• Өмнөговь, Гурвантэс сум
    ХЭРМЭН ЦАВ
    Зургийг Ч.Батзаяа
  • Хөвсгөл аймаг
    САЯНЫ НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Дундговь, Адаацаг сум
    СҮМ ХӨХ БҮРД
    Зургийг О.Мөнхнасан
  • Булган, Сэлэнгэ аймгийн зааг
    БАЛ ХАД
    Сэлэнгэ мөрөн
  • Өмнөговь
    БАЯНЗАГ
    Булган сум
  • Ховд, Булган сум
    БАЙТАГ БОГД
    Зургийг Н.Батсайхан
  • Булган аймаг
    БАЯН НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь
    АЛАГ ХАВ ТОЛГОД
    Гурвантэс сум
  • Сүхбаатар, Дарьганга сум
    ГАНГА НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дундговь аймаг
    БАГА ГАЗРЫН ЧУЛУУ
    Дэлгэрцогт сум
  • Төв, Баян-Өнжүүл сум
    ЗОРГОЛХАЙРХАН УУЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь, Эрдэнэ сум
    БҮРДЭНЭ БУЛАГ
    Зургийг Б.Баяр
  • Хэнтий, Дадал сум
    ГУРВАН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл, Улаан-Уул сум
    ДЭЛГЭРХААН ОРГИЛ
    Хорьдол Сарьдагийн нурууны ноён оргил
  • Дундговь, Өлзийт сум
    ЦАГААН СУВАРГА
    Зургийг Б.Баяр
  • Увс, Ховд сум, Олон нуурын уулс
    ГООЖУУРЫН ХҮРХРЭЭ
    Зургийг Б.Баяр
  • Говьсүмбэр аймаг
    ЧОЙРЫН БОГД УУЛ
    Зургийг Ч.Энхбаатар
  • Дундговь, Өлзийт сум
    МОРИН ТОЛГОЙН ЦАВ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Галуут сум
    ОЛГОЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг, Сагил сум
    ҮҮРЭГ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Архангай, Өгийнуур сум
    ӨГИЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Ховд, Баян-Өлгий аймгийн зааг
    ЦАМБАГАРАВ УУЛ
    Зургийг Ч.Батзаяа
  • Говь-Алтайаймгийн Жаргалан, Баян-Уул, Хөхморьт сум
    МОНГОЛ ЭЛС
    Зургийг П.Болдбаатар
  • Баянхонгор
    ХАЙЛААСТ ХӨВ
    Зургийг З.Аззаяа
  • Говь-Алтай аймаг
    ХАРАНДАА ЧУЛУУ
    Тайшир сум
  • Төв, Баяндэлгэр сум
    ГҮН ГАЛУУТАЙ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Шинэжинст сум
    НОГООН ЦАВ
    Зургийг П.Отгонбаатар
  • Булган, Баян-Агт сум
    ШАРГА НУУР
    Зургийг Б.Баяр
  • ХОВД ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь, Баян-Овоо сум
    ӨНДӨР БОГД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ОРХОНЫ ЦУТГАЛАН
    Бат-Өлзий сум
  • Дундговь, Өлзийт сум
    ӨӨШ МАНХАН
    Зургийг Н.Гансүх
  • Сэлэнгэ аймаг, Монгол-Оросын хилийн бүс
    САЙХАНЫ ХӨТӨЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ӨШГӨГИЙН НУРУУ
    Нарийнтээл, Баруун Баян-Улаан, Хайрхандулаан сумдын нутаг
  • Говь-Алтай, Бигэр сум
    УЛААН ЯВАР
    Зургийг Б.Баяр
  • Ховд аймаг
    ХӨХ СЭРХИЙН НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Өвөрхангай
    ӨӨШ ШАХАЛГА
    Богд сум
  • Ховд аймаг, Үенч сум
    ҮЕНЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл
    ЭГИЙН ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь аймаг, Сэврэй, Баяндалай сум
    ХОНГОРЫН ЭЛС
    Зургийг Б.Баяр
  • Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сум
    ЭЛСЭН ТАСАРХАЙ
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг
    ХАРХИРАА ТҮРГЭНИЙ УУЛС
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Увс аймаг
    ЦАГААН ШУВУУТ УУЛ
    Зургийг Б.Баяр
  • Завхан аймаг
    УЛААГЧНЫ ХАР НУУР
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Завхан аймаг
    ХУНТ НУУР
    Зургийг П.Болдбаяр
  • Баян-Өлгий аймаг
    ХОТОН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Баянхонгор аймаг, Богд сум
    ХОЛБООЛЖ НУУР
    Зургийг П.Отгонбаатар
  • Баянхонгор, Эрдэнэцогт сум
    ТАМЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг П.Отгонбаатар
  • Дорнод аймаг
    ШААЗАН НУУР
  • Говь-Алтай аймаг
    ЗАХУЙН БАЯНБҮРД
    Зургийг Д.Батболд

1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ТЭРЭЛЖ (БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР)

Улаанбаатараас зүүн тийш 50-76 километрт байрладаг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар бөгөөд хад асга бүхий уулын тогтоцоороо өвөрмөц бүс юм. Энд Бага Хэнтийн нурууны өмнөд салбар уулс, Ар Өвөр горхи, Заан-Тэрэлж голын сав, Туул голын эх орчмын нутаг хамарна. Хамгийн өндөр цэг нь далайн төвшнөөс дээш 2664 метр өндөр Авхаан уул юм. Хотгор гүдгэрийн хувьд ихэвчлэн бөмбөгөр оройтой, нилээд хэсэгчлэгдсэн эрсдүү хажуу бүхий уулс, тэдгээрээс эх авсан голуудын хөндий хосолсон уулархаг нутаг юм. 

Тэрэлжийн бүс дэх хадан уулын ам болгон өөр өөрийн өвөрмөц төрх бүхий хаднуудтай байдаг. Хүмүүсийн нэрлэж заншсанаар мэлхий хад, тэмээн хад, гурван найзын агуй, яриа өвгөд, Ленин хад гэх мэт олон янзын хэлбэр дүрс бүхий байгаль эхийн хад чулуун бүтээлүүд бий. Энэ бүс нутгийн хойд захаар Тэрэлж хэмээх гол урсдаг бөгөөд Туул голд цутгана. 1960 он хүртэл Тэрэлжид усан, утаат, ягаан болор зэргийг олборлож байв. Газрын гүнээс усны түрэлт их байсан учраас олборлох ажлыг зогсоожээ. Улаанбаатарын Байгалийн түүхийн музейд хадгалагдаж буй утаат болор, усан болорын дээжүүд нь Тэрэлжээс олдсон олдворууд юм.

Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай бүс нутагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй жуулчны баазуудаас гадна хүүхдийн зуны зуслан, хэд хэдэн байгууллагын ажилчдын амралтын газрууд байрладаг. Горхи Тэрэлж нь ургамлаар баялаг бөгөөд шинэсэн ой, сургар, алирс, ногоон хөвд, хуш, нарс, хус улиас, гацуур зонхилно. Амьтны аймгийн хувьд буга, чоно, хүдэр, туулай гэх мэт хөхтөн амьтан элбэг. Хур сойр, хөтүү ятуу, ногтруу, тоншуул, зэрлэг тагтаа, хэрээ, шаазгай зэрэг жигүүртэн шувуудтай.  

МЭЛХИЙ ХАД: Энэ хадны өндөр 24 метр бөгөөд өмнө нь “Мөнгөт хад” гэдэг нэртэй байв. Эрт үед Луузаншарав болон Хатанбүүвэй гэдэг Ойрдын нэртэй хоёр баатар байжээ. Тэр хоёр хоорондоо таарамж муутай байсан бөгөөд нэг удаа Хатанбүүвэй баатар Луузаншаравтай байлдахаар ойролцоох Өтөг эрүү гэдэг газар нуугджээ. Үүнийг мэдсэн Луузаншарав хүчин мөхөс байсан тул зугтахаар шийдээд эхнэрээ хамт явъя гэтэл эхнэр нь эд хөрөнгөндөө хоргодоод явахгүй гэжээ. Тэгэхээр нь Луузаншарав эхнэрээ хороогоод хөрөнгөө энэ хаданд нуугаад оргожээ. Нутгийн ардууд зун болохоор хадны завсар луу нойтон мах хийж хадгалдаг байв. Гэтэл тэр явдлаас хойш уг хаданд нойтон мах хийнгүүт маханд алт, мөнгөн зоос наалдаж ирээд авах гэхээр доош уначихдаг байжээ. Тэр агшинд хадны ёроолоос эмэгтэй хүний дооглон нээх дуу гардаг гэсэн домогтой юм. Ийм учраас нутгийн ардууд Мөнгөт хад гэж нэрлэдэг байжээ.

Өөр нэг хувилбар домгоор бол, Зуун модны тулалдаанд Галдан бошигт Манжтай хүч тэнцвэргүй тулалдаан хийж ихээхэн хохирол амсаж бүслэлтээс гаран зугтаж Мэлхий хадны орчимд үлдсэн хүчээ бөөгнөрүүлэн түр саатжээ. Дайснууд араас нь хөөн дайрахаас болгоомжлон баруун тийш зугтах бэлтгэлээ базааж, хэдэн тэмээнд ачаалсан алт, мөнгөө Мэлхий хадны орой дээр гаран хавцал руу хийж орхиод явах болоход Манжийн хаанаас бэлгэнд ирсэн хатан нь алт мөнгөндөө хоргодоод явахгүй болохоор нь нуусан мөнгөн дээрээс хийж орхиод баруун тийш явжээ. Үүнээс хойш Мэлхий хадыг Галдан бошгитын мөнгийг хадгалж буй Мөнгөт хад гэж нэрлэдэг болжээ.  Галдан хааны үлдээсэн тэрхүү мөнгийг авах гэж олон удаа оролдоод бүтээгүй гэдэг. Өвөл хүйтэн болмогц дөнгөж төхөөрсөн үхрийн нойтон гуяны махыг сураар уяж доош унжуулан мөнгөн зооснууд дээр тавихад зооснууд наалддаг байжээ. Түүнийг дээш татан авах гэж оролдсон боловч амсарт хүрэхийн алдад зооснууд нь амь орсон мэт ховхрон унахдаа шир шар хийн чимээ гарган уначихдаг ажээ. Нутгийнхан их хааны мөнгө одоо ч хадгалагдаж байдаг, мөнгөн зооснуудыг авах гэсэн оролдлого бүхэн бүтэлгүйтдэг байсан хэмээн ярилцдаг. Тэр цагаас хойш нутгийн хүмүүс Мөнгөт хадыг хүндэтгэн тахиж, идээнийхээ дээжийг өргөн хурайлж, мөнгөжин  баяжихыг хүсэж дээдэлж ирсэн хэмээн хөгшчүүл хуучлах нь бий.

Тэрэлжийн зуун мод: Улаанбаатараас зүүн тийш 50 километрт Налайхын цаахан талд орших хэсэг модтой газрыг Тэрэлжийн зуун мод гэдэг. 1696 оны 5 дугаар сарын 13-ны өдөр энд Ойрдын Галдан хаан Манжийн баруун замын цэрэгтэй тулалджээ. Тэр тулаанаар Галдан хаан ялагдаад дахин сэхэл авч чадаагүй билээ. Галдан хаан 1697 онд 54 настайдаа нас барсан бөгөөд эрхий хурууг нь Цамбагарав уулын ойролцоо авчирч оршуулжээ.

Галдан бошигт баруун тийш явахдаа Мэлхий хадны хойдох уулаар давж гарахад дуулга нь наранд хэсэг зуур гялалзан нэг цаана нэг наана харагдсан тул ид шидийн тэр гялбааг бэлгэдэн Гялалзахын нуруу гэх болжээ. Уулын орой дээр гарч ирээд ихэд хилэгнэн уурлаж, мориноосоо буун сэлмээ сугалан дэвхэрч Халх, өвөрлөгчдийн ноёд Хамаг Монголын төлөө хамтдаа тэмцэхгүй харийн дайсантай үгсэн хуйвалдаж эх орноосоо урвалаа хэмээн газар цавчсан гэдэг. Эдүгээ тэрхүү Галдан хааны гарсан орой дээр тэгш газар байх бөгөөд түүнийг нутгийн ардууд Дэвхэргэ хэмээн нэрийдэх болжээ. Монголын ард түмэн эх оронч баатарлаг эрсийнхээ түүхийг нутаг ус, газар шороотойгоо холбон домоглон ярьж ирсэн нь хойч үеэ төлөвшиж хүмүүжихэд тус болно хэмээн үздэгтэй холбоотой юм. Галдан бошигт хааны гэрээслэл болох “Буурал дээдсийн нутгаас бурхан гуйсан ч бүү өг” хэмээх өчил нь өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй байна.

ХҮҮХЭН УУЛ: Галдан бошигт хааны мөнгө, алт эрдэнэсийг үүрд сахин үлдсэн хатан нь “Хүүхэн уул” болон хувирсан гэж домоглох бөгөөд Мэлхий хадны баруун хойд талд дээшээ харан тайван, ихэмсэг дүр үзүүлэн хэвтэж буй эмэгтэй хүний дүр бүхий уул юм. Хүүхэн уулнаас мод, ургамал, сонгино, самрыг нь авдаггүй бөгөөд хад чулууг нь хөндөж болдоггүй догшин уул хэмээх боловч эмэгтэй хүнд ээлтэй гэлцдэг.

Өөр нэгэн домогт, эрт цагт нэгэн ядуу айлын үзэсгэлэнт охин баян айлын эрх танхи хүүтэй хайр сэтгэлтэй болжээ. Эцэг эхчүүд нь хайр сэтгэлийг нь хориглосон тул хоёул зугтан ууланд гарч 3 жил хамтдаа амьдарчээ. Гэтэл нэгэн өглөө үзэсгэлэнт охин сэрээд хартал эр нөхөр нь байсангүй гэнэ. Баян айлын эрх танхи хүү уул хаданд амьдарч тэсэлгүй бүсгүйгээ орхиод оджээ. Хөөрхий бүсгүй хэзээ нэгэн цагт хайртай залуугаа өөр дээр нь эргэж ирнэ гэж итгэсээр уулнаас буулгүй хүлээж амьдарсаар насан эцэслэжээ. Тэр цагаас хойш хүүхний сүнс оршсон энэ уулыг Хүүхэн уул гэх болсон бөгөөд сартай шөнө дээш харан хэвтсэн урт хар гэзэгтэй, сормуус нь дэрвийж, хөх нь сэрийсэн нүцгэн хүүхний дүрс тодрон харагддаг хэмээн хэлэлцдэг.


ГУРВАН НАЙЗЫН АГУЙ: Тэрэлжийн бүс нутагт Мэлхий хаднаас наана, УБ хотоос 50 гаруй км газарт тохиолдох замын дэргэдэх агуй юм. Зүүн тийш зам руу харсан талд нь өгсөж гардаг нарийхан жим байх агаад дунд хэрд нь хэвтээгээр орох хэмжээний ам бий. Нутгийн хүмүүс 100 ламын агуй (1000 ламын агуй ч гэдэг) хэмээн домоглоно. Орчин

цагийн шашин соёлын ид хэлмэгдүүлэлтийн үед хэсэг лам нар агуйд орж нуугдан амь зулбан гарч байсан гэх, эсвэл Халх Ойрадын үймээн самууны үед Занабазар хутагтын хэсэг шавь нар Галдан бошигтын цэргүүдээс зугтаж энэ агуйд нуугдаж амь гарсан гэх мэтээр домоглодог. Гэвч энэ агуйд 100, 1000 битгий хэл 10 лам арай гэж багтах ажээ. Монголчууд олон тооны зүйлийг мянга, түм, бум хэмээн ярьдаг учраас ийнхүү нэрлэгдсэн байдаг. Хожим 1958 онд Монголын уран сайханы “Гурван найз” киноны зураг авалтын нэг хэсгийг тус агуйг ашиглан хийсэн учраас Гурван найзын агуйхэмээгдэх болжээ. Тус кинонд энэхүү агуйд 2 хулгайч орогнон, эртний алт шармал бурхан тахил гэх мэт соёлын үнэт зүйл авчирч нууж байсныг нэг ангийн сурагч найзууд илрүүлэн цагдаагийн байгууллагад мэдэгдэж буй үйл явдал гардаг билээ. Эдүгээ агуйн орчин нэлээд бохирджээ. Нөгөөх л бие засах газар олддоггүйгээс үүдэн агуйд орж нуугдан бие засаж орохын арга байхгүй бохирдуулан, элдэв муухай үнэр танартай болгосон нь харамсалтай юм.

АРЪЯАБАЛЫН СҮМ: Тус сүмийг бясалгалын сүм гэх агаад 1998-2004 онд барьж дуусгажээ. Сүм байгаа газрыг Түвдийн нэгэн лам шинжиж “энэ газар рашаан булгийн ундаргатай, байгалийн энергитэй газар учраас сүм хийд

байгуулахад тохиромжтой юм байна” хэмээсэн гэдэг. Уулын чулуу засаад, сүмийн үүд хүртэл 108 + 8давхар чулуун шатыг хийсэн ба шатаар өгсөх бүрт“Ум мани бадми хум” хэмээн хэлж өгсвөл санаандгүй үйлдсэн нүгэл нэг нэгээрээ хорогдоно гэж үздэг. Хүмүүний үйлдэх нүгэл 108 янз байдаг гэнэ, хүний арьс тоо томшгүй олон нүхтэй боловч тэр дунд муу энергийг сорж байдаг 108 нүх бий, тэдгээр 108 нүхийг таглах гэж 108 эрих бий болсон гэж тайлбарлах нь бий. 8 гэдэг нь хүний урьдын амьдралын 8 харанхуй орчлон байдаг ба түүнээс эхлээд ангижрах ёстой ажээ. Сүмийг тойруулан 108 жижиг суварга, шашны 8 тахил, хангагч эрдэнэ, соёмбо зэрэг бэлгэдлээр чимэглэсэн төмөр хашаагаар хүрээлжээ. Сүмийн байшинг тойрсон 108 хүрдийг эргүүлж гороолоход “Ум мани бадми хум” тарни олон дахин уншигдсантай тэнцэнэ хэмээнэ.

Аръяабал гэдэг нь Жанрайсиг бурханы санскрит нэр бөгөөд монголоорЧандмань эрдэнэ, лянхуа цэцэг баригчхэмээнэ. Төвдөөр Жэнрэзиг гэх агаад “жэн-мэлмий, рэ-тасралтгүй, зиг-харах”буюу Мэлмийгээр болгоогч хэмээнэ. Аръяабал бурхан нь хамаг амьтны залбирлыг сонсож, зовлонгоос аврах тангараг тавьжээ. Бурхан багш ийм тангарагтай бодьсадва нарыг миний нэгэн адил тахиж дээдэл хэмээн сургажээ. Аръяабал бурхан буюу Жанрайсиг бурханд 6 үлэмж чанар байх агаад тэр нь агуу их нигүүлсэл, агуу их хайр, арслангийн зориг зүрх, хорвоог гийгүүлэгч гэрэл, тэнгэр бурхадын манлай, хаа сайгүй орших увидас болно. Түүний энэ хамаг амьтныг аврах гэж зүдэрч байгааг нь харсан Авид бурхан түүнд 1000 мутар хайрласан гэдэг. Нэгэн домогт, Аръяабал бурхан чармайн зүтгэвч зовлонт амьтад тоолшгүй олон хэвээр байсаар байжээ. Тэдгээр олон амьтны зовлонг гэтэлгэх гэж,  аврал эрсэн амьтан бүрт хүрч туслах гэж зүдэрснээс тэргүүн нь 11 хэсэг болж хуваагдан, хоёр мутар нь хэдэн хэсэг болж салжээ. Тийм учраас Жанрайсиг бурханыг “8 аюулаас аврагч”, “4 аюулаас аврагч” хэмээн нэрлэж найман мутар, дөрвөн мутар зэрэгтэйгээр дүрсэлдэг. Жанрайсиг бурхан нь мэлмийгээр болгоогч бурхан учраас эх болсон зургаан зүйлийн амьтан ямар нь яаж зовж байгааг өөрийн мэлмийгээрээ бүлтийтэл харж байдаг гэсэн домогтой. Аръяабалбурханы зүрхэн тарни болУм ма ни бад ми хум юм.

Аръяабал сүмийн зүүнтээ уулын энгэрт Маанийн 6 үсгийг өнгө алаглуулан сийлсэн байдаг. Сүмийн байшинг тойруулан дээврийн доод хэсэгт 3 ертөнц буюу тэнгэрийн орон, хүмүүний ертөнц, тамын ертөнцийн дүрслэл бий. Сүмийн дотор талд 8 мутарт Аръяабал буюу Жанрайсиг бурхан хойморт нь бурхан багшийн хамтаар залардаг. Хажуу 2 талд нь Чагши Жанрайсиг, Оюун ухааны Манзушир, Монголыг хамгаалах сахиус Очирваань, Ногоон дарь эх, Шарын шашны үндэслэгч Богд Зонхов, анагаагч Оточ Манал бурхадын хөрөг, Ганжуур Данжуур судруудыг байрлуулж, 2 талын ханаар Бурхан багшийн бясалгалын 16 шавь Найдан жүдэгийн хөрөг байрлуулж намтар түүхийг нь танилцуулсан байдаг. Хаалганы хоёр талын хананд сүм хийдийг хамгаалан орших Махранзын 4 бурханы хөрөг залжээ.

Сүмийн баруун хойхно талд жаахан зайтай Мял богдын агуй гэж байдаг ба арын уулын том хадыг ашиглан өмнө талд нь жижиг сүмийн байшин барьж тохижуулжээ. Мял богд гэдэг нь Түвдийн Гүнтан нутагт төрсөн бөгөөд 7 настайдаа эцгээсээ өнчирч охин дүү эхийн хамт үлджээ. Шунахай сэтгэлт авга ах нь хамаг эд хөрөнгийг нь аваад зогсохгүй эхийг нь эхнэрээ болгох гэжээ. Эд хөрөнгө, гэр орон, мал ахуй, тариан талбайгаа авга ахдаа булаалгасанд ихэд өширхсөн байсан бөгөөд эхийн ятгалгаар Мял хүү 15 настайдаа Үй зангийн оронд очиж  хараалын увидаст суралцжээ. Улмаар авга ахаасаа хэрцгийгээр өш хонзон авч, 35 хүний амийг хараалын хүчээр авснаар маш том нүгэлд унаж бие сэтгэлийн зовлонд эдэлсэн гэдэг. Хийсэн нүглээ цайруулахын тулд Нимава буюу улааны шашны зогчэн ёсыг судалсан боловч нэмэр болсонгүй гэнэ. 38 настайдаа Марба ламтантай учирч түүнийг бишрэн дагажээ. Түүний хилэнц нүгэлийг арилгаж, дээд сургааль хүртэх оюун санааны бэлтгэлийг хангах үүднээс 6 жилийн турш байшин бариулж, эргүүлж нураалгах ажил хийлгэх зэргээр хүнд хүчир сорилтонд оруулжээ. Эцэст нь 9 давхар цамхагийг ганцаараа барьж, бүх бие нь турж эцэншарх сорвиор дүүрсэн гэдэг. Ингэж зовсны эцэст бурханы авшиг хүртэн Марба ламтны хамтаар ууланд гарч зөвхөн халгай өвсөөр зоог хийн бясалгал хийснээр 9 жилийн дараа бурханлаг мөн чанарыг олжээ.

Мял богдын агуйн баруун дээд талд уулын энгэрт бурхадыг хөрөглөн зурсан байдаг. Баруун дээд талаас Жанрайсиг бурханд 1000 мутар хайрласан шар лагшинтай Авид гэгээн, хүн ардыг аюулаас авран мэлмийгээр болгоогч цагаан лагшинтай Чагши Жанрайсиг, буддын шашны үндэслэгч шар лагшинтай Бурхан багш, монголчуудын язгуурын 3 бурханы нэг шар лагшинтай Оюун ухааны Манзушир, Монголыг даасан сахиус хөх лагшинтай Очирваань бурхадын хөрөг бий.


Аръяабал сүмийн гадна хашааны үүдэнд тасалбар худалдах цэг бий. Гадаад иргэн 2000 төгрөг, дотоод иргэн 1000 төгрөгийн тасалбараар нэвтэрнэ. Явган хүний зам дагуу бурхан багшийн сургааль номлолоос иш татсан самбарууд байрлуулжээ.
Дээш өгссөн замын төгсгөлд тус хийдийн гэрэлт хөшөөг мэлхий чулууны нуруун дээр байгуулаад, доод талд нь Цагаан өвгөний дүрийг залсан байдаг. Цаана нь Хүрдний асар байх ба асарын таазанд 150 хүртэл тоо бүхий сум заасан тэмдэглэгээ бий, хүрдийг эргүүлэхэд сумны үзүүр ямар нэгэн тоон дээр зогсох ба тухайн өдрийн зурхайг зааж байдаг. Заасан тооны тайллыг Аръяабал сүм рүү явах хөндлөн зам дагуух самбар дээрээс харж уншина. Хүрдний цаана бурхан багшийг дагуул 2 шавь буюу Модголжибу, Шаарибутай хамт бүтээн залжээ.


ХАРДАГ ХАД: УБ хотоос 82 км зайд, Горхи Тэрэлжийн бүсийн Туул голын хөндий, Ар Өгөөмөрийн зоо хэмээх газарт байдаг байгалийн үзэсгэлэнт газар. Уулсын дундах хотгор дотор байх толгойн орой дээр тогтсон өвөрмөц хадан тогтоц юм. Эргэн тойрондоо уулын бэл хормойн налуу хажуу, хөндийгээр хүрээлэгдсэн, сийрэгхэн ой мод, жижиг горхи булаг, намгархаг нуга гээд аялагчдын сэтгэлийг татахаар нам гүм сайхан газар бөгөөд ихэвчлэн морин аялал хийж очдог. УБ 2 зочид буудлын тэндээс талдаа 1.30 минут явж хүрдэг. Энэхүү Хардаг хадны эргэн тойронд “Аравт” киноны зураг авалтыг хийжээ.

ЧИНГИС УУЛ:
Урд хошуу нь битүү бүрхсэн хад чулуутай байдаг нь алсаас харахад хуяг дуулга агссан баатар цэргүүд нь хүрээлэн зогссон мэт. Чингис уул нь Тэрэлжийн бүс нутагт үргэлжлэх Хэнтийн нурууны баруун урд хэсгийн уул боловч бусдаасаа тасарч сондгойрон орших нь сонирхолтой. Уулын орой дээрээс эргэн тойрон сүрдэм сайхан байгалийн үзэмж тодрон харагдах бөгөөд оройд нь гарсан хэн хүний хийморь лундаа тэнгэрт нисэн дүүлсэн мэт бахдам санагддаг. Домгоор бол, Чингис хаан баруун зүг аян дайн хийхээр явах замдаа энэ уулын бэлд цэргээ түр буудаллахыг зарлиглаж өөрөө уулын орой өөд авирч гарсан гэдэг. Орой дээр нь нэгэн дөрвөлжин чулуу байх бөгөөд түүн дээр залран сууж эргэн тойрноо хараа бэлчээн ажиглан суугаад зүүнтээ орших уулын нэгэн хадыг олж харжээ. Чингис хаан өөрийн цэц мэргэнийг шалган тэр хад руу сум тавьсан гэдэг. Харвасан сум нь очиж оносон газрыг Чингисийн сумны ор гэх болж, суусан чулууг нь Чингисийн суудал гэж нэрлэжээ.

БОЛОРЫН АГУЙ: Монгол орны хамгийн том болор олборлож байсан газар. Горхийн уулс их болортой нь дээр үеэс мэдэгдсэн бөгөөд 1880-аад оноос Америк, Герман, Хятадууд энгийн аргаар болор малтан авч ашиглаж байжээ. 1950-иад онд энд болорын уурхай байгуулж жилд олон тонн усан, утаат, ягаан болор,  молор зэргийг олборлож байв. 1960 оноос газрын гүнээс усны түрэлт их байсан учраас олборлох ажлыг зогсоожээ. 1960 онд эндээс 7.5 тн жинтэй болорын том талст олдсоныг нийслэлийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн асрын өмнө тавьж олонд сонирхуулж байсан түүхтэй. Байгалийн түүхийн музей дэх том том утаат болон усан болорын талстууд нь Горхи Тэрэлжийн бүс нутгаас олдсон байдаг.  Эдүгээ Горхины ам өгсөөд 2-3 агуй үлдсэн байдаг ба болор олборлохоор ухаж байсан газрын ор мөрүүд үлдсэн байдаг. Тэдгээр нь  ёроолдоо устай байх ба зуны улиралд доош бууж орох боломжтой байдаг. Эргэн тойронд нь болорын хэлтэрхийнүүд олддог бөгөөд жуулчид олсон олзондоо тун их баярладаг.


ГҮНЖИЙН СҮМ: УБ 2 зочид буудлаас зүүн тийш Баянгийн талаар гарч 37км зам туулан Хан Хэнтийн дархан цаазат газарт байх Гүнжийн сүмийн тууринд хүрдэг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн нарс модон ойд Манж Чин улсын гүнжид зориулан босгосон сүмийн үлдэгдэл байдаг. 1699 онд Манж Чин улсын хааны гүнж Монголын язгуур угсаат Дондовдоржийн хатнаар өргөмжлөгдөн Халхын нутагт хүрч иржээ. Тухайн үед Монголын угсаа гарвалтай язгууртнуудад Манжийн хаанаас гүнж шагнаж хатнаар ирүүлдэг байсан ба манж гүнжтэй суусан монгол ноёныг “эфү” гэдэг байжээ. Манж гүнж нар монголын ноёнд хатан болж ирээд орд өргөөнд болж байгаа бүхнийг Манж руу элч илгээн мэдээлэх үүрэгтэй байсан гэдэг. Энэхүү “Хичээнгүй амирлангуй” өргөмжлөлт гүнж 1740 онд нас барахдаа “Миний бие монгол хүнтэй ханилан сууж хамаг насыг барсан тул аль хэдийнээ монгол хүн болсон билээ. Тийм учраас намайг Монгол газар шороонд оршуулаарай” хэмээн гэрээсэлжээ. Гүнжийг харгалзан хамгаалахаар Манжаас хамт ирсэн Сөнчин отгийн хүмүүс үе улиран түүний булш байгаа газрыг хамгаалсаар 1930-аад он хүргэжээ.

1948-1949 онд Гүнжийн онгонд малтлага судалгаа явуулах үед аль хэдийнэ хулгайч тонуулчдын гарт өртчихсөн байжээ. Онгоны үлдэгдэл үндсэн зургаан хэсгээс бүрдэх бөгөөд тэдгээр нь чулуун дурсгал, булшийг хамгаалсан байгууламж, Богд хаалга, хэрмэн хана, онгон, булшны газар зэрэг юм. Гадуур хэрмэн хананы өндөр 2.5 метр,  нийт талбай нь 4900 метр.кв. Хэрмийн өмнө талд өргөн нь 6 метр, хэд хэдэн баганаас бүтсэн Богд хаалга байжээ. Онгоныг эл хаалганы ойролцоо барьж, хааш хаашаа тэг дөрвөлжин хэлбэртэй хойноос урагш нэвт гарах зам зассан байжээ. Судалгааны явцад онгоны өмнө талд, газар доор гантиг чулуун барилга байгаа нь тодорхой болж, 3-4 метр гүнд чулуугаар хийсэн шал, 8 давхар тоосгоор нум шиг хэлбэртэй өрсөн хана, зандан модоор хийсэн авс зэргийг илрүүлжээ. Шилмүүст модны давирхайгаар будаж, есөн давхар торгоор ороосон эл авсыг онгойлгох үед дотор нь цогцос гэхээр юу ч үлдээгүй байв. Нутгийн хөгшдийн яриагаар бол зандан модон авсан дотор алт, мөнгөөр хийсэн хүн болон таван хошуу малын дүрснүүд, сийлбэртэй эрдэнийн чулуунуудыг цогцсын хамт хийж, гадна талыг алтаар хучсан гэнэ. Судалгааны үед гүнжийн булш байсан газрын баруун талаас өөр нэг булш олсон бөгөөд тарган эрэгтэй хүн завилж суусан чигээрээ оршуулагдсан байв. Эл цогцос хөлдсөн байсан учраас саяхан нас барсан хүн шиг байсны зэрэгцээ дэргэд нь тоглоомон хэлбэрээр урласан сүх, хөрөө, алх, цүүц, хүрз зэрэг багажууд хийсэн байжээ. Гүнжийн онгоны бас нэг үлдэгдэл бол өмнө зүг рүү хүзүүгээ сунгасан боржин чулуун мэлхий байдаг.

Хичээнгүй амирлангуй гүнж нь Манж руу огт мэдээ дамжуулдаггүй байсан ба Дондовдорж ноёнд чин сэтгэлээсээ дурлан сууж монгол эхнэр хүний эрдэм оюун, ёс журмыг чанд даган сахиж “Өглөө эрт босож, шөнө орой унтаж, хоолны дэглэм барихаас гадна гэрийн дэг жаягийг ёсчлон хүндэтгэж байсан” хэмээн судлаачид тэмдэглэн үлдээжээ. Нөхөр болох Түшээт хан Дондовдорж нь Абтай сайн ханы үр ач бөгөөд сайхан төрсөн эр хүн төдийгүй эрдэм номд боловсорсон, шүлэг яруу найрагт дуртай хүн байсан хэмээн яригддаг. Манж Чин улсын гүнж болон Дондовдорж ханаас Хаживдорж, Ринчэндорж, Гэжайдорж нарын 7 хөвгүүнээс гадна нэг охин төржээ. Эфү Дондовдоржийн бага хатнаас төрсөн охин нь Хотогойдын Баярт гүний хатан болж, тэр хоёрын дундаас төрсөн хүү нь Монголын хоёрдугаар Богдод өргөмжлөгдөж байжээ. Чин улсын гүнж монгол ноёнд хатан болж ирээд хэцүү бэрх амьдралыг туулсан боловч монгол хүнийг хайрлан амьдарч нөхөртөө үнэнч байсан учир монголчуудын дунд магтагдан үлдээжээ.

Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах"