1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

АСГАН ДЭВСЭГИЙН БУГАН ХӨШӨӨ

Булган аймгийн Сайхан сумын төвийн урд, Хүрэмтийн голын урд дэвсэгт энэ дурсгал оршино. Уг дэвсгийг нутгийнхан Асган дэвсэг гэж нэрлэдэг бөгөөд энд босоо, хэвтээ хоёр буган хөшөөтэй юм. Босоо хүрмэн чулуун хөшөө (өндөр нь 1.31 см өргөн нь 56 см, зузаан нь дундуураа 28 см)-ний наран буюу нүүрэн талын зүүн доохон дөрвөн морины (өндөр нь 11 см)  дүрс, хөшөөний мөн тал болон ар талд нь нэг нэг чинжал хутга сийлж, буга дүрсэлсэнгүй.

Харин газарт шигдэн хэвтэх нарийхан боржин чулуун хөшөө ( урт нь 1.80 см, өргөн нь 29 см )-ний дээш харсан тал дээр таван бугыг сонгодог загварчилсан дүрслэлээр дээш өлийлгөн сийлсэн нь өгөршиж элэгдсэн хэдий ч тод ажиглагдана. Хийсэн чулуулаг, дүрслэлийн хувьд өөр, өөрөөр хэлбэл нэг нь хүрмэн, нөгөө нь боржин, нэг нь "адуун", нөгөө нь буган чулуу боловч эдгээр хөшөөд үндсэндээ адил цаг үеийн буюу хүрлийн үеийн хөшөөний хоёр хувилбар болох нь тодорхой. Харин орчин тойрон нь хүрмэн чулуутай, гол ус нь хүртэл Хүрэмтийн гол гэгддэг энэ нутгийн хүрмэн чулуун хөшөөтэй боржин чулуун хөшөө зэрэгцэн буй нь сонирхолтой бөгөөд магадгүй уг дурсгал өөр газраас зөөгдөж ирсэн ч байж болох юм.

ТОО
0
0
0