УСАН ЗАМЫН АЯЛАЛ

Тусгай сонирхлын аялал жуулчлалын нэг төрөл болох усан аялал нь дэлхийн улс орнуудад маш хурдацтай хөгжиж байгаатай уялдан тодорхой ойлголтууд үүсэж завины шинж чанараас хамааран хэд хэдэн ангилалд хуваагддаг болсон байна.  Мөн дэлхийн улс орнууд усан аялал, усан спортыг хөгжүүлэхдээ гол мөрөн, нуурыг хүртэл хэд хэдэн зэрэглэлд хуваасан ба урсгалын байдал, бартаа, боргио, эргүүлэг зэргийг харгалзан зэрэглэлийг тогтоожээ. Түүний нэгэн адил Монгол орны гол мөрний усыг судалж усан аяллын зэрэглэлийг 5 төрлөөр ангилсан байдаг.

Дөлгөөн урсгалтай, тогтуун гол буюу Хэрлэн, Сэлэнгэ, Орхон, Туул голуудын дунд ба адаг хэсэг, Завхан голын адаг хэсэг зэрэг дөлгөөн тогтуун зөөлөн урсгал бүхийг I ба II зэрэглэлд багтаадаг. I ба II зэрэглэлийн гол мөрнөөр дотоодын аялагчид, гадаадын жуулчид, усан аялал сонирхогчид, эхлэн суралцагчид мэргэжлийн хүмүүсийн удирдлага дор аялахад тохирно.  

Чулуулаг, эргүүлэг тойруулга ихтэй, уулын ширүүн урсгалтай, харгиа боргио ихтэй Идэр, Эг, Хараа, Ерөө, Дэлгэр бүхий гол мөрнүүд, давалгаатай нуурууд, том том хад чулуутай Богд, Суман, Ховд, Булган гол, завины залах ур чадвар шаарддаг Онги, Байдраг, Эгийн голын дунд хэсгүүд, давалгаа ихтэй нуурын адаг хэсгүүдийг III ба VI зэрэглэлд багтаадаг. Энэ зэрэглэлийн гол, мөрнөөр спорт аяллынхан, мэргэжлийн тамирчид аялна.

Харин Y зэрэглэлд Хөвсгөл нуурын хүчтэй урсгал, үертэй, догшин урсгалтай Чулуут, Ховд, Орхон, Туул, Завхан голуудын эхэн хэсгүүд, харгиа боргио ихтэй Увсын Түргэн, Үенч, Бодонч голууд, бартаа бүхий уулын гол мөрнүүдийн хэсгийг оруулдаг.

Нууруудын аялал жуулчлалын ач холбогдлыг тогтоохдоо нуурын гарал үүсэл буюу техтоникийн, галт уулын, мөстлөг, цэвдэг гэх мэт байдлын үндсэн дээр тогтоодог. Хөвсгөл, Увс, Ачит, Дархадын цагаан нуур, Тэрхийн цагаан, Найман нуур, Ганга, Ширээ, Хотон, Хоргон, Даян, Толбо зэрэг байгалийн үзэсгэлэнтэй өвөрмөц тогтоцтой нууранд спорт агнуур, усан аялал зохион байгуулах боломжтой. Галт уулын тогтоцоор үүссэн өвөрмөц бүтэцтэй нууруудад спорт агнуур, эмчилгээ сувиллын аяллуудыг зохион байгуулахад тохиромжтой бөгөөд үүнд Бөөн цагаан, Орог, Улаан, Өгий, Хар нуур, Буйр, Хөх, Жугнай, Ойгон, Сангийн далай, Бүст нуурууд байж болно хэмээн үздэг.

Гол мөрөн, нуур усны хүний биед үйлчлэх температурын байдлаас шалтгаалан аялал жуулчлалд ямар зориулалтаар ашиглаж болохыг тогтоох боломжтой талаар эрдэмтэн Д.Хатчинсон 5 ангилж үзсэн. Тэрбээр Монгол орны гол мөрөн, нуурын усны температур 7 ба 8 дугаар саруудад ямар байхыг тогтоож “цочроох нөлөөтэй их хүйтэн”, “хүйтэн”, “хүйтэвтэр”, “бүлээвтэр”, “бүлээн” гэж ангилсан.

Завь үүссэн түүх: 6000 жилийн тэртээ хүмүүс модон дээр суугаад гараараа сэлүүрдэж явдаг анхны завь хэрэглэж байжээ. Анхны далайн худалдаачин болох финикчүүд том хурдан хөлөг онгоц бүтээснээс хойш Викинг, Селт, Грек, Ромчууд байлдааны том том хөлөг онгоц хийдэг болжээ. YII – IX зууны үед нормандчууд зотон даавуу ашиглаж анх дарвуулт онгоц бүтээсэн нь далайн нээлтэнд их үүрэг гүйцэтгэсэн. IX зууны үед арабчууд далайн тээврээр улс хоорондын худалдаанд чухал хувь нэмэр оруулж байсан бол газарзүйн нээлтийн үед цэрэг дайны зориулалтаар ашиглагдаж байв.  

1807 онд Роберт Фултон (Robert Fulton) анхны уурын хөлөг онгоцыг бүтээсэн. Түүний дараа Clermont уурын хөлөг онгоц Нью-Йорк ба Албани хооронд 240 км зайг 32 цагийн дотор туулжээ. 1818 онд Black Ball Line компани Нью-Йорк, Ливэрпүүл хотуудын хооронд анхны аяллын  үйлчилгээ зохион байгуулж, жижиг далбаат завиар тогтмол хуваарийн дагуу зорчигчид болон захиа шуудан, ачаа зэргийг далайгаар тээвэрлэж эхэлжээ.

1843 онд Английн санваартан Томас Кук анх удаа Темза мөрнөөр аялах завины аяллыг хийсэн бол Америк тивд “American express” компани алдарт “Missisipi” дугуйт усан онгоцоор Миссисипи мөрнөөр аялах аяллыг зохион байгуулжээ.

1900 – 1930 он нь усан онгоц үйлдвэрлэгчдийн хувьд оргилд хүрсэн үеүүд байв. Энэ үед хамгийн тансагт тооцогдох хөлөг онгоцууд далайн аялалд гарч ирсэн юм.

 

Рафт буюу хийлдэг завин аялал: (Rafting)  Рафт завь нь олон хүн суух зориулалттай, хийлдэг шалтай, шаландаа ус орж гарах нүхтэй байдаг. Бүх зэрэглэлийн гол мөрнөөр багаараа аялах боломжтой.

 



Каяак завины аялал: (Kayaking) Ус орохгүй битүүмжтэй, зөвхөн нэг хүнд зориулагдсан, хатуу хөнгөн материалаар хийгдсэн завь байдаг. Залахад хялбар байдаг учир ихэвчлэн хүнд зэрэглэл буюу III, IY, Y зэрэглэлд хамаарах уулын ширүүн урсгалт нарийхан гол, хадан хавцал бүхий эрэгтэй гол мөрөн, ердийн гол мөрөнд ч аялж болно. Энэ завь нь тогтвор муутай учир усны спортод ур чадвартай, мэргэжлийн аялагч нар аялахад илүү тохиромжтой.


Каноэ завины аялал: (Canoeing)  Ганцаараа болон хэд хэдүүлээ аялах боломжтой байдаг. I, II, III зэрэглэлийн гол мөрөнд аялдаг. Хөвөгч хэрэглэлүүд нь тусгай нарийн стандарттай байдаг ба тусгай бат бөх материалаар хийгддэг. Дөлгөөн урсгалт гол мөрөн, нууранд аялах зориулалттай. Энэ завиар ширүүн урсгалт гол мөрнөөр аялахад эрсдэлтэй. Каноэ завин аялал нь олимпийн төрөлд багтсан бөгөөд дэлхийн олон оронд дэлгэрчээ.


Катамаран завины төрөл: (Katmaran) Хоёр баллоныг хооронд нь холбож дээр нь суух тавцан засдаг. Бусад завинаас ялгаатай нь хөлний хэсэгт нордоггүй, ачаа тээшээ завины гол хэсэгт бэхэлж аялахад аялагчдын хөдөлгөөн болон завь жолоодоход төвөг болдоггүй зэрэг давуу талтай. 2, 4, 6 хүний зориулалттай нь өргөн тархсан байдаг. Бүх зэрэглэлийн гол мөрнөөр аялах боломжтой.



Дарвуулт завины төрөл (Windsurfing, Sailing): Энэ төрлийн завь нь манай орны нөхцөлд ашиглах боломжгүй бөгөөд далай тэнгис мэтийн ихээхэн устай газар салхины хүч, давалгааг ашиглан явагддаг төрөл юм.




Бэлтгэсэн Ч.Буянбадрах