МОНГОЛ ЦИРК ВЛАДИВОСТОКИЙГ БАЙЛДАН ДАГУУЛАВ

“Чингис хааны  үр сад манай хотыг байлдан дагууллаа” гэсэн гарчигтай нийтлэл ОХУ-ын Владивосток хотын хэвлэлээр гарч байгаа ажээ. Сүхбаатарын гааль дээр ачаа нь саатсаны улмаас хойшлогдоод байсан манай циркчид Орост хийх тоглолтын гараагаа амжилттай эхлүүлжээ. “Монголын цирк хаанахын ч циркээс огт өөр юм. Жүжигчдийн үс засалтаас эхлээд л “ориг” монгол байлаа. Үндэсний хувцас, хөөмийн аялгуу, бүжиг гээд үнэхээр үзэж харах юм ихтэй. Энэ хамтлаг 22 жүжигчинтэйгээс хамгийн залуу нь 11 настай охид. Тэдний үзүүлсэн “Хун” хөтөлбөр Монте- Карлогийн олон улсын хүүхдийн наадмаас мөнгөн медаль, Улаан- Үдийн циркийн наадмаас алтан медаль хүртжээ. Монголын хээр талын супер баатар, гавьяат тамирчин Амаржаргал хүнд туухайнуудаар хөнгөхөн наадан жонглёрдож байсан төдийгүй 850 кг-ын жинтэй “Хүн уул” өргөж олныг бишрүүллээ” хэмээн бичиж байна. Владивостокийн цирк илбэчингүй болоод удаж байгаа гэнэ. Тиймээс манай илбэчний тоглолт олныг гайхуулсан гэнэ. Оросоор ярьдаггүй ч алиалагч маань дохио зангаагаар хүүхэд багачуудыг хөгжөөн цэнгээжээ. Манай циркчид 12 дугаар сарын 5 хүртэл ОХУ-ын зарим хотоор тоглоно. Тэд өчигдөр Хабаровск хотыг зорин хөдөлжээ.

ТОО
0
0
0