1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

БИЛГЭ ХААНЫ ДУРСГАЛ

Архангай аймгийн Хашаат сумын Цайдам бригадын нутагт Өгий нуураас баруун урагш 36 км, Хархориноос хойш 47 км зайд Хөгшин Орхон голын зүүн эрэг, Цайдам нуурын баруун өмнө оршдог. Эл дурсгал нь Хөшөө цайдмын дурсгал, Орхоны хөндийн дурсгал, Культегины бичээс, Билгэ хааны дурсгал гэх мэтээр нэрлэгдэн 100 гаруй жилийн турш судлагдсаар иржээ. 1958 онд Монгол-Чехословакийн хамтарсан судалгааны баг бүхэлд нь малтан судалсан байна.
Элтерэс хааны хүү Билгэ бол Түрэг улсын сүүлчийн хаан бөгөөд 19 жил улсаа удирдсан юм. Түүний дүү Культегин нь ухаалаг, авъяаслаг цэргийн жанжин байгаад 731 онд 49 насандаа таалал төгсчээ. Культегин ах Билгэг хаан ширээнд суухад тууштай дэмжиж түүний төлөө хүчин зүтгэсэн түүхтэй. Билгэ хаан дүүгийнхээ дурсгалд зориулан тахилын цогцолбор, шүтээний сүмийг 732 оны 8 дугаар сарын 1-нд босгуулжээ. Цогцолборын урт 67 метр, өргөн 29 метр, 1 метр зузаан тоосгон хэрэмтэй, түүний гадуур шуудуугаар хүрээлэгдсэн, хэрмийн доторхи сул зайг бүхэлд нь 32 х 32 х 6 см хэмжээтэй тоосгоор бүрсэн байжээ. Цогцолборын голд наран ургах зүгт харуулан Культегины гэрэлт хөшөөг байрлуулсан бөгөөд мэлхий чулуун суурийн хамт өндөр нь 383 см, өргөн нь 132 см, зузаан нь 46 см юм. Хөшөөний дээд хэсэгт эвхэрсэн хоёр лууг чимэглэж, бичээсийг голлуулан Ашина овгийн тамга болох янгирын дүрс,  гурван талд нь нийт 68 мөрөнд 10 мянган үсэг зурлага бүхий руни бичээсийг сийлжээ. Судлаачид 1-13 дугаар мөрийг бага бичээс, 14-68 дугаар мөрийг их бичээс гэж нэрлэдэг. Эл бичээсийг Культегины ач хүү Йолуг Тегин 20 хоног сийлж, Түрэг төрт улсаа хэрхэн байгуулсан, Культегин 16 настайгаасаа улсын хэрэгт оролцож ямар овог аймаг, улс орныг байлдан эзэлсэн, хэрхэн тулалдсан, ямар зүсмийн морьд унадаг байсан, өдөр шөнийг үл хайхран улсынхаа төлөө хэрхэн зүтгэж,  ядуусыг баян, өнчнийг өнөр болгож, тойгтныг сөхрүүлж, толгойтныг бөхийлгөн хаан төрийг байгуулалцаж, наран ургах зүгээс наран шингэх зүг хүртэлх өргөн уудам газар нутгийг захиран дээд тэнгэрээс дарах аюулгүй, доод газраас цөмрөх айдасгүй амар жимэр болгон хүчирхэг улсыг байгуулсан тухай, Культегинийг оршуулах үед ах Билгэ яаж эмгэнэн гашуудаж байсан тухай, түүний оршуулгын ёслолд гадаадаас ирж оролцсон зочдыг хүртэл дурдан өгүүлжээ. Хөшөөний мэлхий чулуун сууринд мөн адил түрэг бичээс байх бөгөөд 1979 онд Б.Базылхан судалсан боловч зарим бичээс маш бүдгэрсэн тул бүрэн тайлж чадаагүй байна.

Билгэ хааны онгон цогцолбор нь Культегин жанжны дурсгалаас урагш 1 км орчим зайд байдаг. Билгэ хаан 734 оны 11 дүгээр сарын 23-нд насан эцэслэжээ. 735 оны 7 дугаар сарын 22-нд тахилын сүм хийгээд гэрэлт хөшөөг нь босгож, бичээсийг Культегины ач хүү Ёлуг Тегин 34 хоног сууж сийлсэн байна. Хөшөө нь 345 см өндөр, 174 см өргөн, 75 см зузаан болно. 1893 оны 12 дугаар сарын 15-нд Копенгаген хотын ШУА-д болсон хурал дээр Данийн эрдэмтэн Вилем Томсен Культегины тахилын цогцолбор болон Билгэ хааны онгон цогцолборт байгаа эдгээр гэрэлт хөшөөний бичээсийг тайлж уншсанаа мэдэгджээ. “Хөвүүд дүү нар минь, ахан дүүс, ард олон минь миний үгийг эхнээс нь дуустал сонсогтун, сайтар сонсогтун...” гэж эхлээд “...Тан улс бидэнд алт мөнгө, торго дурданг их хэмжээгээр өгдөг боловч нанхиад хүний үг нь нялуун, бараа нь зөөлөн бөгөөд хүмүүс нялуун үг, зөөлөн бараанд хууртагдан тэдэнтэй ойртдог...” гээд “...хэрэв та нар тэдний газар нутагт суувал амиа алдана...” хэмээн анхааруулж, хойч үедээ төрөлх газар нутагтаа амьдарч Тан улс руу зөвхөн худалдааны жин тээж явахыг захиж хэлжээ. Билгэ хаан урьд цагт Түрэг ард түмэн нанхиадуудын дунд амьдарч, тэр бүү хэл тэдний төлөө байлдан тулалдаж явсан хэдий ч нанхиадууд үргэлж талын хүн ардад дайсагнаж ирсэн тухай өгүүлж “...Түрэгийн хаад болох хөвгүүд нь Тан улсын харц боол болж, хатад болох охид нь Тан улсын зарц шивэгчин болсон юм.  Зөвхөн дээд тэнгэрийн хүчээр Түрэг улс эрх чөлөөгөө эргэн олж тэр суурингийн хүн ардтай тэмцсэн...” гэж тодотгон хэлээд хүчирхэг сайн зохион байгуулалттай цэргийн төр байгуулахыг ард түмэндээ захисан байдаг. “...Аяа түрэг ард түмэн минь дээд тэнгэр мөхөж, доод газар цөмрөөгүй цагт хэн та нарын төр, хууль цаазыг нурааж чадах билээ. Түрэг ард түмэн минь харамсагтун, гэмшигтүн...” гэж Билгэ хаан ихэвчлэн Тан улсаас сэрэмжлэхийг анхааруулж хэлсэн байна.

Билгэ хаан болон Культегины эдгээр цогцолбороос шавар сав, төмрөөр хийсэн аж ахуйн болон гоёл чимэглэлийн зүйлс, вааран дээврийн хэсэг, тосгуур зэрэг 2000 орчим эд өлгийн зүйл олджээ. Вааран дээврийн хагархай дээр нүүдэлчид морин давхиан дунд харвалдаж буй дүрс байсан нь судалгааны чухал дурсгал болдог. Чулуун хашлага бүхий дөрвөлжин булшны ор олдсоныг судлаачид жинхэнэ булш биш харин эзний оршуулгыг бэлгэдэн хийсэн зан үйлийн шинжтэй гэж дүгнэжээ. Хүн хөшөөд нь тухайн үеийн хүмүүсийн дүр төрх, хувцас хэрэглэл, гоёл чимгийг бодитойгоор илэрхийлжээ. Хөшөө цайдмын эдгээр дурсгалууд мянга гаруй жилийн түүхэндээ ихээхэн эвдэрч гэмтсэн боловч ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” гэдэг зэрэглэлээр дэлхийн соёлын өвд 1996 онд бүртгэн авсан байна. Монгол улс 20.8 км.кв талбайг 1961 онд улсын хамгаалалтанд авчээ. Хөшөө цайдмын эл хөндийд Улаанбаатар хот 14 жил суурьшиж байсан бөгөөд тухайн үедээ Шар бүст өргөө гэдэг нэртэй байжээ.


Бичээсийн агуулга: Тэнгэрээс ивээлт тэнгэрлэг түрэг Билгэ хаан. Үг ману: Дээр хөх тэнгэр, доор бараан дэлхий үүдсэний завсарт хүний хөвгүүд буй болсон ажгу. Эстими хаан хэмээн алдаршсан миний дээд өвөг Буман хаан хүний хөвгүүдийг эзлэн сууж эл улсаа тэтгэн засаг төрийг бататгавай. Дөрвөн зовхисын олон аймгийг хүчээр дагуулан номхотгоод толгойтныг бөхийлгөн тойгтныг сөгтгөвэй. Зүүнш Хадарганы хөвч, баруунш Төмөр хапаг хүртэл улсаа нутаглуулах, энэ хоёрын завсар сурвалжтан улс үгүй Хөх Түрэг удтал нутаглан суужээ. Өвөг Буман мэргэн хаан бөлгөө, баатар хаан бөлгөө. Түүний сайд нь мэргэн, баатар бэхи нар болоод албат олон цөм шударга тул эл улсыг удтал тэтгэн төрийг бататгажээ. Насан эцэслэсэнд наран мандах зүгийн бүхэл талын аймгийн хүмүүн Нанхиад, Төвд, Парфурум, Хиргис, Уч, Хуриган, Отус, Татар, Хятан, Татаби зэрэг өчнөөн олон улсын хүн ирж хүйлэн хайлан гашуудан уйлав. Тийм алдарт хаан агсан ажгу. Түүний сүүлд дүү нь хаан болов. Хөвгүүн нь хаан суув. Дүү нар нь ахас лугаа адилгүй. Хөвгүүд эцэг лүгээ адилгүй болсон учир будангуй хаад ширээг залгамжлан уйлхай хаад төрийг барьж сайд нь будангуй, уйлхай бэхи болоод албат олон шударга батгүй, нанхиадуудын хутган эвдрүүлж хөнөөсөнд дүү нар нь ах нар лугаа эвдрэлцэн муудалцаж, бэхи нар албат олон лугаа харшлан хөнөөлцсөн тул Түрэг улс эрхэм болсон эл улс юугаа эвдэж, эзэн болсон хаад юугаа тэвчлүгээ. Хүчирхэг хөвгүүд нь нанхиадын боол боллоо, ариун охид нь нанхиадын шивэгчин боллоо. Түрэг бэхи нар түрэг цолоо гээж нанхиад бэхи нарын адил нанхиад цол хүлээн зүүж нанхиад хааныг дагаж тавин жилийн турш сэтгэл хүчээ өгч, зүүн тийш наран мандах зүг Бүгли хаан хүртэл баруун тийш Төмөр хапаг хүртэл тэдэн лүгээ яван нанхиад хаанд эл улс эрх мэдлээ өгөв.

Хамаг Түрэгийн харц иргэн өгүүлрүүн: Эл улс минь хаана байнам. Хэнд улсуудыг дагуулнам билээ би. Хаантай улс билээ би. Хаан мину хаана буй. Ямар хаанд сэтгэл хүчээ өгнөм билээ би. Тийн хэмээгээд нанхиад хаанд дайсан болж хуучин нутагтаа хүчин тэжээсүгэй хэмээн нүүн ачаалав. Эд нар сэтгэл хүчээ өгөхийг бодохгүй болбоос Түрэг улсыг хядан алж үрийг тэжээсүгэй хэмээн нанхиадууд хэдэн удаа цэрэг явууллаа.

Дээрээс Түрэгийн тэнгэр, доороос ариун дэлхий ус, Түрэг улс үл сөнөх болтугай, өнөд орштугай хэмээн миний эцэг Элтерес хаан, эх Элбилгэ хатан зулайгаас өргөн дэвшүүлэв. Миний эцэг хаан агсан хорин долоон эрийн хамт мордлоо. Түүний захад явсныг хот дахь хүмүүс сонсоод хотоос гарч, уулан дахь хүмүүс уулнаас угтан бууж бүгд нийлж далан эр болов. Тэнгэрээс ивээн тэтгэснээр хаан эцгийн цэрэг чоно мэт харш дайсан нь хонь мэт болж зүүнш баруунш явсаар хүчийг бүртгэн хүнийг ятган бүгд долоон зуун эр боллоо. Цэргийн тоо долоон зуу хүрсэнд биеэ хаанд үзэн, тус тусын улс мэт бологсод, бусдын боол бологсод, тайлаш, тардус аймгийг улсын олон аймгийн дотор байваас зохих байрыг заан тогтоож ягбу, шадтай болговой.

Өмнө зүгээс нанхиад улс, умраас тогус огусын хаан дайсагнан харшлалдаж хиргис, хуриган отус, татар, хятан татаби нар цөм довтлолдов. Миний эцэг хаан энэ олон улс лугаа байлдахаар дөчин долоон удаа цэрэглэж хорин удаа хутгалдан байлдав. Тэнгэр ивээн тэтгэсэн тул эл улсыг бататган хаан төрийг засаж дайсныг номхотгон тойгтныг сөгтгөв, толгойтныг бөхийлгөв. Эцэг хаан минь төрийг төвшитгөн засаж халилаа. Хаан эцгийн хүүрт хааны балбалыг тэргүүн болгон тавив. Хаан наснаас нөгчсөн цагт би найман наст бөлгөө. Миний авга хаан суугаад Түрэг улсыг засан тэнхрүүлж үгээгүй баялаг, өнчнийг өнөр болгов. Авга хаан ширээнээ суухад би тегин бөлгөө. Тэнгэрийн ивээлээр би хорин дөрвөн насандаа Тардуш улсын шад боллоо. Хаан авгын хамт зүүнш Шандун газрын Ногоон голын тал хүртэл, баруунш Төмөр хапаг хүртэл аялан явж Хөгмэнийг даван Хиргисийн нутаг хүрлээ. Бүгд гучин таван удаа цэрэглэн аялж, хорин гурван удаа байлдаад эл улсыг бататган хаан төрийг тэтгэн, тойгтныг сөгтгөлөө, толгойтныг бөхийлгөлөө. Түргэшийн хаан угаас миний албат түрэг хүн бөлгөө. Ухваргүй тул хэрэг алдаж ял олоод үхэв. Түүний хойно сайн бэхи нар цөм үхэв. Түүнийг дагасан улс иргэн цөм зовлонг олов. Манай өвгөдийн энэ газар ус эзэнгүй аху нь зохихгүй тул Ас улсыг зохиов. Барс бэхид хаан цол өгч дүү гүнжийг эм болгон өглөө. Түүний бие ял олоод үхэж улс иргэн нь боол шивэгчин боллоо. Хөгмэний газар ус эзэнгүй аху нь зохихгүй тул би Ас, Хиргис улсыг зохион засав. Зүүнш Хадарган хөвч хүртэл дагасан улсыг суулган засаж баруунш Гэнгү тарман хүртэл Түрэгийн нэгэн хэсэг улсыг суулган заслаа. Тэр цагт манай боол өөрснөө боолтой, манай шивэгчин өөрсдөөн шивэгчинтэй бөлгөө. Дүү нар нь ахсыг чирэгдүүлэхгүй, хөвгүүд нь эцэгсийг чирэгдүүлэхгүй бөлгөө. Эл улс засаг төрөө энэ мэт бататгавай. Огус түрэгийн бэхи болоод албат олон та бүхэн сонсогтун. Дээр аху тэнгэрээс дарах, доор аху газраас цөмрөх аюулгүй агсан Түрэг улс. Эл улс төр засгийг хэн дэлгэрүүллээ. Чи язгуураас шударга түрэг улс бөлгөө. Гэмшин гэмшигтүн. Чиний шударга журамтайд мандсан Билгэ хааны хөгжүүлсэн сайхан эл улсын өмнө гэм алдал үйлдэж уйлхайлан умдгайдав чи. Чамайг сарниулсан байлдааны аюул хаанаас гарлаа? Чамайг дагуулсан хатгалдах санаа хаанаас гарлаа? Өтгөн хөвчийн улс чинь нүүн явж нэгэн хэсэг чинь зүүнд одлоо. Нэгэн хэсэг чинь баруунд одлоо. Одсон газар бүхэнд сайныг олсон чинь ганц цусаа ус мэт урсгаж, ясаа уул мэт овоолон хүчтэн хөвгүүнээ боол болгож, ариун охидоо шивэгчин болголоо. Чиний ухваргүй уйлхайн учраас хаан авга халив. Хөшөөний тэргүүнд би Хиргис хааны балбалыг босгов. Түрэг улсын нэр алдар үл сөнөх болтугай хэмээн хаан эцэг, хатан эхийн өргөмжилсөн улсыг заяагч тэнгэрээс Түрэг улсын алдар нэр үл сөнөх болтугай хэмээж миний биеийг хаан болгов. Би эд малаар баян улсын хаан болсонгүй, аманд хоолгүй, мөрөнд хувцасгүй буурай ядуу улсын хаан боллоо.

Дүү Культегин бид хоёр хоёул шад бөлгөө. Өвөг дээдсийн мандуулсан улсын алдар нэр мөхөн сөнөвөөс зохихгүй хэмээн хэлэлцэж Түрэг улсын учир шөнө үл унтан, өдөр сул үл суун дүү Культегин бид хоёр шад үхэн цуцтал зүтгэн оролдож улсыг их болголоо. Ийнхүү зүтгэн байлдахад улсыг гал, ус үл болгон, сарнин тархаж цуцан ядуурагсад хуран чуулсныг тэнхрүүлэхийн учир умраад Огус, зүүнш Хятан, Татаби өмнөдөд Нанхиадыг байлдахаар аялж хорин хоёр удаа байлдвай. Тэнгэрээс ивээж өлзий хутаг соёрхсонд би мөхөхөд хүрсэн улсыг өргөн тэнхрүүлж нүцгэн улсыг хувцастай, ядуу улсыг баян, өнчин улсыг өнөр болгож, эл улсын элдэв зүйлсийг засан хаан алдрыг бататгавай. Дөрвөн зүгийн улсыг хүчээр номхотговой. Миний олон хаад намайг харшлах сэтгэлгүй дагажээ.

Эмхэтгэсэн: Ч.Буянбадрах

ТОО
0
0
0