1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

АЖ БОГДЫН НУРУУ

Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт орших Монгол Алтайн нурууны салбар уул бөгөөд хамгийн өндөр оргил нь Хүрэн товон далайн төвшнөөс дээш 3802 метр өндөр. Аж богдын нурууны өврөөс Индэр, Гишүүнтэй, Их гол, ар талаас нь Урт, Дөрөлжийн голууд эх аван урсдаг. Уулын хүрэн, цайвар хүрэн, говийн бор, хужир мараат, цөлийн бор саарал хөрстэй. Үет, буурцагт, бутлаг ургамал буюу ерхөг, хялгана, нарийн цагаан өвс, тэсэг, шөвөг, ортууз, агь, гогд, гоньд, тоорой, сухай, заг, гандигар, торлог, шар мод, харгана, баглуур, бударгана, таана, хүмүүл зэрэг ургамал голлон ургадаг. Аргаль угалз, янгир, хавтгай, хулан, хар сүүлт зээр зэрэг амьтадтай. Ууландаа зун 116-138 миллиметр хур тунадас унадаг. Алтай сумынхан сүү цагаан идээг сайн боловсруулдаг бөгөөд түүн дотор Аж богд уулынхаа нэрээр нэрлэсэн Ажийн бор хэмээх ааруул нь тун амттай.

ТОО
0
0
0