7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

НОХОЙН ХӨШӨӨ

Баянзүрхийн Чулуун овооны тойрог дээр нохойны хөшөө байдаг. Баянзүрх хайрхны савдаг нь нохой бөгөөд тэрхүү савдагт зориулан бүтээжээ. Монголчууд нохойг гөлөгнөөс нь эхлэн шинжин таньж тусгай ёслол үйлдэн тэжээж өсгөдөг байжээ. Тухайлбал, өөрийн сонгосон гөлөгний эзэнд хадаг барьж, эх жингэрт нь шар будаа чанаж өгч цадтал хооллоод гөлгөндөө тэмдэг зүүн орхидог ёс түгээмэл байжээ. Сайн нохойн шинж нь холч бүдүүн дуутай, толгой том, хүзүү цээж хүдэр зузаан, сэрвээ өндөр, сүүл хонхорцог өтгөн, хөл тавхай том, зориг цөс их, хүчирхэг байдаг. Ийм болгоход тэжээн тэнхрүүлсэн байдал голлох боловч бас нохойн өөрийнх олон шинж тэмдэг нөлөөтэй гэж үздэг. Жишээлбэл, дөрвөн нүдтэй, улаан халтар зүсмийн нохой нь нар сар хиртэхэд ээлтэй, шөнө элдэв муу юм ирэхэд үзэж хөл хорьдог.

Монголчууд эртнээс нохойгоо зодож цохихыг хориглон, хороож устгахыг “муу ёр” гэж үзэн цээрлэж нохой алсан хүнийг “монголоо алдсан хүн” хэмээн жигшин зэвүүцдэг байжээ. “Монгол Ойрдын цааз бичиг”, “Халх журам” зэрэг эртний хууль цаазын бичигт нохой алахыг хориглосон байдаг. Нохойгоо барс шиг хүчирхэг, арслан мэт сүрлэг, хангарьд шиг хурдан, луу адил догшин байтугай хэмээн бэлгэшээж хөрөнгө малыг хамгаалагч, буяныг түшдэг ивээлт амьтан гэж үзэн өрх гэрийн ам бүлээр тооцдог байжээ.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0