5. БАЙГАЛИЙН ДУРСГАЛТ ГАЗАР

АВАРГЫН БАЛГАС (ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗАР)

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт Аварга тосонгийн рашаан сувиллаас урагш, Аураг рашааны хойхон талд Рашаан дэрсний ухаа хэмээх газрын хөрсөн доор эртний нэгэн хотын үлдэгдэл бий.

(Энэ харагдаж буй цэлийсэн тал газрын хөрсөн дор нойрсож буй туурь юм.) 

Уг балгасны нэр нь Аураг гэдэг бөгөөд сунжраад аварга болсон гэж таамагладаг. Энэ үг нь "аварга, агуу их" гэсэн утгатай бус "агуурс, уурхай, агуулах" гэсэн утгатай хэмээн судлаачид үздэг. XIII зууны үед Чингис хаанд захирагдаж байсан улс орнуудаас алба татварт өргөсөн аливаа хүнс, эд агуурс барааг агуулах байр сууц хэрэгтэй байсан учир энд төвлөрүүлж хааны ордуудыг бариулан ерөнхийд нь Аураг гэж нэрлэсэн бололтой. Аураг ордонг 1189 оноос хойш 30 гаруй жил хамаг Монголын ханлиг, их Монгол улсын нийслэл маягийн суурин газар байсан гэж үздэг. Малтлага шинжилгээ явуулсны үр дүнд уг хот нь 4.5 ам километр бүхий талбай эзлэн оршихдоо 4 хэсгээс бүрдэж байсан нь тодорхой болжээ. Гадуураа нь ямар нэгэн хүрээлсэн хэрэм байхгүй байсан бөгөөд гар урлал, тариалангийн хороолол, шүтээний сүм, тусгай хана хэрэмтэй орд харшийн барилгууд гэсэн 4 хэсэг газар байжээ. Гар урлал, тариалангийн хороолол нь суурингийн зүүн хэсэгт байсан. Шүтээний сүм нь давхар хэрмээр хүрээлэгдсэн бөгөөд тусгай довжоон дээр хотын төв хэсгийн хойхно байжээ. Сүмийн барилгын суурь 180 хавтгай дөрвөлжин метр бөгөөд суурин дээрх баганы тоо 40 гаруй байжээ. Довжооны өмнө талд зүлгэж зассан 6 талтай чулуун багана олджээ. Тусгай ханан хэрмүүд нь баруун хэсэгт зүүнээс баруун тийш чиглэсэн нэг эгнээгээр байрлаж байв.
ТОО
0
0
0