• БУЛГАН ГОЛ
    Баян-Өлгий ба Ховд аймгийн Булган сумууд
  • Зургийг Б.Баяр
    БУРХАН БУУДАЙ УУЛ
    Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумууд
  • Дорноговь аймгийн Хатанбулаг сум
    ЭРГЭЛИЙН ЗОО
    Зургийг Н.Батсайхан
  • НАГАЛХААН УУЛ
    Төв аймгийн Архуст сум
  • Зургийг Ч.Буянбадрах
    ИХ ГАЗРЫН ЧУЛУУ
    Дундговь аймгийн Говь-Угтаал, Баянжаргалан сумууд
  • ИХ НАРТ
    Дундговь аймгийн Айраг, Даланжаргалан сумууд
  • ЗАГИЙН УСНЫ ГОВЬ
    Дундговь, Өмнөговь, Дорноговь аймгийн нутгийн зааг
  • Сүхбаатар аймаг
    ЛХАЧИНВАНДАД УУЛ
    Эрдэнэцагаан сум

3. БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР

БАТХААН УУЛ

Улаанбаатараас баруун урагш 250 километр, Эрдэнэсант сумын төвөөс 33 километр зайтай оршдог. Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт 30 орчим километр үргэлжилдэг нуруу. Оргил нь Батхаан уул бөгөөд далайн төвшнөөс дээш  2178 метр өндөр. 1957 онд Дархан цаазат газар болгосон ч байгалийн муж, ландшафтын нийтлэг төрхийг төлөөлж чадахгүй байгааг харгалзан Байгалийн нөөц газар болгон өөрчилсөн байна. Батхаан уул нь Хангайн Хэнтийн уулархаг мужид багтах ба Орхон Туул голын савын 1500-2000 метр өргөгдсөн бэсрэг өндөр уулсын нэг бөгөөд Монгол орны хамгийн өмнөд захын ой бүхий уул юм. Батхаан уул нь ойт хээрийн бүсээс их тасархай оршдог боловч уулын төв хэсэг нь ус намагтай, уулын хар шороон хөрстэй жинхэнэ ойт хээрийн байгалийн төрхтэй. Эндээс арваад жижиг горхи эх авч урагшаа хойшоо урсдаг. Уулын урд үзүүрт Ар жаргалант, Өвөр жаргалант хэмээх хоёр голын эх байдаг бөгөөд энд Монгол элс гэж алдаршсан Элсэн тасархайн зах хүрч ирдэг. Ар жаргалант голын элсний захаас эхлэн хайлаасны төгөл даган хойд хярыг давахад Тольтын ам харагдана. Түүнийг даган өгсөхөд их ой руу явж орох бөгөөд хус, шинэс голлосон ой нь ан амьтан, жигүүртэн шувуудаар баялаг. Хайлаас ургасан их элс, өтгөн ой хоёр нэг дор ийм ойрхон орших нь дэлхийд ховор байгалийн өвөрмөц тогтолцоо юм.

Батхаан уулын бүсэд Хангайн нурууны хамгийн зүүн үзүүр болох Дэлгэрхан, Батхан, Үст буурал, Аргаль, Угалз гурван өндөр, Уулын хөшөөт, Ботгон царам зэрэг уулс нь нэг дор бөөгнөрөн оршино. Баруун хойноос зүүн урагш чиглэн үргэлжилсэн Батхаан уулын хамгийн өндөр оргил нь 2178 метр өргөгдсөн байдаг. Батхаан уул нь хувирмал элсэн чулуу, хувирмал занар, аргиллит, ланцар, гантиг, гөлгөр мөлгөр хөрзөн гэх мэт асар их хувирсан хурдас чулуулаг, маш зузаан хүчэллэг чулуулгаас тогтдог. Жинхэнэ хээр, уулт хээрийн бүсэд орших учир нийт нутгаар үржил шим сайтай хар, хар хүрэн хөрс зонхилно. Ар, өвөр Жаргалант голын хөндийгөөр элсэрхэг хөрстэй. Өвөр Жаргалантын голын адаг орчмын Сайжрах хэмээх газарт зузаан ноцох занар, элсэн чулуу, мөлгөр хөрзөн зэрэг цэрдийн хурдаст чулуулаг бий. Уулынхаа ар өврөөр олон гол горхитой. Жаргалантын адагт Хирд, Дэвсэн булаг, Хунхар гэх мэт эрдэс бүхий рашаантай. Батхаан уулын голын бүх хөндийгөөр элсэн манхантай бөгөөд энэ элс зүүн урагш шууран нүүж Өвөр Жаргалант голын хөндийн урд ар, дунд хэсгийг дарсаар байна.

Ойт хээр, уулын хээр зонхилсон тул ургамлаар нэн баялаг. Тус орны хамгийн өмнөд захын ойд цагаан хус голлоно. Гурван зүйлийн навчит ойгоос гадна уулын энгэр хад асга, хоолой жалга, ганга хавцлаар хайлаас мэр сэр байдаг. Уулын ар хэсгээр хусан торлог голлон ургасан цардуултай газар олон бий. Ерхөг, хялгана, хиаг, согоовор, ботуул, морины уруул, шувуун хөл, өлөн, агь зэрэг бэлчээрийн нарийн өвс ургамлаас гадна бамбай, сөд, дэгд, башир, алтан гагнуур, тарваган шийр, ганга гэх мэтийн эмийн ургамал элбэгтэй. Цагаан төмс, мэхээр, мангир, мойл зэрэг хүнсний ургамал ургана. Батхаан уул нь ан амьтнаар баялаг биш боловч буга, бор гөрөөс, гахай, шилүүс, үнэг, чоно, мануул, тарвага, зурам, туулай, элдэв оготно зэрэг амьтадтай.

Батхаан уулын ар өвөр хормой, голуудын хойд дэнж, арын гол горхины хөндийгөөр түүхийн дурсгал болох эртний булш хиргисүүр олон бий. Эдгээрээс гадна Бичигтийн амны хадны бичээс, Тогоот уулын хаданд Тогоо, Хуягт хэмээх газарт хөө хуяг гэх мэт эртний үед хамаарах дурсгалууд байдаг. Гэвч нутгийн ардууд хөө хуягнаас нь авч шагайн сум хийсээр байгаад дууссан байна. Тогоот уулын хадан тогоог 1973 онд Эрдэнэсант сумын музейд тавьсан байна. Өврийн Лүнгийн хөх, Хөх даваа зэрэг газруудад аварга үлэг гүрвэлийн мөрний хэв, аварга гүрвэлийн чулуужсан яс, дөрөвдөгч галавын арслан зааны яс тус тус олдсон бөгөөд тэдгээрээс заримыг нь Байгалийн түүхийн музейд тавьжээ.