4. БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОР ГАЗАР

НОЁН ХАНГАЙ

Архангай аймгийн Хангай сумын нутагт орших Ноёнхангай уул нь байгалийн өвөрмөц тогтоцтой бөгөөд нутгийн ард түмэн эрт дээр үеэс шүтэж ирсэн. Энэ нутгийг 1998 онд УИХ-ын 28 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан.  Хангайн нурууны салбар уулсын нэг бөгөөд баруун хойшоо хэвгий байрлалтай, бага хэмжээний мөнх цастай, хойд талаараа Түмэнсант, Дашдаваг түүний салбар уулсаар хүрээлэгдсэн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт уул юм. Боржин хад, том том үхэр чулуун хад асгатай бөгөөд асган дороос ундрах 10 гаруй булаг шандтай. Эдгээр булгууд нь эмчилгээний шинж чанартай гэдэг.

Вансэмбэрүү, бэрээмэг, өлчир дэгд, эрээн гомбо, цагаан түрүү, алтан гагнуур, арц, даль зэрэг эмийн ургамал элбэг байхын зэрэгцээ тошлой, нэрс, үхрийн нүд, нохойн хошуу, зэрлэг сонгиноор баялаг. Ууланд хуш бүхий шинэсэн ой голлон тархана. Зэрлэг гахай, халиун буга, бор гөрөөс байхаас гадна хааяа аргаль угалз, янгир, ёл, хойлог тааралддаг байна.

  • ТОО
    0
    0
    0