1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ЧИН ТОЛГОЙН ХЭРЭМ

Булган аймгийн Дашинчилэн сумын төвөөс зүүн тийш 16 километрт оршдог. Чин хайрхан хэмээн дээдэлдэг жижиг толгойн өвөрт эртний хотын туурь байдаг. Чин толгойн балгас нь Чин толгой дээрхи харуулын цонж, хэрмийн туурь, хэрмийн гадна оршин сууж байсан иргэдийн гэрийн буйр зэргээс бүрддэг. Хэрмийн баруун хойно харуулын цонжийг боржин болон хар саарал цахиурлаг чулуугаар босгосон байх бөгөөд одоогийн байгаа өндөр нь 10 метр юм. Энэ өндөрлөгөөс тал тийшээ 20-30 километр газрыг харж болох ажээ. Энд эртний гэрэлт хөшөөний суурь, хоёр том чулуун мэлхий бий. Хэд хэдэн дээврийн ваар олдсон нь Кидан бичигтэй байжээ. Чин толгойн хэрмийн эргэн тойрноос 1000 орчим айлын зуухны үлдэц илрүүлээд байна. Судалгаа хийснээр Киданы Чжэнь-Чжоу хотын үлдэгдэл гэдэг нь тодорхой болжээ.  XIII зууны үед Монгол газраар дайран өнгөрсөн хятад лам Чань Чун Бумба энэ балгасыг Чжэнь Чжоу хотын үлдэгдэл болохыг нотолж бичсэн байдаг бөгөөд Туул голоос баруун тийш явахад Киданы эвдэрхий гурван хот тааралдаж байсныг тэмдэглэжээ. Чин толгойн баруун талд Хадаасангийн балгас буюу Хар бухын балгас, зүүн талд нь Талын улаан балгас байдаг ажээ. Эдгээр нь бүгд нэгэн цаг үед хамаардаг. Сударт тэмдэглэснээр Чжэнь Чжоу-д Киданы баруун хойд аймгийн хорин мянга гаруй цэрэг сууж байснаас гадна Хятад, Зүрчидийн 700 гаруй өрхийг цөлөн суулгаж байсан гэдэг. Судлаачид Чин толгойн балгасыг анх Уйгарын үед байгуулж эхэлсэн бөгөөд түүнийг Кидан гүрний үед үргэлжлүүлэн тэлсэн гэж үздэг.  Хожим XYII зууны үед Цогт хунтайжийн цэргийн хүрээ, түүний харуулын индэр байжээ. Хэрмийг нь хөрзөнгөөр барьсан нь уран барилгын хувьд сонин жишээ болдог.  Энэ харуулын чулуун овоо нь сууриараа 40 метр голчтой, өндөр нь 30-аад метр байсан болов уу гэмээр том ажээ. Уулнаас чулуу зөөж босгосон харуулын овоо юм. Чин толгойн балгасыг 1998 онд улсын хамгаалалтанд авчээ.
ТОО
0
0
0