтолцоог бүрдүүлэх бөгөөд өмнөд хэсэг нь харьцангуй өндөр өргөгдсөн тул хойшоогоо намсах байдалтай өөрөөр хэлбэл хотгор гүдгэрийн шинж байдал нь Хангайн нуруунаас эрс ялгаатай. Гол цөм болсон Хантай, Зэд, Бүтээлийн нуруу нь эртний тэгшивтэр гадарга бүхий хавтгай орой хяртай, 1600-1800 метрийн үнэмлэхүй өндөртэй дундаж уулсаас голлон тогтоно.

Зэд, Бүтээлийн нурууны өмнөөс Эрэн, Тарвагатай, Азарга, Зэлтэр гэсэн 4 том гол, тэдгээрийн салбарууд эх аван урсдаг. Эдгээр голууд нь ус ихтэй, урсгал түргэнтэй Сэлэнгэ мөрөн болон түүний томоохон цутгал Эгийн голын усзүйн горимд тэргүүлэх нөлөөтэй.

Ойн нөөцийн ихэнх нь дээрх горлуудын савд тархана. Энд шинэс, шинэс-хушин ой зонхилох бөгөөд дээрх голын хөндий бусдаас өргөн тавиу, үнэмлэхүй өндрийн хувьд харьцангуй нам түвшинд орших тул энд жинхэнэ тайгын хэв шинжит ой тархсан. Ойн тархалтын зүй тогтлыг ажихад энд өндрийн бүслүүрийн зүй тогтлоос өргөрөгийн бүсийн зүй тогтол давамгайлах тул сарьдгийн ойн бүслүүр ихэнх уулсад илэрдэггүй.

Зэд-Хантай-Бүтээлийн нуруунд ховор болон ховордсон амьтдаас баавгай, буга, хандгай, булга, хүдэр, шувуудаас явлаг сар, цагаан сүүлт бүргэд байран амьдардаг. Эдгээрээс буга, хандгай зэрэг амьтдын тоо цөөрч дайжин тархац нутаг нь эрс багассан учраас улсын тусгай хамгаалалтанд яаралтай авсан байна.

ТОО
0
0
0