5. БАЙГАЛИЙН ДУРСГАЛТ ГАЗАР

БУЛГАН УУЛ

Булган уул нь Архангай аймгийн Цэцэрлэг суманд оршдог бөгөөд байгалийн үзэсгэлэнт байдал, түүхийн дурсгалт зүйлсийг нь хамгаалах зорилгоор 1965 онд улсын тусгай хамгаалалтанд авсан. 1995 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор байгалийн дурсгалт газрын ангилалд шилжүүлсэн. Булган уул нь урсгалт газрын дундуур зүүн хойш чиглэн тогтох бөгөөд хоёр Тамирын голын усны хагалбар болдог. Энэ бүсэд Аригийн нуруу, Хамрын нуруу, Хялалзахын нуруу, Мурилзахын нуруу зэрэг боржин хаднаас тогтсон олон нуруунууд байхаас гадна, зүүн өмнө талд орших Таван цохионоос эгц хойш Цагдуулт хэмээх боржин хадат уул,  Малгай зэрэг өндөр уулууд оршдог. Булган уулын зүүн хормойд Жамганы рашаан, баруун хэсэгт Ганц модны рашаан гэх мэт рашаан ус бий. 

Булган уул нь ой мод, хадлан бэлчээрийн ургамлаар нэн баялаг бөгөөд тус орны ой хөвч, ойт хээрийн бүсэд тохиолддог ургамлын ихэнх зүйл ургадаг. Гүзээлзгэнэ, хад, тошлой, самар, таван салаа, тарваган шийр, сөд, царван, алтан гагнуур, бамбай, ганга, нохойн хошуу, гишүүнэ, хунчир зэрэг эмийн ургамалтай. Мөн цагаан төмс, мэхээр, бүүргэнэ, гоньд зэрэг хүнсний ургамалтай. Булган ууланд хангайн бүсэд ургах хар мод, хуш зэрэг шилмүүст мод, хус, улиас, улиангар, хайлаас зэрэг навчит модод ургана.

Булган уул нь хүн ам олонтой, хөл хөдөлгөөн ихтэй Цэцэрлэг хотод ойрхон байдаг учир ан амьтад нь дүрвэн зайлсан байдаг. Буга, бор гөрөөс, хүдэр, шилүүс, гахай, мануул, хэрэм, жирх, үен солонго, чоно, туулай зэрэг амьтад мэр сэр үзэгдэнэ. Ятуу хөтүү, бүргэд, ууль, шар шувуу, харцага зэрэг жигүүртэн шувууд бий.

ТОО
0
0
0