АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГЫН АНГИЛАЛ ТОГТООХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжид ангилал тогтооход энэхүү журмыг мөрдөнө.
1.2.Ангиллыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн бус захиргааны төв байгууллага (Монголын Аялал Жуулчлалын Холбоо) тогтооно.
1.3.Аялал жуулчлалын үйл ажиллагаанд:
1.3.1.Гадаад орноос жуулчин хүлээн авах, гадаад орон руу жуулчин илгээх буюу олон улсын аялал жуулчлалын үйл ажиллагаа (international)
1.3.2.Гадаад орноос жуулчин хүлээн авах үйл ажиллагаа (inbound)
1.3.3.Гадаад орон руу жуулчин илгээх үйл ажиллагаа (outbound)
1.3.4.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Монгол Улсын иргэд болон байнга ба түр оршин сууж буй гадаадын иргэдийг аялуулах (domestic) үйл ажиллагааг үзүүлэхтэй холбогдсон харилцаа хамаарна.
1.4.Ангилал тогтоолгосон аж ахуйн нэгжүүд нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас үзүүлж буй аливаа хөнгөлөлтөд хамрагдана.


Хоёр. Аялал жуулчлалын ажил үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл, ангиллын төрлүүд
2.1.Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага доорхи нөхцлийг хангасан байна. Үүнд:
2.1.1.Монгол Улсын хуулийн этгээд байх (аж ахуйн нэгж),
2.1.2.Үйл ажиллагаа явуулахад шаардагдах албан байр, олон улсын болон дотоодын холбоо мэдээллийн сүлжээнд холбогдсон утас, факс, вэб хуудас, электрон шуудан, компьютер, техник хэрэгслээр хангагдсан байх,
2.1.3.Аялал жуулчлалын мэргэжилтэй буюу тухайн мэргэжлээр ажилласан дадлага туршлагатай, мэргэшсэн, гадаад хэлний зохих мэдлэгтэй, удирдах болон гүйцэтгэх ажилтнуудтай байх,
2.1.4.Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаат байдлыг хангахад шаардагдах санхүү, эдийн засгийн чадавхитай байх

2.2.Аж ахуйн нэгж нь эрхлэх үйл ажиллагааны цар хүрээнээс хамааран тур-оператор (tour operator) болон тур агент (tour agent) гэсэн ерөнхий ангилалтай байх ба тур оператор нь үйл ажиллагааны онцлогоос хамааран олон улсын аялал жуулчлалын үйл ажиллагааг эрхлэх тур оператор (international tour operator), гадаад орноос жуулчин хүлээн авах тур оператор (inbound tour operator),  гадаад орон руу жуулчин илгээх тур оператор (outbound tour operator), дотоодын аялал жуулчлалын үйл ажиллагааг эрхлэх тур оператор (domestic tour operator)  гэсэн төрөлтэй байна.
2.2.1.Oлон улсын аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх тур оператор (international tour operator) нь гадаад орноос жуулчин хүлээн авах болон гадаад орон руу жуулчин илгээхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлэх ба дээрх чиглэлүүдээр дагнан 10-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан, аялал жуулчлалын  байгууллагад мэргэжлээрээ  5-аас доошгүй  жил  ажилласан  4-өөс дээш боловсон хүчинтэй байна.
2.2.2.Гадаад орноос жуулчин хүлээн авах тур оператор /inbound tour operator/ нь A, B, C гэсэн 3 зэрэглэлтэй байх ба Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, бүрдүүлэх, сурталчлах, багцаар болон хэсэгчлэн худалдах, аялал зохион байгуулах, тээврийн хэрэгслийн тийз, байр үзвэрийн захиалга, аяллын бичиг баримтын бүрдүүлэлт хийх, виз авахтай холбогдсон үйлчилгээ үзүүлнэ.
2.2.2.1.Inbound tour operator A нь аялал жуулчлалын чиглэлээр дагнан 10-аас дээш жил үйл ажиллагаа явуулсан, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан 3-аас цөөнгүй боловсон хүчинтэй байна.
2.2.2.2.Inbound tour operator B нь аялал жуулчлалын чиглэлээр дагнан 5-аас дээш жил үйл ажиллагаа явуулсан, мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан 3-аас цөөнгүй боловсон хүчинтэй байна.
2.2.2.3.Inbound tour operator C нь мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан 2-оос дээш боловсон хүчинтэй байна.

2.2.3.Гадаад орон руу жуулчин илгээх тур оператор (outbound tour operator) гадаад улс орнуудад аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг төлөвлөх, бүрдүүлэх, дотоодод сурталчлах, багц болон хэсэгчлэн худалдах, аялал зохион байгуулах, тээврийн хэрэгслийн тийз, байр үзвэрийн захиалга, аяллын бичиг баримтын бүрдүүлэлт, виз авахтай холбогдсон үйлчилгээ үзүүлнэ.
2.2.3.1.Гадаад орон руу жуулчин илгээх тур оператор (outbound tour operator) нь мэргэжлээрээ  2-оос доошгүй жил ажилласан  2-оос дээш боловсон хүчинтэй  байна.
2.2.4.Дотоодын аялал жуулчлалын үйл ажиллагааг эрхлэх тур оператор (domestic tour operator) нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгох, бүрдүүлэх, сурталчлах, багцаар болон хэсэгчлэн худалдах, аялал зохион байгуулах, тээврийн хэрэгслийн, байрны, үзвэрийн захиалга, аяллын бичиг баримтын бүрдүүлэлттэй холбогдсон үйлчилгээ үзүүлнэ.
2.2.5.Гадаад, дотоодын  аялал жуулчлалын үйл ажиллагааг зуучлагч  тур агент (tour agent) нь виз болон аяллын бичиг баримтын бүрдүүлэлт хийх, байр, хоол, унаа, үзвэрийн захиалга хийх, гадаад дотоодын тур операторын бүтээгдэхүүнийг гэрээний үндсэн дээр бүхэлд нь болон хэсэгчлэн зуучлан худалдаалахтай холбогдсон үйлчилгээ үзүүлнэ.

Гурав. Ангилал тогтоох
3.1. Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж нь зөвхө тухайн ангилалд заагдсан үйл ажиллагааг явуулна.
3.2.Шинээр аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн удирдах ажилтан, менежер нь мэргэжлийн чиглэл олгох сургалтанд хамрагдсан байна.
3.3. Аж ахуйн нэгж нь ангилал тогтоолгохдоо дараах бичиг баримтыг бүрдүүлэн Монголын Аялал Жуулчлалын Холбоонд ирүүлнэ. Үүнд:
3.3.1Ангилал тогтоолгох хүсэлт гаргасан албан тоот
3.3.2 Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3.3.3.Өмнөх жилд үйлчилсэн жуулчдын тоо, санхүү, эдийн засгийн үзүүлэлт  (үйл ажиллагаа явуулж  буй байгууллагуудын тухайд)
3.3.4.Үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө
3.3.5.Аялал жуулчлалын мэргэжлийн боловсон хүчний талаархи мэдээлэл, диплом, сертификатны хуулбар, хөдөлмөрийн гэрээ
3.3.6.Ажлын байрны түрээсийн гэрээ эсвэл өөрийн өмчийн ажлын байр бол, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар
3.3.7Бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаат байдлыг хангах, жуулчдын эрх ашгийг хамгаалах үүднээс жуулчинтай байгуулах гэрээний төсөл (outbound tour operator-т хамаарна)
3.3.8 Аяллын хөтөлбөр, багц үнийн судалгаа (outbound tour operator-т  хамаарна)
3.3.9 Даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан байх (outbound tour operator-т хамаарна)

3.4.Орон нутагт харъяалалтай аж ахуйн нэгж нь дээрхи бичиг баримтыг бүрдүүлэн тухайн аймгийн ЗДТГ-ын аялал жуулчлал хариуцсан нэгж (ажилтан)-ийн гаргасан дүгнэлтийн хамт Монголын Аялал Жуулчлалын Холбоонд ирүүлнэ.
3.5.Монголын Аялал Жуулчлалын Холбоо нь тухайн байгууллагын хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 хоногт багтаан асуудлыг шийдвэрлэнэ. Хэрэв ирүүлсэн материал шаардлага хангахгүй бол дахин тодруулах буюу нэмэгдэл материал гаргуулахаар хүсэлт гаргагчид буцаана.
3.6.Аж ахуйн нэгж нь өөрийн авсан ангиллаас гадна бусад ангиллын шаардлагыг хангаж байвал 2 болон түүнээс дээш ангиллын гэрчилгээ авч болно.
3.7.Хэрэв аж ахуйн нэгж нь аль нэг ангиллын шаардлагыг хангаагүй гэж Холбоо үзвэл ангилал тогтоохоос татгалзсан үндэслэлийг зааж хариуг албан бичгээр хүргүүлнэ.
3.8.Зэрэглэл тогтоохтой холбогдон гарах зардлыг аж ахуйн нэгж байгууллага өөрсдөө хариуцна.
3.9.Ангилал тогтоосны баталгаа болгож Монголын аялал Жуулчлалын Холбооноос гэрчилгээ олгоно. Гэрчилгээг нэг жилийн хугацаатай олгох ба гэрчилгээнд ангилал олгосон он, сар, өдөр, бүртгэлийн дугаарыг тусгана.
3.10.Ангиллын гэрчилгээг бусдад шилжүүлэх, засварлахыг хориглоно.

Дөрөв. Ангилалд өөрчлөлт оруулах, ангиллын гэрчилгээг сунгах, хүчингүй болгох тухай
4.1.Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж нь үйл ажиллагааны чиглэлээ өөрчилсөн тохиолдолд ангилалаа шинэчлэн тогтоолгох талаар Монголын Аялал Жуулчлалын Холбоонд хүсэлт гаргана. Ангилал өөрчлөх үйл явц нь шинээр ангилал авахтай ижил журмаар явагдана.
4.2.Аж ахуйн нэгж нь ангиллын гэрчилгээгээ сунгуулахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
4.2.1 Хүсэлт гаргасан албан тоот
4.2.2.Өмнөх онд үйлчилсэн жуулчдын тоо, санхүү, эдийн засгийн үзүүлэлт
4.3.Аж ахуйн нэгж нь дараах зөрчил гаргасан тохиолдолд Монголын Аялал Жуулчлалын Холбоо ангилалын гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй. Үүнд:
- Аж ахуйн нэгж татан буугдсан
- Тухайн ангилалд нийцээгүй үйл ажиллагаа явуулсан
- Өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас жуулчдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулсан эсвэл уг байгууллагын талаар жуулчдаас удаа дараа гомдол гаргасан нь зохих мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр нотлогдсон
- Ангиллын гэрчилгээний хугацаа дууссанаас хойш 3 сарын дотор сунгуулаагүй
- Ангиллыг хүчингүй болгох тухай шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Тав. Хариуцлага
5.1.Ангилал тогтоолгосон аж ахуйн нэгж нь үйл ажиллагаагаа хэрхэн явуулж байгаад мэргэжлийн хяналтын улсын байцаагч хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдалд Монгол Улсын Аялал жуулчлалын тухай болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.