УБ ХОТЫН ӨНӨӨГИЙН ХӨГЖИЛ БА ХЭТИЙН ТӨЛӨВЛӨЛТ

1954 оноос хойш 5 удаагийн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлснээр өнөөгийн Улаанбаатар хотын дүр төрх бүрэлдсэн. Зургаа дахь ерөнхий төлөвлөгөө болох “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг 2013 онд МУ-ын УИХ баталсан.


Сүүлийн 10 жилийн дотор нийслэлийн хүн ам 558 мянгаар өссөний 56% нь механик өсөлт, 44% нь ердийн өсөлтөөр нэмэгдсэн. Богино хугацаанд асар хурдтайгаар нэмэгдсэн нь хот төлөвлөлтийн бодлого алдагдахад хүрч, нийгэм эдийн засгийн давхар бэрхшээлүүд үүссэн.


Оршин суугчдыг нийслэл хотдоо “багтаан суурьшуулах”-ын тулд олон мянган жилийн нүүдлийн өв соёлын үнэт зүйлд хүндэтгэлтэй хандан, байгаль орчинд ээлтэй, газар нутгийнхаа онцлогт тохирсон, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ эдийн засагтай, Монгол үндэстний хэв маяг, дүр төрх бүхий “Монгол улсын нийслэл хот” болгон хөгжүүлэх зорилго тавьсан.


УБ хотын бүсэд алслагдсан 3 дүүрэг, нийслэлийн хил доторхи тосгон суурингууд багтана. Хотын тэдгээр алслагдсан дүүрэг, тосгодыг дагуул хот болгон хөгжүүлэхэд түлхүү анхаарч Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулж 2030 он гэхэд хотын хүн ам Монгол улсын нийт хүн амын 50.3%-иас хэтрэхгүй байхаар тооцсон.

  • Налайх дүүрэгт технологи суурьшуулах парк, боловсруулах үйлдвэрлэл төвлөрсөн хил залгаа хот болгон хөгжүүлэх бодлого хэрэгжүүлнэ.
  • Багахангай дүүрэгт агуулах, бөөний худалдаа, хүнс барилгын материалын үйлдвэрлэл хөгжүүлж, татваргүй дагуул хот болгох бодлого хэрэгжүүлнэ.
  • Шинээр байгуулж буй нисэх онгоцны буудал бүхий Аэро сити хотод 100 мянган хүн ам оршин суух боломжтой ба агаарын тээвэр, түүнийг дагалдах үйлчилгээ, мэдээллийн технологи, худалдаа, төмөр зам, агаарын тээврийн ложистик төвлөрсөн хөгжил бий болгоно.
  • Эмээлт тосгонд мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх, хөнгөн үйлдвэрийн парк байгуулах, түүхий эдийн бирж, агуулахын аж ахуйг хөгжүүлсэн шинэ хот байгуулах ба хүн амыг 14 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн.
  • Гачуурт тосгоныг 7000 хүн ам бүхий амралт зугаалга, зуслан суурьшил, байгалийн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх бодлогыг төлөвлөсөн.
  • Өлзийт тосгоныг 5000 хүн амтай байхаар тооцоолж жимс жимсгэнэ, хүнсний нарийн ногооны хүлэмжийн аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл түлхүү хөгжүүлсэн дагуул хот маягийн тосгон болгож хөгжүүлэхээр төлөвлөсөн.
  • Туул тосгоныг 10 мянган хүн амтай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн дагуул хот болгохоор төлөвлөсөн.
  • Био-Сонгино тосгоныг 7600 хүн амтай, малын эм бэлдмэл, нано-биотехнологи, хүнсний жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөн дагуул тосгон болгон хөгжүүлэхээр тусгасан.
  • Партизан-Жаргалант тосгон нь 3500 хүн амтай байх ба хөдөө аж ахуйг дагнан хөгжүүлсэн бүс байх юм. 


Улаанбаатар хотоор үл дайрах олон улсын ач холбогдол бүхий төмөр замын шинэ шугамыг байгуулах нь нийслэлийн хүн амын аюулгүй байдлыг хангахад тустай гэж үзсэн. Дагуул хотуудыг УБ хоттой холбосон автозамын сүлжээг сайжруулж, улмаар Азийн III хурдны замыг Богдхан уулын өврөөр шинэ нисэх онгоцны буудлаар  дайруулан гол замтай холбоно.


Нэг төвт хотоос олон төвт, орчин үеийн хот болгон хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлж байна. УБ хотын нутаг дэвсгэрийг төлөвлөлтийн 8 бүс болгон хөгжүүлэхээр урагшилж байна. Эдгээр 8 бүсийг орон сууц, олон нийтийн бүс, үйлдвэрлэлийн, сайжруулсан гэр хорооллын зэрэг дагнасан ба хосолсон чиг үүрэгтэй төлөвлөлтийн 47 нэгж хороолол болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн.


2014 оны байдлаар УБ хотын нийт өрхийн 45% нь орон сууцанд, 55% нь инженерийн бүрэн бус хангамжтай гэр хороололд амьдарч байсан. 2030 он гэхэд нийт орон сууцны хүрэлцээг 79%-д, нэг хүнд оногдох орон сууцны талбайг 13.5 ам метрт хүргэх зорилт дэвшүүлсэн. Одоогийн гэр хороолол байгаа газрыг дахин төлөвлөлтөнд хамруулан амины орон сууцны хороолол болгож, инженерийн хангамжтай нийтийн орон сууцны хүрэлцээ 2030 онд 61.8% болж өснө.


Нийслэлийн хэмжээнд 2030 он гэхэд 227.9 мянган хүүхдийн сургууль шинээр барих хэрэгцээ үүснэ.  Сүүлийн 10 жилд автомашины тоо эрс өсөж 285 мянгад хүрээд байна. Явганаар 30.6%, автомашинаар 24.2%, таксигаар 9.2%, автобусаар 33.4%, бусад тээврийн хэрэгслээр 2.6% нь зорчиж байна.


Замын хөдөлгөөний нягтралыг сарниулж хотын төвийг тойрсон 4 цагираг зам, хэвтээ чиглэлийн 6, босоо чиглэлийн 9 гол зам бүхий гудамжийг төлөвлөсөн. 2030 он гэхэд 60км урттай хурдны зам барьж хатуу хучилттай замын нийт урт 3000 км-т хүрнэ. Одоо байгаа төмөр замыг хот дотор болон дагуул хот, тосгодыг холбосон нийтийн тээвэрт ашиглан хөнгөн галт тэрэг нэвтрүүлнэ.


Одоо ашиглаж буй дулаан, цэвэр ба бохир усны төвийн шугам сүлжээний дийлэнх нь ашиглалтад орсноос хойш 50 гаруй жил өнгөрч ашиглалтаас бүрмөсөн гарах хугацаа нь өнгөрсөн тул хэсэгчлэн шинэчлэх ажлууд хийгдэж эхэлсэн. 2030 он гэхэд хотын хүн амын 68.7% нь дулааны төвлөрсөн хангамжинд холбогдоно.


Хотын хүн амын усны хэрэгцээ 2 дахин нэмэгдэх тул 2030 он гэхэд нийт усны хэрэглээний 31%-ийг төвийн эх үүсвэр, гүний худгийн усаар хангахаар тусгасан. Туул, Сэлбэ, Улиастай зэрэг голуудыг түшиглэн усан цөөрөм байгуулж, голыг урсацыг нөхөн сэргээх, гадаргын усны нөөцийг цэвэршүүлэх төслийг төлөвлөгөөнд тусгасан.


2030 он гэхэд хотын цахилгаан эрчим хүчний ачаалал 1064мВт,  хэрэглээ нь 5886сая.кВт.цаг болохоор урьдчилсан тооцоо гарсан. Тиймээс энэ ачааллыг ДЦС-IY,  ДЦС-Y, УБ усан цэнэгт цахилгаан станц (100мВт), Төв аймгийн Сэргэлэн суман дахь Салхитын салхин парк (50мВт) хангана. 2020 он гэхэд гудамж талбайн гэрэлтүүлгийн 20-25%-ийг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар төлөвлөсөн.


2030 он гэхэд холбоо мэдээллийн сүлжээний салбарт шинээр сувагчлал байгуулж 12 чиглэлд нийт 80км сувагчлал байгуулах, өндөр хурдны шилэн кабелийн цагираг хэлбэрийн магистрал сүлжээг 250км-ээр байгуулах, ТВ-ийн антенныг нүүлгэж УБ хотын баруун, зүүн чиглэлд шинээр 2 цамхаг нэмж байгуулахаар төлөвлөсөн.


Хот дундуур урсах Туул, Сэлбэ, Улиастай зэрэг голуудын урсацыг нөхөн сэргээх, эргийн бүсийн явган ба дугуйн зам, ногоон байгууламж бүхий нийтийн амралт зугаалгын орчин болгохоор төлөвлөсөн бөгөөд ногоон байгууламжийн сүлжээ байгуулахаар төлөвлөсөн нь эдүгээ мөн хэрэгжиж байна. 2030 он гэхэд гол гудамж дагуу нийт 130.6 га талбай бүхий ногоон байгууламж бий болно. Нийтийн эзэмшлийн цэцэрлэгт талбай 1541.48 га хамарсан 27 парк цэцэрлэгийн шинэчлэл хийгдэхээр төлөвлөгдөж эхнээсээ амжилттай хэрэгжиж Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь хотын оршин суугчдын очих дуртай газрын нэг болоод байна. 2030 он гэхэд хотын нэг хүнд оногдох ногоон байгууламжийг 30.3 м.кв-д хүргэхээр төлөвлөсөн.


Хог хаягдлын менежментийг хэрэгжүүлж хог боловсруулах Нарангийн үйлдвэрт хог хаягдлыг халууны өндөр хэмд задалж боловсруулан шатагч хий, бордоо зэрэг бүтээгдэхүүн гарган авах, утаагүй,  үнэргүй, байгаль орчинд хоргүй хог хаягдлыг бүрэн устгах олон улсын стандартыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байна.


Монгол соёлын өв уламжлалыг сэргээх, үндэсний хэв маяг, дүр төрхийг хадгалсан томоохон бүтээн байгуулалт 11-ийг хийхээр төлөвлөгөөнд тусгасан. Тухайлбал, “Төрийн их гурван эрхэм”, “Түмний бахархалт гурван эрхэм”, “Түүхэн батламжит гурван эрхэм”, “Соёмбот цогцолбор”, “Хааны найман шарга” үзвэр үйлчилгээний цогцолбор,  “Монголын их хаадын музей”, “Туулын шугуй” усан спорт, амралт аялал жуулчлалын цогцолбор, “Үлэг гүрвэлийн музей”, “Туул голын усан боолт” амралтын цогцолбор, Хүй долоон худагт “Монгол наадам” цогцолбор, “Урт цагаан” амралт аялал жуулчлалын мэдээллийн төв зэрэг томоохон цогцолбор байгууламжуудыг дэд бүтэц, дагалдах үйлчилгээний хамт иж бүрнээр нь бүтээн байгуулахаар төлөвлөсөн. Эдгээр бүтээн байгуулалтын ажлууд 20%-тай эхэлчихсэн хэрэгжиж байна.

ТОО
0
0
0