“АРД” КИНОТЕАТРЫГ 1935 ОНД БАЙГУУЛЖЭЭ

1910 онд манай оронд Хятад, Орос болон гадаадын бусад орны худалдаа, жижиг үйлдвэрийн газрууд нэмэгдсэний нөлөөгөөр, Европын пүүс компаниудын шугамаар оруулж ирдэг дуугүй киног сүүдэр ший хэмээн нэрлэж, нийтийн хүртээл болгодог байжээ. Тухайн үед Богдын ордон, Оросын бирж буудалд кино гарч, Монголын кино үзвэрийн үүсэл тавигджээ. 1925 онд Д. Сүхбаатарын нэрэмжит клуб байгуулж, олон нийтэд ухуулга, сурталчилгаа хийх зорилгоор кино гаргах болсон байна. 1933 онд Ардыг гэгээрүүлэх яамны дэргэд Нүүдлийн кино хэлтэс гэж байгуулсан бөгөөд засгийн газрын 15-р тогтоолоор Кино, зураг хэрэг эрхлэх хороог байгуулжээ. Дараа жил нь “Ард” кинотеатрыг байгуулах шийдвэр гарч, 1935 оны 5-р сарын 1-нд үйл ажиллагааг нь эхлүүлжээ.

1930 оны дунд үеэс уран сайхны киноны салбар манай улсад үндэс сууриа тавьж анхны уран бүтээлээ туурвиж эхэлжээ. Анхны уран сайхны кино “Монгол хүү”- гээр эхэлж байсан бол 2000 он гэхэд “Монгол кино” үйлдвэрээс нийт 282 бүрэн хэмжээний уран сайхны киног бүтээсэн байдаг. Эдгээр кино нь ард түмний ахуй амьдрал, зан заншил, соёл, үндэстний онцлог, хүмүүс хоорондын харилцаа зэргийг нэвт гүнзгий тусгаж өгснөөрөө хэдэнтээ үзсэн ч уйдахааргүй сонирхолтой бүтээл болсон. Үүний нэг нь та бидний сайн мэдэх “Анхны алхам” хэмээх уран сайхны кино билээ. Энэ киног 1970 онд Ташкент хотноо болсон Ази- Африкийн орнуудын олон улсын киноны анхдугаар наадмын тусгай шагнал, ЗХУ-ын үйлдвэрчний байгууллагуудын тусгай шагнал, цом хүртэж, найруулагч Г. Жигжидсүрэнг Зөвлөлтийн энх тайвны хорооны хүндэт дипломоор шагнуулж байсан байна.

ТОО
0
0
0