Говь-Алтай аймгийн нутгийн баруун
хэсэгт Завхан голын урд биеийг даган орших том нуруу. Уулын төв хэсгийн хавьд
ой мод, өвс ургамал ихтэй, буга зэрэг ховор ан амьтантай, үзэсгэлэнтэй сайхан
нутаг юм. Хасагтхайрхан нь эгц цавчим хажуутай, хурц шовх оргилтой хоёр
зэрэгцээ нуруунаас бүрдэх бөгөөд хойд талыг нь Хасагтхайрханы нуруу, урд талын
нурууг Гурван богдын нуруу гэнэ. Нийтдээ Хасагт Богд уул, түүний залгаа Дунд
Хасагтхайрхан, Зүүн Хасагтхайрхан, Богд, Дунд Богд, Зүүн Богдын нурууд нь гүн
хавцал, ам хөндийгөөр олонтоо зүсэгдсэн хадат шовх оргил, байц цохио, үхэр
чулуут сайр, мөстлөгийн мөлгөр чулуун дайрга, нуранги асга бүхий Алтайн сүрлэг
уулсын дүр төрхийг агуулсан байдаг. Хасагтхайрханд шохойн чулуу, гантиг чулуун
том жижиг агуй хонгил цөөнгүй бий. Хасагтхайрхан нь усны сүлжээгээр баян нутаг.
Оргилоос нь эх авсан гол горхи нь хавцал хөндийгөөр урсан бэлийн захад хүрч
хурдас хөрсөнд шургадаг. Бэлээр нь элсэн говь орших боловч 2200-3000 метрийн
өндөрт нь хээрийн бүс оршиж, түүнд 100 ам километр талбайтай ой мод байдаг.
3000 метрээс дээш өндөрт нь тагийн бүслүүр оршино. Ингэж нэг ууланд говийн
бүсээс эхлээд хээр, ой тайгын бүс тохиолдох нь ховор юм.
Мүгэз, авнис, шимэрс, ортууз,
хувиланги, алтан гагнуур, Алтайн жамъяанмядаг, шар болон хөх яргуй, хонхон цэцэг,
холтсон цэцэг, бамбай, сөд, дэгд зэрэг цэцэгт болон өвслөг ургамал элбэг
ургадаг. Шинэсэн ой, хус, улиасан төгөлтэй. Хасагт хайрхан ууланд буга, аргаль,
янгир, ирвэс, суусар, хойлог, ёл, тас гэх мэт дархан цаазат ховор амьтад бий.
Хасагтхайрхан уул нь далайн
төвшнөөс дээш 3578 метр өндөр. Говь-Алтай аймгийн төв Алтай хотоос 80 километрт
орших Жаргалан сум нь үзэсгэлэнт уул нурууд дунд оршдог. Хойд талаар нь
Хасагтхайрхан уул дүнхийнэ. Энэ уулын орчинд олон төрлийн анагаах увьдастай
рашаан хангай говийн хосолмол хөрсөн дээр халуун уур татуулан урсах нь нэн
сонирхолтой харагддаг. Монголын их элсний нэгээхэн хэсэг нь энэ суманд байдаг.