ШИЛДЭГ ТЭМЭЭЧИН, ОЛОН ТЭМЭЭТЭЙ СУМ ШАЛГАРУУЛНА

Монголд төдийгүй дэлхийд сүүлийн үед ховордож буй амьтдын нэг нь хоёр бөхт тэмээ. Тиймээс малчдын тэмээ үржүүлэх идэвх сонирхлыг дээшлүүлж, тэмээний тогтвортой өсөлтийг хангах зорилгоор ХХААХҮЯ-наас олон тэмээтэй сум, тэмээчнийг шалгаруулах уралдаан зарлажээ. Уралдааны дүн ирэх сарын 20-нд гарах бөгөөд 2 сум, 6-н тэмээчнийг шалгаруулах юм байна. Шалгаруулалтад малчин тэмээгээ сүүлийн 2 жил дараалан төлөөр нь өсгөсөн, ашиг шим нь тогтворжсон, өөрийн арга туршлагыг бусдад эзэмшүүлж, ажлын байр бий болгосон зэргийг харгалзах гэнэ. Сүүлийн хорин жил ийм уралдаан зохион явуулаагүй бөгөөд энэ ажил тоо толгой нь цөөрч буй тэмээн сүргийг үржүүлэхэд дэмжлэг болно хэмээн зохион байгуулагчид үзэж байгаа аж. Түүнчлэн “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ирэх онд “Тэмээ” гэсэн дэд хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймагт “Их говийн экологи ба Монгол тэмээ” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдсан ба ОХУ, БНХАУ, Чехийн 120 гаруй эрдэмтэн, төлөөлөгч оролцож, илтгэл тавьсан байна.

ТОО
0
0
0