1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ХОВД ГОЛ

Төв Азийн гадагш урсгалгүй ай савын гол мөрнүүд дотроо хамгийн их устайд тооцогдох  593км урт гол. Монгол Алтайн нурууны тэргүүн оргил Таван богдын зүүн өмнөд мөсөн голоос эх авч урсах Цагаан Ховд (Акау),  Хар Ховд (Каратыр) голуудыг Ховд голын эх гэж үздэг. Эдгээр голууд нь Хотон нуур, Хурган нууруудыг дайрч урсах замдаа олон гол горхиудыг нийлүүлсээр Их нууруудын хотгорын Хар ус нуурт цутгадаг. Харин Толбо, Тал, Даян, Хотон, Хурган, Ачит нуурууд илүүдэл усаа Ховд голд өгдөг.

Ховд голын үндсэн цутгал голууд нь Цагаан, Сагсай, Буянт хэмээх том голуудаас гадна Согоо, Бөхмөрөн, Өвдөг, Шивэр гэх мэт голууд юм. Нийт ус хураах талбай нь 58 000км.кв болдог ба усны сүлжээний нягтшилын хувьд Төв Азийн гадагш урсгалгүй ай савд төдийгүй Монголын бусад голууд дотор дээгүүрт орно. Ховд гол эхэн хэсэгтээ тэвш хэлбэртэй хөндийгөөр эртний мөстлөгийн морены хурдсанд хаагдаж тогтсон том жижиг олон нуур дамжин урсдаг. Алтайн сүрлэг уулсын ам хавцал бүрээс усждаг дээрх голуудад борооны уснаас гадна хур цас, мөсөн гол, гүний ус багагүй нэмэр хандив болдог байна. Ховд гол 10 дугаар сард хөлдөж, 4 дүгээр сарын шувтаргаар хайлж, цэлмэдэг бол цутгал голуудын олонх нь ёроолгүй хөлддөг байна.

Ховд голын усны нягтшил, урсгалын хурд хүчийг ашиглан Усан цахилгаан станц барих ажил яригдаж байгаа бөгөөд Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос хойш 40км зайд Ховд голын хавцалд барихаар төлөвлөжээ. Тус станц нь 56 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байх ба баруун бүсийн аймгуудыг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангах боломжтой болох ажээ.

ТОО
0
0
0