1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ӨВГӨН ХИЙД БА ЭРДЭНЭХАМБЫН ХИЙД

Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дахь Хөгнөхаан уулын тагтад орших Хөгнө тарнын хөгшин залуу хийд хэмээн алдаршсан түүхэн хийд юм. Хөгнөхаан уулын урд энгэрийн баруун урагшаа харсан, зөвхөн баруун урдаасаа хөтлөөр давж орох боломжтой нуугдмал рашаан ус бүхий үзэсгэлэнт сайхан хөндийд байжээ. Энэ хөндий нь элсэн манхан нуруу сунаж тогтсон жижиг толгод, хадан уулсын дунд оршдог. Эдгээр хадан дунд нь ходоод, элэг, цөс, бөөр, нүдний рашааны ундаргатай бөгөөд энэхүү онгон дагшин газрыг Улаан сахиусны адислага тогтсон газар орон гэж үздэг. Түвдийн Лхандарма хааныг дарж бурханы шашныг дахин мандуулсан Лхаламбалдорж ламтан Түвдийг орхин зугтаж Монгол орноор дайжиж явах үедээ Хөгнөхаан уулсын дунд энэ сүмийг анх үндэслэн байгуулсан гэх домогтой. Алтан ганжир бүхий Цогчин дуганатай.

Халх Ойрадын их үймээн самууны үеэр нэгэн өдөр Галдан бошигтын цэргүүдийг ирэхэд сүмийн лам нар алтан ганжирыг навтсаар боон далдалсан байсанд Галдангийн цэргүүд ололгүй буцжээ. Гэтэл нэгэн эмгэн “Галдан бошигтын цэргүүд буцаад явчихлаа. Одоо энэ муухай навтсан боодлыг авъя” гэжээ. Тэгээд алтан ганжирын боодлыг автал Эрээний нуруун дээгүүр явж байсан Галдан бошигтын цэргүүдийн сүүлд явсан цэрэг эргэж харж байгаад оройн наранд гялалзан харагдах сүмийн ганжирыг олж харснаар цэргүүд эргэн ирж Өвгөн хийдийн лам нарыг хөгнөж байгаад засаж хороосон домогтой. Харин Өвгөн хийдийг галдан шатаасан гэдэг. Тэр цагаас хойш энэхүү ой, хад бүхий уул Хөгнөхаан нэртэй болжээ.  Лам нарыг олноор нь егүүтгэх үед тэндээс 200-гаад хүн умар зүг зугтан гарч одоогийн Байгаль нуур орчим нутгаар суурьших болсон нь Буриад зонд бурхны шашин ном дэлгэрэхэд нөлөө үзүүлсэн гэдэг. Тэр цагаас хойш 1693 оны үед Өвгөн хийдийн баруун доод аманд  залуу хийд буюу Эрдэнэхамбын хийдийг Өндөр гэгээн Занабазар өөрийн багш Эрдэнэ Цоржид зориулан байгуулж өргөхдөө эртний улааны шашны уламжлалыг ямар нэгэн хэмжээгээр хадгалан уламжлуулсан гэдэг.

Энэ хийдийн нарийн нандин шүтээнээс олон сайхан үнэт дурсгал Эрдэнэхамбын хийдэд шилжиж очсон боловч 1937 онд сүм хийдийг хааж тараахад устгагдаж сүйджээ. 1992 онд Таван хааны сүм, Эрдэнэхамбын сүмийг сэргээн босгожээ. Өдгөө Өвгөн хийдийн тууринд чулууг маш нарийн нямбай ур хийцтэйгээр давхарлан өрсөн хана бүхий 13 сүмийн туурь үлдсэн байдаг. Хуучин Эрдэнэхамбын хийдээс мөн л чулуу, шавар, тоосгон хана бүхий тууринууд л үлджээ. Хоёр сүмийн туурины хооронд явганаар нэг цаг явдаг.

Эх сурвалж: Монгол орны лавлах
ТОО
0
0
0