1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ОВООТЫН СУУРИН БА СУУЦ

Судлаачид Чойбалсан хотоос баруун тийш есөн км зайд орших Овоот гэдэг ууланд 1968 онд неолитын үеийн сууцны ор бүхий суурин олж судалжээ. Хэрлэн голын эхний дэнжээс алгуур 5-7м өргөгдсөн энэ газар хөрсний үеийн тогтолцооны хувьд дараах байдалтай байжээ. Үүнд: 10-15см зузаантай ургамал, бүхий өнгөн хөрс, түүний доор сууцны нүхийг бөглөсөн 30-80см зузаан бараан өнгийн сайн ялзмагт элсэнцэр хөрс байж, сууцны нүхийг бага зэргийн ялзмагтай саарал өнгийн давхаргатай хөрсөнд ухсан байв. Энэхүү эртний хөрсний (неолитын үеийн) доор эолитын гаралтай цайвар элсэн давхарга байсан нь эртний эх газрын хөрсийг бүрхжээ.

Сууцны баруунаас зүүн тийш сунгаж хийсэн ба 8.2 м урт, 6.4 м өргөн, зууван дөрвөлжин хэлбэртэй байжээ. Сууцны шал төвдөө ялимгүй хотойсон боловч үндсэндээ тэгш. Сууцны шал төвдөө ялимгүй хотойсон боловч үндсэндээ тэгш. Сууцны дотор гал голомтын ор гурав үлдэц, тэдгээрээс цуулж авсан нарийн хутган ялтас, зуулга ир олон олдсон. Мөн түүнчлэн хэд хэдэн төрлийн хусуур, зүсүүр, хаш зэвсэг (хусуур-хутга), ойл хэлбэрийн хусуур зэвсэг олджээ. Сууцыг малтах явцад шатсан чөмөгний яс, хавирга зэрэг амьтны яс, ясаар хийсэн багаж зэвсгийн зүйлс олдсоноос гурван шөрөгтэй хурц шовх үзүүртэй загас агнадаг шөрөгт жад олдсон нь сонирхолтой. Эл шөрөгт жадыг сайтар зүлгэж өнгөлжээ. Мөн сууцны шалан дээрээс найман см голчтой дугуй ширхэгтэй элсэрхэг шавраар хийсэн үйрэх нь амархан нимгэн ханатай шавар ваарны хэлтэрхий олдсон ба тэдгээрийн гадарга эрчилсэн утасны ор дардас хээ бүхий байв. 

ТОО
0
0
0