7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

БАКУЛА РЕНБҮЧИГИЙН БЭТҮБ ХИЙД

Бурхан багшийн Арван зургаан Найдан бурхадын нэг Бакулагийн 19 дэх хойд дүр Бакула Ренбүчэ 1999 онд үүсгэн байгуулжээ. Хийдийн барилга нь цэвэр түвд загвараар баригджээ. Өдгөө 40 гаруй лам хувраг шавилан сууж, дэргэдэх шашны сургуульд мөн адил тооны шавь суралцагч байдаг. Тус сургуульд ерөнхий боловсролын 6 дугаар анги төгссөн, бурханы номыг хичээнгүйлэн суралцах хүүхдүүдийг авч суралцуулдаг.

Бакула Ренбүчэ буюу Шри Кушок нь 1917 онд Энэтхэгийн Ладак үндэстний хааны гэр бүлд мэндэлжээ. 9 наснаасаа Түвдийн Лхас дахь “Дрэвүн” хийдэд шавилан суралцаж, 1969 онд анх удаа Монголд ирснээс хойш жил бүр ирдэг болсон байна. Улмаар 1989 оноос Энэтхэг улсаас Монголд суух Элчин сайдаар томилогдон 2001 он хүртэл ажиллажээ. 1990 оноос шашин соёлоо чөлөөтэй шүтэх болсноор Бакула Ренбүчэ Монгол оронд сүм хийд сэргээх, шинээр барьж байгуулах ажилд тусалж, шашны сургууль байгуулж, Монгол Энэтхэг хоёр орны харилцааг шинэ шатанд гарган хөгжүүлжээ.  Шри Кушок буюу Бакула Ренбүчэ 2003 оны 11 дүгээр сарын 4-нд 86 насандаа таалал төгсжээ.

Хийдийн орчин: Баруун дамнуурчны өргөн чөлөөний урд өвс, түлээний зах, түүний урдхан талд нүүрсний зах байжээ. Нүүрсний захын зүүхэн талд элдүүрчин, мужаан, төмрийн дархчуулын хэсэг байжээ. 1910 оны 3 дугаар сарын 16-нд мужааны пүүсийн орчим монгол, хятадын хооронд том зодоон болсон түүхтэй. Энэ зодоонд жирийн харчуудаас гадна Гандан, Зүүн хүрээний лам нар оролцжээ. Зодооныг зогсоохоор Манж амбан Сандо жууз тэрэг хөлөглөн хүрч очсон боловч лам нарын нүүлгэсэн чулуунд сүйх тэргээ хэмхлүүлэн амь наана там цаана гэгч болон зугтсан хэмээн Богдын Донир агсан Жамбал өгүүлжээ. Хятадын “Шинэ Бээжин” пүүс Маймаа хотоос хятадын театр “ши янгууны газар”-ыг нүүлгэн авчирч энд барьснаар түлээн зах нүүжээ. Ши янгууны газар нь 1960-аад он хүртэл хотын олон хөлийн газрын нэг байв. 1960-аад онд Ши янгууны газрыг өөрчлөн одоогийн Тээврийн товчооны зүүнтээ байсан хотын барааны захыг энд шилжүүлэн буулгасан ажээ. Төд удалгүй барааны захыг нүүлгэн буурин дээр нь Бэтүб хийдийг байгуулжээ.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0