7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

ХУДАЛДААНЫ ГУДАМЖ

Улаанбаатар хотын худалдааны анхны гудамж XVIII зууны эцсээс XIX зууны эхэнд үүсчээ. Энэ гудамж одоогийн Барилгачдын талбайгаас Урт цагаан, Бөмбөгөр худалдааны төвийн урд талын замын уулзвар хүртэл үргэлжилж байжээ. Энд хүнс, мах, төмөр, мод, чулуу, алт, мөнгөний төрөлжсөн зах байснаас гадна Монгол урчууд, Хятад, Орос тэргүүтэй гадаад худалдааны пүүсүүд байрлаж байв.

1921 онд гудамжны зүүн үзүүрт Монголын харилцан туслалцах хоршооны төв дэлгүүр (анхны их дэлгүүр) нээгдэж, 1930 онд одоогийн Дүрслэх урлагийн музейн байшинд шилжин орсоноор “Өндөр хоршоо” хэмээн алдаршжээ. 1936 онд Худалдааны гудамжинд “Шар дэлгүүр” гэж нэршсэн үлгэр жишээ дэлгүүрийг байгуулжээ. 1940-өөд онд хотын захиргааны харъяа халуун ус, үсчины газар, үйлдвэр хоршооллын дэлгүүр, мухлаг, гуанз зэрэг худалдаа, үйлчилгээний цэг, салбарууд энэ гудамжинд байв.

1961 онд Худалдааны гудамжны хойд хэсэгт архитектор Б.Дамбийнямын зураг төслөөр Хоршооллын Худалдаа Үйлчилгээний Нэгдсэн төвийн барилгыг барьсан нь “Урт цагаан” хэмээн нэршжээ. Худалдааны гудамжийг 1970 онд Октябрийн, 2002 онд Жуулчны гудамж гэж нэрлэжээ.

Эх сурвалж: Г.Очбаяр, УБ хотын түүх соёлын дурсгалт газрууд

ТОО
0
0
0