1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

УРТ ХАРЫН ХАДНЫ ЗУРАГ

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын төвөөс баруун урагш 28км-т Урт хар хэмээх хадтай хар уулын зүүн урд үзүүрийн дэл хаданд эртний сийлсэн зураг их бий. Малын хашаа саравч барих зэргээр хэд хэдэн удаа эндээс чулуу авснаас дурсгалыг нэлээд сэвтүүлжээ. Эхэлж ажиглахад дөрвөн амьтны дүрс байна. Хамгийн доод талд нь янгир бололтой нэг амьтан, түүний дээр ар араасаа цуварсан хоёр амьтны дүрс байгаагийн баруун гар талынх нь таван салаа нэлээд өргөн саргар эвэртэй байгаа нь хандгайтай төстэй ажээ. Энэ амьтан сэрвээн дээрээ жижиг бундуутай, богино сүүл нь дээш сөхөгдөж, баруун тийш харж байгаагаар дүрсэлжээ. Түүний зүүн гар талд араас нь яваа нэгэн амьтны дүрс байгаа нь шулуувтар тууш эвэртэй, дугуйрсан урт сүүлтэй чухам ямар амьтан болох нь сайн танигдахгүй. Эдгээрийн дээр бас шулуун урт эвэр юм уу чих бүхий, сүүлгүй үл танигдах амьтан сийлжээ.

Дэл хадны дээшээ харсан хавтгай хаданд нэлээд олон амьтны дүрс бийн хамгийн зүүн гар талд дөрвөн янгирыг ар араас нь цувруулж баруун гар тийш чиглүүлэн сийлсэн байх ба эдгээрийн дээр чоно бололтой нэг араатан амьтны дүрс, доор нь нэг үзүүр нь гогцоорсон тахир зураас сийлсэн байна. Энэхүү хадан дээрх бүх амьтдыг толгойгоор нь баруун тийш хандуулан зуржээ. Дээр өгүүлсэн янгируудын дүрсээс баруун тийш арай доохнуур мөн араасаа цуварсан хоёр янгир, тэр хоёрын дээр харайн дүүлж байгаа юм шиг ишигны зураг байна. Эдгээрийн баруун гар талд учир үл ойлгогдох бас нэг амьтны дүрс байна. Түүний баруун талд арай дээрх нүүр зургаан амьтан, нэг жижиг зураас байх бөгөөд энд дөрвөн янгирын зураг тодорхой танигдаж байна. Энэ зурагны баруун талд тусдаа чоно бололтой нэг амьтан, уг хадны хамгийн баруун гар талд толгойгоор дээш чиглэсэн нэг янгир, учир үл ойлгогдох нэг дүрсийн хамт байна. Эдгээр хадны зураг нь он цагийн хувьд Х.Т.Ө l-X.T I зууны үед хамаарна.

ТОО
0
0
0