4. БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОР ГАЗАР

ДАРЬГАНГА

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс 12 километрт  орших салхины нүүдлээс үүссэн хурмал элсэнд хаагдаж тогтсон нэгэн нуур байх бөгөөд түүнийг Ганга нуур гэдэг.  Ганга нуур нь 4 ам километр талбайтай нуур бөгөөд Ганга гэдэг нь үүрд ширгэшгүй ундран оргилдог мөнх гэсэн утгатай үг ажээ. Ганга нууранд Монголын улаан номд ордог гангар хун, цэн тогоруу гэх мэт нэн ховор шувууд ирж зусдаг. Жил бүрийн намар хун шувууд олон зуугаараа нисэн ирж ганганан чуулдаг учраас Ганга нуурын 1000 хунгийн чуулган гэж алдаршсан юм. Ганга нуурыг усыг 21 булаг тэтгэн тэжээдэг бөгөөд тэдний гол амин судас нь Дагшин оргихын булаг билээ. Нуурын зүүн хойно 50 метр зайд газрын гүнээс тунгалаг устай хүйтэн булаг оргилон гардгийг Оргихын булаг гэж нэрлэдэг. Нарийн ширхэгтэй элсний доороос даргилан буцалж байгаа юм шиг оргилон гарах бөгөөд чангаар дуугарах тусам улам ихээр элс бужигнан оргилдог онцлогтой билээ.

Ганга нуурын ойролцоо төрийн тахилгат Алтан-Овоо, Молцог элс зэрэг байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой газруудыг хамгаалах зорилгоор 2004 онд УИХ-ын 22 дугаар тогтоолоор  улсын тусгай хамгаалалтанд авсан. Ганга нуур нь талбай бага хэдий ч цэнгэг устайн дээр өвөрмөц бичил уур амьсгалыг бүрдүүлдэг. Энэхүү нутаг нь бүхэлдээ тэгш өндөрлөгт хамаарах бөгөөд дунджаар далайн төвшнөөс дээш 1300 метр орчим өргөгдсөн элсэн тарамцаг бүхий тал газар юм. Хамгийн өндөр цэг нь Гангын цагаан овоо бөгөөд далайн төвшнөөс дээш 1530 метр. Цогцолборт газрын нутаг дэвсгэрийн 90% нь хуримтлалын гаралтай элсэн тарамцаг юм. Энэхүү элсэн тарамцаг нь Молцог элс, Овоон элс, Холбоогийн баруун элс гэсэн гурван хэсгээс  тогтоно. Эдгээр элсэнд хаагдаж тогтсон нуур тойром, цөөн тооны горхи булаг бий. Тус газар нутгийг шинэ төрмөлийн эриний галт уулын муж дахь гүнзгий хагарал дайрч гардаг. Хүрэн, хар хүрэн, нугын хөрс тархсан.

Ургамалжилтын хувьд тал хээрийн, хуурай хээрийн, нугын, цөлөрхөг хээрийн ургамал зонхилно. Дагуур огдой, тарвага, дагуурын зурам, орог зусаг, дорнодын шигнүүхэй, хэргэлзэй оготно, хярс зэрэг амьтадтай. Тоодог, тогоруу, ногтруу, улаан хошуут жунгаа, шар шувуу, болжмор, алаг шаазгай, тас, бүргэд зэрэг шувууд бий. Ганга нуур, Улаан нуур, Дуут нуур зэрэгт намар болохоор гангар хун хэдэн мянгаараа цуглан чуулдаг онцлогтой.

Алтан-Овоо нь 1354 метр өндөр унтарсан галт уул бөгөөд уулын шовгор хэлбэр нь эвдрээгүй үлдсэн, хүрмэн чулуу ихтэй, амсар нь баруун хойшоо сэтэрч гарсан байдаг. Алтан-Овоог бүр 1700-аад оноос нутгийн тахилгатай, 1913 оноос төрийн их тахилгатай болгосон билээ.  

  • ТОО
    0
    0
    0