• Зургийг С.Бадамханд
    ОНОН БАЛЖ
    Хэнтий, Дорнод аймгийн зааг нутгууд
  • Зургийг Б.Баяр
    ХӨГНӨ ТАРНА
    Төв, Өвөрхангай, Булган аймгийн хилийн зааг нутгууд
  • Зургийг Д.Батболд
    МЯНГАН УГАЛЗАТ УУЛ
    Ховд аймгийн Цэцэг сум
  • Зургийг Б.Мөнхтуг
    ОРХОН ГОЛЫН ХӨНДИЙ
    Өвөрхангай, Архангай аймгийн зааг нутгууд
  • Зургийг Б.Баяр
    МӨНХХАЙРХАН УУЛ
    Баян-Өлгий аймгийн Булган, Ховд аймгийн Мөнххайрхан сумын зааг
  • ХАР-УС НУУР
    Ховд аймгийн Буянт, Мянгад сумын нутгууд
  • Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сум
    ТУЖИЙН НАРС
    Зургийг Ч.Буянбадрах
  • Архангай аймаг
    ТЭРХИЙН ЦАГААН НУУР
    Тариат сум
  • Увс аймгийн Зүүнхангай, Өвөрхангай, Цагаанхайрхан сум
    ХАН ХӨХИЙН НУРУУ
    Зургийг Б.Баяр
  • Архангай, Тариат сум
    ХОРГО УУЛ
    Зургийг Ч.Батзаяа
  • Өмнөговь
    ЁЛЫН АМ
    Говь гурван сайхан, Зүүнсайхан уул
  • Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр сум
    ХӨВСГӨЛ НУУР
    Зургийг Ч.Буянбадрах

4. БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОР ГАЗАР

МЯНГАН УГАЛЗАТ

Монгол Алтайн нурууны нэгэн салбар бөгөөд энэ нуруунд аргаль угалзын сүрэг олноороо амьдарч байсан учраас ийнхүү нэрлэжээ. Ховд аймгийн Цэцэг сумын нутагт орших энэхүү нуруу нь Алтайн аргалийн тархалтын цөм нутаг байсан бөгөөд ховор ургамал амьтан ихтэй, байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар нутаг учраас 2002 онд УИХ-ын 39 дүээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан. Мянган угалзатын нуруу нь Монгол Алтайн нурууны хойд хэсэгт эргэн тойрон хотгороор хүрээлэгдэн өндөр уулын хуурай бүсэд оршдог. Их мянган угалзат, Бага мянган угалзат, Асган уул зэрэг хэд хэдэн томоохон уулсаас бүрдсэн том нуруу юм. Уул нуруудын оргилууд нь шовхдуу байх ба орой хяр нь ерөнхийдөө хавтгайдуу бөмбөгөр хэлбэртэй, эртний тэгшрэлийн шаталсан гадаргатай байх нь цөөнгүй. Өндөр уулын хээрийн бүдүүн ялзмагт хөрс тархсан байдаг.

Алтайн сонгино, ягаан мүгэз, вансэмбэрүү зэрэг ховор ургамал, хөмүүл, тошлой, мөөг, хар хад зэрэг цайны ургамал, зээргэнэ, эмгээлж, ягаан башига, сибир гандага, барагшун зэрэг эмийн ургамалтай. Монгол лусын Улаан номонд орсон хонин арц, тэмээн харгана бий. Мянган угалзатын нуруунд ирвэс, алтайн аргаль, нохой зээх, буга, янгир, Алтайн хойлог зэрэг дэлхийд ховордсон амьтан, жигүүртэн бий.

Домогт өгүүлснээр, Эрт цагт Мянган угалзатын нуруунд аргаль хонь байдаггүй байв. Тарвага, зурамханаар гол зогоон амьдардаг нэгэн ядуу анчин бяцхан хүүгээ дагуулан уулнаа ирээд удаан гөрөөлсөн боловч ямар ч ан агнаж эс чадав гэнэ. Өдөржин явж ядарсан аав хүү хоёр нэгэн жижиг горхины дэргэд ирж амны цангаагаа тайлж түр амран суутал хүү нь “Аав аа, өнөөдөр бидэн хоёрт энэ уул хишиг хайрласангүй, хоосон хонох нь дээ” хэмээгээд санаа алдав. Аав нь өлссөн хүүгээ хараад өрөвдсөн боловч “Алтайн уулсын хишгийг бид хоёр зөндөө л хүртсэн, заавал өдөр бүр хүртэх албагүй шүү дээ, миний хүү” гэжээ.

Хүү нь өөрийн энэ нутгаа “ан гөрөө элбэг бус газар юм, тарвага зурамнаас өөр амьтан даанч үгүй юм даа” хэмээн бодох зуур холгүйхэн нэгэн аргалын бор хурга ундаалж буйг гэнэт олж үзэв. Аргалын хурга айж цочилгүйгээр уснаас ханатлаа уугаад унтаад өгчээ. Хүү нь баярлан гүйж очоод аргалын хургыг барьж аваад “аав аа, өнөөдөр том хишиг хайрлалаа, энэ хөөрхөн амьтныг юу гэдэг юм бэ” гэж асуув. Аав нь төөрсөн аргалын хурга бололтой. Яг чам шиг нялх амьтан байна, эхээс нь хагацааж болохгүй, тавьчих” хэмээн хүүгээ ятгажээ. Тавьж явуулах зуурт “энэ нутагт идээшин дасаж мянга болох болтугай” хэмээн ерөөсөнд хөвүүн араас нь “мянга болох болтугай” хэмээн хашгирчээ. Аргалын хурга эргэн харснаа уулын орой руу дэгдэн одов. Аав хүү хоёр гэдэс өлссөн, ан хийж чадалгүй буцсан ч сэтгэл өөдрөг байв. Тэр цагаас хойш ерөөл биелж энэ уул аргаль угалзаар баян болж хаа сайгүй аргаль хонь сүрэглэх болсон тул “Мянган угалзатын нуруу” хэмээн нэрлэх болжээ. Аав хүү хоёрын ч амьдрал дээшилж амгалан сайхан аж төрөх болсон гэдэг.