5. БАЙГАЛИЙН ДУРСГАЛТ ГАЗАР

ЭЭЖ ХАЙРХАН

Ээж хайрхан уул нь Алтайн өвөр говийн уудам зайд уулс хоорондын цөлөрхөг хотгорт орших жижиг ширхэгт боржин чулуунаас тогтсон хад чулуурхаг өнчин уул юм. Монголын баруун өмнө зүгт Алтай хотоос 200 км зайтай оршино.  Д.т.д 2277 м өндөр бөгөөд 1992 оноос тусгай хамгаалалтанд авчээ. Ээж хайрхан ууланд өвөрмөц тогтоц, ховор сонин үзмэрүүд олон байдаг ба зүүн өмнө хажуугийн чулуулгийн гав судал дагаж цувран тогтсон ногоон хүрээтэй 9 чулуун тогоо бий. Тогоонуудын амсарын дундаж өргөн нь 2-3м бөгөөд хоорондоо 40-50см өндөр чулуун босгоор нэг нь нөгөөтэйгөө холбогдоно. Эдгээрийн 4 дэх нь хамгийн том бөгөөд түүний гүн нь 4 м хүрдэг. Харин 9 дэх тогоо нь бусдаасаа нилээд тусгаарлагдмал. Энэ ууланд хүн амьдарч байсан ул мөр бүхий агуй бий. 9 тогооны ойролцоо орших ба тэдгээр тогоо харсан нүүрэн талыг битүүлж хаалга, гэгээвч гарга тохижуулсан ламын агуй юм. Түүхийн ухааны доктор Д.Очирбат судалгаа хийсний үр дүнд Ховог сайрын торгууд гаралтай Равдан гэгч лам 1923 оноос нилээд хэдэн жил амьдарч байсныг тогтоожээ. 

Ээж хайрхан уул нь уулс хоорондын цөлөрхөг хотгорт орших боржин чулуун уул бөгөөд 93 зүйл ургамал тархсан. Ийм олон зүйлийн ургамал ургадаг нь экологийн өвөрмөц бичил орчнууд байдгийг харуулж байна.

Ээж хайрхан уул нь Монгол Алтайн нуруу, Говь Алтайн нурууны хоорондын хотгорт орших бөгөөд аргаль, янгир, ирвэс зэрэг нэн ховор, ховор том хөхтөн амьтадын хоёр тийш нүүдэллэх коридор болж өгдөгөөрөө чухал ач холбогдолтой. Энд аргаль, янгир, цоохор ирвэс, хярс, мануул, үнэг, чоно элбэг байдаг. Хахилаг ятуу, хулан жороо, ногтруу, уулын цэгцгий, жороо тоодог зэрэг олон зүйл ховор шувууд бий. Ээж хайрхан уулыг тойроод буудайн тариалангийн талбай бий. Нутгийн хүмүүс тариалангийн талбайд зориулж 33 метр өндөр, 12 метр өргөн даланг барьжээ.

ТОО
0
0
0