1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ТО ВАНГИЙН МОРИНЫ УЯА

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын төвийн “Хүндэтгэлийн өргөө”-ний гол хаалганы баруун гар талд То Вангийн морины чулуун уяаг хүндэтгэлтэйгээр байрлуулжээ.

Халхголын байлдааны 30 жилийн ой тохиосон 1969 онд Цагаан-Овоо сумын Монгол улсын Хөдөлмөрийн баатар В.Цэрэндорж тус сумын Галуут нэгдлийн жолооч М.Санжаагийн хамтаар ГАЗ-51 машинаар мянга гаруй км явж, Мэлхийт нуурын урд дэнжийн элсэнд дарагдсан То Вангийн морины чулуун уяаг ухаж гарган Цагаан-Овоо сумын Хүндэтгэлийн өргөөний гол хаалганы баруун гар талд босгосон ажээ. Хүмүүс То Вангийн морины уяанд хэдийнээ морь уяхаа больж зөвхөн хадаг өргөн адис авдаг болжээ. То Ван аливаа хүнийг халх, буриад гэж ялгалгүй төр түмнийхээ төлөө, их хаадынхаа мэргэн сургаалийг залгамжлан ажиллаж амьдарч байжээ.

Хүндэтгэлийн өргөөний гол хаалганы зүүн гар талд “Залбирал” хэмээх хүрэл хөшөө байх ба хэлмэгдлийн он жилүүдэд тус сумаас баривчлагдсан, хилсээр шийтгүүлсэн 212 хүн, цаазаар хороогдсон 90 хүний дурсгалыг энд хүрэлцэн ирсэн хэн бүхэн хүндэтгэн ёсолдог байна. “Залбирал” хөшөө нь өршөөл эрэн залбирч буй хоёр гар бүхий дүрстэй бөгөөд түүний өмнө голоороо хагарсан гантиг цагаан чулууг эвээр нийлүүлэн тавьсан байна.


Эмхэтгэсэн Ч.Буянбадрах

ТОО
0
0
0