“ОЮУТОЛГОЙ” КОМПАНИ УРГАМЛЫН ҮРИЙН НӨӨЦ БҮРДҮҮЛЖ БАЙНА

Уул уурхайн үйлдвэрлэл явуулахад байгаль орчны нөхөн сэргээлт чухал байдаг. Иймээс “Оюутолгой” компани байгаль орчныг унаган төрхөөр нь нөхөн сэргээхэд анхаарч, жил бүр биологийн нөхөн сэргээлтийг бодит үр дүнд хүргэхийн тулд ургамлын үрийн нөөц бүрдүүлдэг ажээ. Учир нь, уул уурхайн нөлөөллөөс гадна уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж ургамлын нэр төрөл жил ирэх тусам цөөрч байгаа гэнэ. Энэ жилийн хувьд ургамлын үрийн нөөцийг орон нутгийн иргэдээс худалдан авах замаар бүрдүүлж эхэлжээ. Уг арга хэмжээ нь иргэдийн амьжиргаанд тодорхой хувь нэмэр оруулж байгаагаараа бас нэгэн давуу талыг бий болгож байна.

Өмнө нь “Оюутолгой” компанийн Байгаль орчны хэлтэс ургамлын үрийн нөөцийг өөрсдөө түүж бүрдүүлдэг байжээ. Харин энэ удаад орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор зах зээлийн ханшаас дээгүүр үнээр ургамлын үр худалдаж  авахаар болж, үүнд ч нутгийн иргэд идэвхтэй хамрагдаж байгаа ажээ. Үрийн нөөц бүрдүүлэх ажил энэ оныг дуустал үргэлжлэх юм. Зөвхөн Манлай сумын 17 айл нэг сарын хугацаанд 100 гаруй кг үр тушааж, хоёр сая төгрөгийн орлого олсон байна. Энэ бол үрийн нөөц бүрдүүлэхээс гадна орон нутгийн иргэдийн амьжиргаанд нөлөөлөхүйц бодит дэмжлэг болж байгаа ажээ.

ТОО
0
0
0