2. ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР

ОТГОНТЭНГЭР УУЛ

Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уул д.алайн төвшнөөс дээш 4021 метр өндөр. Монголчууд эрт дээр үеэс Очирваань хэмээн хүндэтгэн шүтэж ирсэн ариун газар бөгөөд төрийн тахилгатай уул юм. 1779 оноос тахиж ирсэн бөгөөд 1930 он гэхэд тахилгыг зогсоосон байв. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар сэргээж Отгонтэнгэр уулын төрийн тахилгыг 4 жил тутам үйлдэж байхаар болжээ. Албан ёсоор 1818 онд дархалж байсан түүхтэй бөгөөд 1992 онд УБХ-ын тогтоолоор Отгонтэнгэр уулын дархан цаазат газрыг байгуулжээ. Ойр орчмын нутаг нь мөстлөгийн үеэс бүрэлдэн тогтсон хатуулаг чанартай уулсаас бүрдэнэ.

Мөлийсөн оройнууд  болон олон тооны нуур цөөрөм нь эртний мөсөн голын шинжийг агуулдаг. Их хэмжээний хур тунадас унадаг бөгөөд энэ нь эндээс эх авдаг олон голуудын эх ундаргын үүсвэр болдог. Тухайлбал Их, Бага Богдын гол, Рашаан гол, Өвөр Богдын гол юм. Эдгээр голууд нь Завхан голд цутгадаг. Мөн сөнөсөн галт уулын тогоонд эртний мөсөн голоос үүссэн өвөрмөц сонин тогтоцтой нуурууд цөөнгүй бий. Тэдгээрийн нэг Бадархундага нуур нь 300 х 400 метрийн хэмжээтэй. Отгонтэнгэр уулын доод оргил нь 3000 метр өндөр бөгөөд түүнийг “Очирваань бурхны тахилын аяга” гэдэг. Тэрээр ойр орчмын бүх томоохон голуудын эх нь болдог байна. Уур амьсгал хатуу ширүүн чийглэг бөгөөд жилийн 4 улиралд хүйтэн сэрүүн, цастай байдаг. Чулуурхаг мөнх цэвдэгт хөрс нилээд тархсан, намхавтар уулсаараа бор шороон хөрстэй.

Өндөр уулын бүсийн бараг бүх амьтны төлөөлөл энд бий. Ургамлын аймаг нь тал хээрийн, ойт хээрийн, өндөр уулын бүсийн ургамлаас бүрдэнэ. 164 зүйлийн ургамалтайгаас нэн ховор нөмрөгт банздоо, хонин арц, үхэр дэгд, өлчир дэгд, байгаль банздоо, эмийн бамбай, сибир алтанхундага, ягаан цээнэ, ацан ажигана, цагаан дэгд, ямаан сэрдэг, мөлхөө бургас зэрэг олон ховор нандин ургамал ургадаг. Ганцхан шинэс мод 2600 метр өндөр газар хүртэл ургаж, 3000 метрээс дээш өндөрт нь зөвхөн хаг л ургадаг.

Отгонтэнгэр ууланд Их тайлгын овоо буву Төрийн овоо бий. Энэ овоог 4 жилд нэг удаа тахидаг. Төрийн овооноос хойш цуварсан жижиг овоонууд бас бий. Даян хэмээх мөргөлчдийн өргөл өргөдөг газар бий. Хэд хэдэн овоотойн дээр, 2908 метрийн өндөрт өргөгдсөн 2 оройтой нуруу юм. Цагаан, Хөх хэмээх хоёр нуурын хооронд оршдог. Улиастай хотоос 50 орчим километр алс ба энэ уул руу өгсөхөд 1.5 цаг явган явж хүрнэ.

Хөх нуур нь Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хамгийн том нуур юм. Далайн төвшнөөс дээш 2455 метрт оршдог бөгөөд мөстлөгийн гаралтай, урт нь 5.5 километр, өргөн нь 3.5 километр юм. Отгоны амралт хэмээх 13-55 хэмийн халуунтай 50 орчим рашаан байх бөгөөд эмчилгээний чанарыг нь XYI зууны үеэс мэджээ. Улиастай хотоос 85 километр орчим алслагдсан байдаг. Отгонтэнгэр уулын хойд зүгт далайн төвшнөөс дээш 3643 метр өндөрт хүн бараг хүрч очоогүй нэг уул байдаг. Түүнийг Бага Богд уул буюу Бага Отгонтэнгэр гэдэг бөгөөд аргаль, янгирын нутаг юм. Энэ уулыг нутгийнхан “Сайн цагийн бурхдыг хамгаалагч уул” хэмээн бэлэгшээн үздэг.

Баянзүрх уулнаас зүүн урд Чулуутын амны алтан толгойн өвөрт алтан шаргал өнгөтай, тун нарийн ширхэгтэй элс байдаг бөгөөд аманд хийхэд дорхноо уусаж алга болдог, Эмчилгээний чанартай бөгөөд нутгийнхан “Алтан элс” хэмээнэ.
ТОО
0
0
0