5. БАЙГАЛИЙН ДУРСГАЛТ ГАЗАР

УРАН ТОГОО - ТУЛГА УУЛ

Уран уул нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Булган хотоос баруун тийш 80 км-т Хөвсгөлийн Мөрөн хот орох авто замын дэргэд оршдог унтарсан галт уул юм. Энэхүү уулыг Уран бүрхээр уул гэдэг бөгөөд анх 1965 онд дархлан улсын тусгай хамгаалалтанд авчээ.  Д.т.д 1686 м өндөр, орой дээрээ тогоотой, тогооны амсар нь 500-600 м өргөн, гүн нь 50-60 м юм. Тогоондоо 20 м орчим голчтой, 1.5м-ийн гүнтэй дугуй хэлбэрийн нууртай бөгөөд нуурын эргэн тойронд ой мод хүрээлсэн байдаг. 


Тулга, Тогоо, Жалавч уулууд нь Уран уулаас урагш 12 км зайтай оршдог бөгөөд дөрөвдөгч галавын үед оргилж байсан уулс юм. Хамгийн сүүлд 20-25 мянган жилийн тэртээ оргилж байгаад унтарсан гэж үздэг. Тулга уулын тогоо нь зүүн хойшоо, урагшаа, баруун хойшоо сэтрэн элэгдэж эвдрээд тулганы гурван чулуу шиг гурван хэсэг дугуй ханан толгой болон үлджээ. Эдгээр сэтэрхий нь тулгын гурван чулуу шиг харагддаг учир Тулга гэж нэрлэсэн байна. Тулга уул нь д.т.д 1540 метр. Тогоо уулын өндөр нь 1620 метр, өрхний амсар нь сэтрээгүй бүтэн бөгөөд хөндлөнгөөрөө 400 метр орчим, гүн нь 100 метр бөгөөд үнэхээр том хонин тогоо шиг хэлбэртэй. Тогоо уулын баруун талд Жалавч гэдэг уул байх бөгөөд өрхийн амсар баруун тийшээ ганцхан газраар сэтэрчээ. Тус уул да.т.д 1560 метр. Эдгээр уулуудыг 1965 онд улс хамгаалалтанд авч Байгалийн дурсгалт газар болгожээ.

Үржил шимт хар хүрэн ба хар шороон хөрстэй учир хээрийн ба ойт хээр, уулт хээрийн бүсийн ургамал ургадаг. Шинэсэн ой голлохоос гадна улиас, улиангар, хус ургана. Цагаан төмс, мангир, хонгорзул, алтанзул, алтангагнуур, тайжийн жинс, далан түрүү, үхэр гоньд, хунчир, хөвөн оройт, Монгол туйплан зэрэг эмийн болон хүнсний ургамал, хавтуул, хурган засаа, үнэгэн сүүл, хонхон цэцэг, бэр цэцэг,  хазаар өвс зэрэг ургамал ургана.

Буга, аргаль, бор гөрөөс, гахай, янгир, тарвага, зурам, бор туулай, хөвдний бор оготно зэрэг ам амьтад бий. Ятуу, бор шувуу, ууль, харцага, хөхөө, өвөөлж байдаг ба Уран тогооны нууранд ангир ирж зусдаг.  Энэ бүс нутагт хэвлээр явагч могой элбэг тохионо. Хүйтэн улиралд эдгээр галт уулын гүний дулаан бүлээн уур хийн илчинд хоргодон ичиж амьдардаг байна. Их тогоо уулын хавь нутагт булш, хиргисүүр нилээд бий.

ТОО
0
0
0