ИХ ГОВИЙГ ХӨНДЛӨН ТУУЛАХ ОЛОН УЛСЫН АЯЛАГЧИД

208 хоногийн дараа Англи, Франц, Голланд, Сингапур, Америк, Австрали, Энэтхэг, Канад, Шотланд, Ирландын аялагчид Монголын говийг хөндлөн гулд туулахаар бэлтгэлээ базааж байгаа гэнэ. Хэмжээгээр Азидаа тэргүүлж, дэлхийд тавд бичигддэг говийг 20-иод хүний бүрэлдэхүүнтэй аялагчдын баг 2 сарын хугацаанд аялахаар төлөвлөж байгаа бөгөөд Булганаас Ховдоор дайрч, Дорноговийн Сайншанд сум хүртэл 1600 км замыг тэмээтэй туулах гэнэ. Нутгийн уугуул иргэдтэй уулзаж, алслагдсан аймаг, сумдын иргэдийн аж амьдралтай танилцах, мөн тэдэнд урам хайрлаж, хүүхэд залуусын боловсролд тодорхой хувь нэмэр оруулах, говийн ард түмний аж амьдралын тухай сонирхолтой баримтат кино хийх гэсэн гурван зорилго тэднийг ийм аялал хийхэд хүргэжээ. Түүнчлэн “Говийг хөндлөн гулд” аяллын хөтөлбөрийнхөө хүрээнд тус багийнхан барууны хүүхдүүдэд зориулсан сонирхолтой хөтөлбөр бэлдээд байгаа бөгөөд “Зуны аагим халуунд хичээлийн танхимд нозооролгүй мэдлэгээ дээшлүүлье” уриатай тус үйл ажиллагаанд Их Британи болон АНУ-ын таван сургууль оролцохоо мэдэгдээд байгаа ажээ.

ТОО
0
0
0