5. БАЙГАЛИЙН ДУРСГАЛТ ГАЗАР

УЛААГЧНЫ ХАР НУУР

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Сэнжит хад уруудан бургастын гол өгсөөд эргэн тойрон элсэн манхадаар хүрээлүүлсэн гүн номин нуурт хүрэх бөгөөд энэхүү нуур нь “Хангайн сувд” хэмээн алдаршсан “Улаагчны хар нуур”юм. Улаагчны хар нуур гэдэг нэрийн учир юу вэ гэвэл улаагчны голоос эх авдаг энэ нуур нь цэнгэг устай нуур юм. Эрт дээр үеэс Монголчууд хамгийн цэнгэг, хамгийн сайн устай нуураа хар өнгөтэй зүйрлүүлэн хэлдэг байжээ. Энэхүү нуурын ус нь маш цэнгэг учир ийнхүү УЛААГЧНЫ ХАР НУУР хэмээн нэрлэжээ.

Улаагчны Хар нуур нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойш 80 км, аймгийн төвөөс 110 километрт оршдог.Хойд талаараа элсэн манхан, элсэн шанаагаар хүрээлэгдсэн, урд талаараа эрэг орчмын шанаанууд зэгстэй жаахан нуур Товхошын сүрлэг уулаар хүрээлэгдсэн байдаг. Нуурын гүн нь 48-54 метр, уртаашаа 30 орчим километр, өргөн нь 5-10 километр сунаж тогтсон нуур юм. Уг нуурт Омуль, Фельд гэсэн хоёр зүйлийн загас үрждэг бөгөөд нуурын голд далайн түвшнээс дээш 2600 метр өргөгдсөн “Их, бага хоёр Авгаш” нэртэй арал бий. Энд 13 гаруй зүйлийн нүүдлийн шувууд ирдэг. Мөн нуурын дээгүүр шунх хэмээх цэцэг ургаж гарч ирсэн нь үзэсгэлэнтэй харагддаг байна. /эх сурвалж Монцамэ/

Ардын дунд үлдсэн домог ярианаас үзэхэд Монголыг харж, хамгаалж явдаг хоёр их хүчтэй луу байдгийн нэг нь Завхан аймагт байдаг ажээ.Тэр хоёр лууны нэг нь улс орноо харийн хүмүүсээс хамгаалж, зүүн зүгт цаашаа харсан хэлбэртэй оршдог бол төрөө хамгаалах үүрэгтэй их луу нь Завхан аймгийн баруун хэсгийг эзлэн оршдог ажээ. Түүний мэлмий нь Улаагчны хар нуур ажгуу. Түүнийг тойрон орших элсэн манхнуудыг луугийн их бие гэх бөгөөд Хүнгий зэрэг ус, гол, горхийг лууны судаснууд гэдэг ажээ. Луу нь дөрвөн мөчиндөө дөрвөн их эрдэнэ атгасан нь Эрдэнэхайрханы Бор давс, Дөрвөлжин сумын Хомын талын давс, Сантын давснууд гэнэ. Баяннуурыг түүний бөөр нь гэх бөгөөд баруун, зүүн Монголын их элсийг уушги, зүрх нь гэх мэтээр нэрлэдэг байна. /эх сурвалж Монцамэ/

ТОО
0
0
0