1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ХАРХОРУМ ХОТ

Монголчуудын түүх үргэлж бусдын түүхээр нотлогдож байдаг бөгөөд өөр хоорондоо хэдэн арван мянган километр алслагдсан орнууд Монголчуудын түүхийг бичиж үлдээснээр Хархорин хот дэлхийд алдаршсан билээ.

Хархорум гэдэг нэрний утга учир: Эрт дээр үед эхлээд Каракорум, дараа нь Хархорум, эдүгээ Хархорин гэж дуудагдаж байна. Каракорум гэдэг нэр алтай үгнээс гаралтай уйгар үг ажээ. Харин Чингис хааны үеэс Хархорум гэдэг нэртэй болсон бөгөөд Хархорум гэдэг нь “Хар хүрэм” гэсэн Монгол үгнээс үүсчээ. Каракорум гэдэг нь Монголоор “хар хүрэм” гэсэн үг юм. Галт уулын дэлбэрэлтээр үүссэн нэгэн зүйл хатуу чулууг уйгараар “хорум”, Монголоор “хүрэм” гэдэг нь тодорхой юм гэж эрдэмтэн Ц.Шүгэл бичсэн. Тэгэхээр энэ нэр нь Хархорум биш харин Хар хүрэм болж таарч байгаа юм. Олон эрдэмтэд ингэж үзсэн боловч хараахан нэгдсэн дүгнэлтэнд хүрээгүй байгаа билээ.

Эртний Хархорум хотын байдал: Хархорум хотын суурь анх YIII зууны үед тавигджээ. Хожим нь XIII зууны үед Хэрэйдийн Ван хан төвлөн сууж байсан бөгөөд нэг хэсэгтээ Монголын цэргийн хуаран, зэвсгийн агуулах болж байжээ. Түүний дараа Монгол улсын их эзэн хаан Чингис улсынхаа нийслэл болгон төвлөрүүлж, дараа нь Өгөөдэй хаан 1235 оноос хотыг өргөтгөн байгуулж гадуур нь хэрэм бариулжээ. Хэрмийн дотор  тусгайлан зассан өндөр довжоон дээр чулуун суурьтай 64 багана бүхий их танхимтай Түмэн Амгалант хэмээх том ордыг бариулжээ. Шалыг нь ногоон өнгийн хавтангаар хийж, ханыг нь янз бүрийн зургаар чимсэн байв. Ордны өргөн нь 55-80 метр байсан гэдэг бөгөөд багана болгоныг алтан угалзаар чимж, дээврийг нь улаан, ногоон ваараар бүрсэн байв. Юань улсын сударт улаан бичин жил буюу 1236 оны цагаан сард Түмэн Амгалант ордныг барьж дуусгасны ёслол үйлдсэн тухай бичжээ. Түүнээс хойш Хархорум хотод Өгөөдэй хааны хүүхдүүд, төрөл садангийн хүмүүсийн нилээд олон орд харшууд баригджээ.

Хар хорум хотод орд харшийн шат, баганы суурь, гэрэлт хөшөө, түүний суурь яст мэлхий зэргийг чулуугаар урлаж хийх нь түгээмэл байжээ. Хотоос баруун тийш 20 километрт Орхон голын Элстэй хэмээх аманд нарийн ширхэгтэй сайн чанарын боржин чулууны орд газар байсан бөгөөд XIII зууны үед тэнд барилгын чулуу засаж бэлддэг томоохон дархны газар ажиллаж байсныг хожим олдсон олдворууд нотолж байдаг. Мөнх хааны үед ордны үүдэн хэсэгт Франц дархан Вильгельм Де Буше 4 төрлийн ундаан гоождог мөнгөн модыг урлажээ. Орой дээр нь бишгүүр үлээж буй Виктория охин тэнгэр байсан бөгөөд найр наадмын үеэр бишгүүр нь аялгуулан дуугарч модны голоос дөрвөн зүг хандуулан байрлуулсан дөрвөн лууны амнаас дөрвөн зүйлийн ундаан гоожиж доор нь тоссон мөнгөн саванд цутган ордог байжээ.  Тэр дөрвөн зүйлийн амтат ундаа нь дарс, айраг, балын ундаа, будааны шар айраг байсан бөгөөд ордны үйлчлэгч нар зочдод барьж дайлдаг байсан тухай 1253 онд Хархоринд ирж Мөнх хаанд бараалхан Түмэн амгалант ордонд зочлуулж байсан алдарт жуулчин Гиом Де Рубрук “Дорно этгээдэд зорчсон нь” хэмээх номондоо бичсэн байдаг.

Хархорумаас шүншиг аравнайтай ваар олжээ: Монгол - Германы археологичдын хамтарсан “Орхон” экспедици 2014 оны малтлагаар  шүншиг аравнайтай ваар олжээ. Анх 1948-1949 онд Хархорум хотын талбайд өргөн хэмжээний малтлагын ажил гүйцэтгэсэн Х.Пэрлээ, С.Киселев нарын ахлагчтай Монгол - Зөвлөлтийн хамтарсан судалгааны баг энэ хотын их хэрмийн дотор, баруун өмнөд өнцөгт нь орших тусгай хэрэмт цогцолборын төв дундах том барилгын үлдэгдлийг хэсэгчилсэн байдлаар малтан судалж, уг барилгыг Өгэдэй хааны “Түмэн амгалант орд” хэмээн тодорхойлсон юм. Гэвч энэ барилга нь хааны орд харш бус, харин 1235-1236 онд суурийг нь тавьж, 1256 онд барьж дуусган 1346 онд Тогоонтөмөр хааны зарлигаар “Юань улсыг мандуулах асар” буюу “Цогт их сүмийн гэр” хэмээх нэр хайрлагдсан бурхан шашны аварга том сүмийн үлдэгдэл болохыг Монгол-Германы хамтарсан археологийн экспедицийн үйл ажиллагааны үр дүнд олон баримтаар нотолжээ.  Энэхүү “Цогт их сүмийн гэр” хэмээх асар том сүм суваргыг “Юань улсын судар” болон 1346 оны Хархорумын бичээст хотын хамгийн анхны барилга байгууламжуудын нэг хэмээн тэмдэглэсэн байдаг.

Энэ сүмийг 1311 болон 1346 онуудад сэргээн засварласан байдаг бөгөөд энэ тухай мэдээг 1346 оны хөшөөний бичээст мөн тэмдэглэжээ. 1311 онд Буянт (1311-1320) хаан Хархорум дахь сүм эвдэрч гэмтсэнийг сонсоод буддын шашин хариуцсан хэлтсийн түшмэл Чогсүмд шаардлагатай хөрөнгийг өгч засуулж байжээ. Дараа нь Тогоонтөмөр (1333-1368) хааны үед сэргээн засварлах ажил 4 жил үргэлжилж, 1346 оны сүүлээр тус сүмийг “Зарлигаар байгуулсан Юань улсын мандал бадралын асар” буюу “Цогт их сүмийн гэр” хэмээх нэр хайрлажээ.

Монгол-Германы хамтарсан экспедицийн 2014 оны малтлага судалгаагаар энэхүү сүмийн довжоо суурин дороос XIII зууны үед их хаадын аравнайлж хийсэн шүншигийг илрүүлэн олсон нь Монголын эртний түүхийн судалгаа, археологийн шинжлэх ухаанд гарсан нэгэн шинэ нээлт болсон байна. Сүмийн шүншигт тариа будаа, төрөл бүрийн жимс, алтан утастай торгонд боодолтой “есөн эрдэнэ” (үүнд: Монгол гүрний их хаадын алтан зоос 2 ш, мөнгөн зоос 3 ш, шүр, сувд, оюу) орсон бөгөөд эдгээрийг том вааран саванд хийж амсрыг нь шавар тагаар таглаж тавьжээ. Алтан зоосны нэг нь Чингис хааны Самарканд хотноо хийлгэсэн зоос, харин мөнгөн зооснууд нь Мөнх хааны үед Хархорумд бүтээлгэсэн зооснууд байх ажээ. Есөн төрлийн материалаас бүрдсэн эд юмс нь суварга шүтээнийг амилуулан тэтгэх нарийн нандин бэлгэдэлтэй бөгөөд Монгол-Германы хамтран судалсан энэхүү байгууламж XIII-XIV зууны бурханы шашны сүм байсныг бүрэн дүүрэн нотолж өгчээ. (2014.11.19. Өдрийн сонин)

Хархорум хот хааш хаашаа 4 километр урт шавар хэрмээр хүрээлэгдэж хэрмийн 4 талд дөрвөн хаалга байсан бөгөөд зүүн хаалган дээрээ тариа будаа, баруун хаалган дээрээ хонь ямаа, өмнөд хаалган дээрээ үхэр болон үхэр тэрэг, хойд хаалганы тэнд уналгын морьд, морин тэрэг зэргийг худалдаалдаг байсан тухай түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэн үлдээжээ. Энэ том хэрэмний 4 өнцөгт хамгаалагч бурхан болох 4 яст мэлхий байсан бөгөөд тэдгээр мэлхийн дээр эзэнт гүрний тугийг мандуулдаг байсан тухай ч тэмдэглэжээ. Монголын их хаад аливаа шашныг ялгаварлан үздэггүй байсан учраас Хархорум хотод будда, христос, лалын шашны 12 сүм дуган хурал хуран мөргөл үйлддэг байжээ. Мөн хотод Өгөөдэй хаан суурийг нь тавьж Мөнх хааны үед дуусгаж байсан 5 давхар өндөр суварга байснаас гадна  2 том хороолол байсан. Нэг нь гар урчуудын дүүрэг, нөгөө нь ислам маягийн наймааны том гудамж бүхий хороолол байсан байна. Монголын эзэн хаад өөрсдийн байлдан эзэлсэн нутаг орнуудаас авчирсан урчууд дархчуудын хүчээр өрнө дорнын болон үндэсний маягийн шинж төрхийг хослуулсан орд харш, сүм хийд, хөшөө дурсгал бариулан Хархорум хотыг хөгжүүлэн тэлжээ. Хархорум нь хөл хөдөлгөөнтэй хот байсан бөгөөд орос, гүрж, халиф, хятад, итали, франц иргэд оршин суудаг байжээ. Тухайн үедээ дэлхийн улс орнуудын амьдралд нэн чухал үүрэгтэй байж өрнө дорнын орнуудыг улс төр, эдийн засаг, соёлын талаар холбож ойртуулах зангилаа газар болж байлаа.  Хархорум хотод үйлдвэрлэл маш бага явагдаж байсан хэдий ч тариа тариалж, паалантай тоосго шатаан хавтан үйлдвэрлэж, уулын чулууг засаж өнгөлөх үйлдвэрлэл явуулж, хар төмөрлөг, алт мөнгөний дарханы газар ажилладаг байв. Хархорум хотын иргэд харъяат бүх улс орнуудаас цуглуулсан алба татвараар маш баян тансаг амьдардаг байжээ. Хотын нийт талбайн гуравны нэг хэсэг нь эзэнт гүрнийг удирдан захирах албат түшмэдүүдэд зориулагддаг байсан ба тэдгээр түшмэдийн тоонд эзэнт гүрний бүх улс үндэстний бичээч орчуулагч нар хүртэл ордог байжээ.

Хархорум хот 1215 он, 1268 онд галд өртөж байсан боловч тухайн үед сэргээж байжээ. Харин 1380, 1466 онуудад  хятадын Мин улсын довтолгоонд өртөж ихээхэн хэмжээгээр сүйджээ. Түүнээс хойш Мин улсын цэргийн удаа дараагийн довтолгоо, дотоодын ноёдын дайн самууны үеэр бүрэн сүйтгэгдэж үгүй болсон юм. Хархорум хот 140 жил оршин тогтносны 32 жил нь Монголын эзэнт гүрний нийслэл байжээ.

 

Хархорум хотын судалгаа: Зөвхөн 1889 онд Оросын эрдэмтэн Н.М.Ядринцев Эрдэнэзуу хийдийн орчим том хотын үлдэц олжээ. Жилийн дараа В.В.Радлов тэр хийдийн хэрэм ханыг судалж байгаад Хархорумтай холбоотой хааны зарлиг бүхий чулуун хавтан зэргийг олов. Ингэж Хархорум хот байгаа газрыг тогтоосон юм. Хархорум хотыг мөхсөнөөс хойш анх удаа 1948-1949 онд Монголын ууган архелогич Х.Пэрлээ, Зөвлөлтийн эрдэмтэн профессор С.В.Киселев нараар удирдуулсан Монгол Зөвлөлтийн хамтарсан экспэдици малтлага хийж олон үнэт олдвор илрүүлсний дотор ахуйн хэрэглээний төмөр эдлэл, шавар шаазан эдлэл олон тоогоор олджээ. Тэр үеийн уран дархчууд хийсэн бүтээгдэхүүн дээрээ өөрийнхөө гарын хээг тавьж, сайн чанартай гэсэн өвөрмөц баталгааг гаргадаг байжээ. Мөн янз бүрийн барилгын материалууд, дээврийн хэсэг, хөшөө дурсгал зэргийг илрүүлсэн байна. 1976-1980 онд Шинжлэх Ухааны Академийн түүхийн хүрээлэнгийн судалгааны баг малтлага явуулж Хархорум хотын ойролцоох газруудаас Монгол хүний булш, исламын шашинтны булш зэргийг олж илрүүлсэн байна. Өгөөдэй хааны 64 баганат Түмэн амгалант ордны өмнө талаас эртний шавар шаазан эдлэлийг шатааж байсан зуухны үлдэгдлийг олжээ. Мөн чулуу дэвсэж хийсэн гудамжны замын үлдэгдэл гарч ирсэн нь Хархорум хотын төв гудамж нь чулуун замтай байжээ гэдгийг нотолжээ. Судалгааны багийнхан 6000 ам метр газрыг хамарсан малтлага хийхэд хөрсний хамгийн гүн нь 7 метр байсан бөгөөд 64 баганатай Өгөөдэй хааны Түмэн Амгалант ордны барилгын суурийн нилээд талбайг илрүүлсэн байна. Зөвхөн уг ордны малтлагаас 10, хотын зүүн хаалганы тэндээс 54, төв гудамжны уулзвар орчмоос 129  нийт 230-аад ширхэг зоос олдсоныг нягтлан судлахад 10 гаруй улс оронтой худалдаа арилжааны холбоотой байсан нь тогтоогджээ.

1995-1996 онд ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр Монгол–Японы эрдэмтэд хамтран Хархорум хотын оршиж байсан дэвсгэр нутгийг тогтоон топографийн нарийвчилсан зураг үйлдсэн. 1999 оноос Монгол Герман хоёр улсын ерөнхийлөгч нарын тохиролцсон дагуу Монгол Германы Шинжлэх Ухааны Академиудын архелогийн хүрээлэн, Боннын Их сургуулийн Төв Азийн хүрээлэнгийн хамтарсан судалгааны анги Хархорум хотыг судлах шинэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд бүх олдворыг лабораторийн аргаар нарийвчлан судалж байна.


Ил үзмэр - Цогт Их Асар сүм: Монгол - Германы Ерөнхийлөгч нарын ивээл дор, хоёр улсын Засгийн газар хоорондын соёлын болон археологийн малтлага судалгааны урт хугацааны хамтын ажиллагааны үр дүнд Их Монгол Улсын нийслэл Хархорум хотын Цогт Их Асар сүмийн археологийн үлдэцийг хамгаалж, ил үзмэр болгох үйл ажиллагаа Өвөрхангай аймгийн Хархорин суманд боллоо. ХБНГУ-ын ГХЯ, Герда Хенкель сан, Германы Археологийн хүрээлэн, Монгол улсын БСШУЯ санхүүжүүлсэн уг төслийнхэн Цогт Их Асар сүмийн барилгын археологийн үлдэцийг хамгаалахын зэрэгцээ археологийн судалгаан дээр үндэслэн тавцангийн хана, түүн дээр гарч буух шатыг ЮНЕСКО-гийн стандартын дагуу сэргээж босгожээ. Тус ажиллагааг Монгол-Германы хамтарсан “Хархорум экспедици” төслийн удирдагч доктор, профессор хатагтай Кристина Франкен, доктор, профессор У.Эрдэнэбат нар удирдан зохион байгуулжээ. Монгол-Германы хамтарсан “Хархорум экспедици” сүүлийн 20-иод жил Хархорум хот орчимд малтлага судалгаа хийж Монголчуудын байгуулсан эзэнт гүрний нийслэл алдарт Хархорумын түүхийн талаархи эрдэмтэн судлаачдын дэвшүүлсэн олон асуудал, эх сурвалжийн мэдээллийг тодруулжээ.

Түүнчлэн Их Монгол Улсын нийслэлд байсан суурьшлын олон үе шатны дэс дарааллыг тодорхойлох боломж олгосноороо Төв Азийн нүүдэлчдийн хотжилт ба суурьшлын түүх, археологийн судалгаанд үнэтэй байр суурь эзэлж байгаа аж. ХБНГУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд хийж буй олон ажлын нэг нь Хархорум дахь бурханы шашны их сүмийн археологийн үлдэцийг хамгаалах, өргөн олон түмэнд үзүүлэх ил музей болгон эзэмшиж ашиглах бүтээн байгуулалтын төсөл юм. Энэ төсөл 2014 оноос эхлэн хэрэгжжээ.

Хархорум хот нь Монголын эзэнт гүрний нийслэл хэмээгдэж байсан хэдий ч хаадуудын улс төрийн бодлогын төв нь байгаагүй юм. Энэ талаар дэлхийн олон эрдэмтэд түүхийн эх сурвалжуудад тулгуурлан санаа бодлоо илэрхийлсэн байдаг. Тухайлбал, 1246 оны зун 7 дугаар сарын 22-нд Дэлхийн нийслэл Хархорумыг зорин гарсан Плано Карпини-г Монголд ирэхэд Гүегийг Монголын эзэнт гүрний хаан ширээнд залах найр тохиожээ. Гэвч хамгийн сонирхолтой нь дэлхийг захирсан гүрний хаан Гүюг хаан ширээнийхээ найрыг нийслэл  хотдоо бус  хээр талд асар цацар босгон найрлаж байсан юм. Ертөнцийн зүүн баруун хязгаар хүртэл асар өргөн газар нутгийн эзэн хаан хээр талд байтугай модон дотор, усан дээр, ер хаана ч найр хийсэн түүний дурын хэрэг буй заа. Харин цуутай нийслэл Хархорум хотдоо чухам  юу хийдэг байсан хэрэг вэ хэмээн гайхширсан гэдэг. 1253 оны 12 дугаар сарын 26-нд Францын санваартан Гиом Де Рубрук Мөнх хааныг зорин иртэл мөн л дэлхийн хаан нийслэлдээ байсангүй гэнэ. Рубрукийн олж мэдсэнээр бол Монголын хаад жилд хоёрхон удаа л Хархорумд морилон ирж найр хийдэг ажээ. Тэдний ажигласнаар Монголын төрийн бодлогын төв нь Хархорум биш Монголын хээр тал нутаг нь байжээ.  Хархорум хот бол газар газрын худалдаачдын хэрэн бэдэрсэн хот, шашны олон урсгалын шавь нарын эв найртайгаар ном хаялцдаг байсан амар амгалан хот, Монголын хаадын дэлхийг эзлэхдээ цуглуулсан алт эрдэнэсийг хураасан сан хөмрөг, дагуулж ирсэн гар урчууд, дархчуудынх нь урлан байжээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах

ТОО
0
0
0