МОНГОЛ БАДАРЧНЫ ТАЙЛАН

“Амьдрал ямар сайхан, байгаль эх ямар үзэсгэлэнтэй, дэлхий ертөнц ямар гайхамшигтай юм бэ”. Энэ бол дэлхийг тойрох аялалд гарч, 55 орноор явахдаа Амай буюу Ж.Золбаярын хэлсэн үг. Өдгөө эх оронд үдлээд буй тэрээр өнгөрсөн 4 жил гаруйн хугацаанд олсон мэдлэг, төрсөн сэтгэгдлээ монголчуудтайгаа хуваалцахаар шийджээ. Улс орон бүрт аяны богц задлахдаа гайхамшигтай хором мөч бүрийг хальснаа буулгаж, арвин сантай болсон тэрээр гэрэл зургийн үзэсгэлэн гаргах гэж байгаа гэнэ. Энэ сарын 27-нд “Цагаан дариум” урлагийн музейд нээлтээ хийх үзэсгэлэн долоо хоног үргэлжлэх бөгөөд монгол бадарчны 250 гаруй гегабайт зургийн сангийн дээжийг дэлгэх ажээ. Дэлхийн ертөнцийн гайхамшгийг бахдан биширсэн түүний гэрэл зургийн үзэсгэлэн “Гайхамшигт ертөнц” нэртэй. Нийт зургаан хэсгээс бүрдэх үзэсгэлэнд зургуудаас гадна 55 инчийн дэлгэцээр фото инстоляци урлагийг толилуулна.  

ТОО
0
0
0