1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

СУТАЙ ХАЙРХАН (ТӨРИЙН ТАХИЛГАТ УУЛ)

Сутай хайрхан уулын ихэнх нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт оршдог боловч цаад талаараа Ховд аймгийн Дарви, Цэцэг сумын нутагт хамаарах хайрхан юм. Ноён оргил Цаст богд нь д.т.д 4234 метр өндөр бөгөөд Сутай хайрхан уул 60 км сунаж тогтсон. 2000 онд Сутай хайрханд уулчин авирч энэ өндрийг тогтоосон. Араараа хар модон ойтой, Монгол Алтайн нурууны 13 мөнх цаст уулсын нэг. Хайрханы өврөөс Усан зүйлийн гол эх авч Тонхил нуурт цутгана. Сутай хайрханы өвөрт байх нэг бага шиг өндөрлөг дээр эрт үеэс тахиж ирсэн Их овоо бий. 2007 оны 7-р сарын 26-нд Ерөнхийлөгч Н.Энхбаярын 183 тоот зарлигаар Их овоог тахиж Сутай хайрханыг төрийн тахилгатай болгосон бөгөөд 2008, 2012, 2016 онуудад үйлджээ.

Сутай уулын мөнх цаст оргилоос олон гол эх авч урсдагийн дотроос хамгийн үзэсгэлэнтэй нь улиас, бургас, хар модон төгөл ойтой Цагаан голын уулзвараас эх авсан Мөрөнгийн голын хөндий юм. Уг хөндий 50 гаруй км үргэлжилж Хөвхөрийн хойд үржил шимт хөрсийг усжуулан хадлан, тариалангийн арвин ургац бүхий нугыг тэтгэдэг.

Сутай хайрханы тухай олон янзын домгууд бий. Тэдгээрээс өгүүлбэл, Цаст Гималайн уулсаас тасарч Алтайн нурууны нэг хэсэг болон Баатар хайрхан уулын зүүн талд урган тогтсон ажээ. Эрт цагт хүмүүс уулнаас зэрлэг үхэр буулган гаршуулж, сүүг нь саан ахуй амьдралдаа хэрэглэдэг байснаас үүдэн Сүүтэй уул хэмээн нэрлэдэг байсан нь он цагийн аясаар “Сутай” болон хувирчээ. Өөр нэгэн домогт, Сутай нутагт унааны ганц морьтой ирсэн харь хошууны нэгэн ард нутгийн олноос цөөн тооны хонь худалдан авч өсгөөд хот дүүрэн хоньтой болжээ. Энэ явдлаас үүдэн Сутай хайрханыг ерөөхдөө “халзан цагаан хонин сүргийн өлзий хишиг дүүрэн Сүмбэр цагаан Алтай юм аа” гэж хэлдэг болжээ. Сутай уулын мөнх цагаан оргилыг нутгийнхан бум буман хонин сүргийн хишиг даллагатай уул хэмээн хүндэтгэн дээдэлж иржээ.

Сутай хошууны бөх Жамбал 1920 оны үед Хойд голд тарьсан тариагаа усалчихаад Мөрөнгийн хөндийг өгсөж явахдаа Даачингийн аманд цагаан цэргийн дээрэмчидтэй дайралдаж арваад цэргийг морин дээрээс нь гуд татаж байгаад хүчинд автан баригдаж Цагаан арын суурин хүртэл 10 гаруй км моринд чирэгдэн ирж цагаан цэргийн гарт амь үрэгдсэн байна. Энэ бөхийн гуталтай хөл Тайжийн хар гэдэг газарт байсантай дайралдсан нэгэн төвд шинжээч “Сутай уулын модтой зоо, Мөрөн голын усыг дагаж тэнхээтэй бөх төрдөг нутаг байна” хэмээн өгүүлжээ.

ТОО
0
0
0