7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

ТӨРИЙН ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ОРДОН

Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг 2006 онд орон даяар төр ёсны их баяр ёслол болгон тэмдэглэх ажлын хүрээнд “Чингис хааны дурсгалын болон төрийн ёслол хүндэтгэлийн өргөө” байгуулагдсан юм. 2005 оны 9 дүгээр сард Ерөнхий сайд Ц.Элбэгдорж эртний заншлын дагуу шав тавих ёслолыг үйлджээ. Тус өргөөг барих газарт 88 төрлийн эд зүйлсийг бумбанд хийж лусын эзэнд өргөл болгож оршоожээ. Энэхүү 88 эд зүйлийн дотор Дэлүүн болдог, Хажуу булаг, Онон гол, Гурван нуур, Бүрги эрэг, Бурхан халдун уул, Хэрлэн гол, Хар зүрхний Хөх нуур, Онон мөрний Цагаан нуур, Хөдөө арал,  Орхон гол, Хөвсгөл нуур, Алтан-Овоо, Шилийн богд, Ганга нуур, Чингис уул, Хатан Туул зэрэг Чингис хааны хүүхэд ахуйгаас насан эцэс хүртэлх түүхэнд холбогдох бүх дурсгалт газрын хөрс шороо, ус нуур булгийн дээжүүд, Их Аураг орд ба Хархорум хот, Дэлгэр мөрний хөвөөн дэх Мөнх хааны ордны тууринаас олдсон дурсгалт зүйлс орсон байна. Чингис хааны дурсгалын болон төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын эхний хэсэг 2006 оны 7 дугаар сард нээлтээ хийжээ.

Өргөөний өмнө талд Эзэн богд Чингис хаан, Өгөөдэй хаан, Хубилай сэцэн хааны хөшөөнүүдийг хүлэг баатар Мухулай, Боорчи нараар хамгаалуулан босгосон байдаг. Тус цогцолборт Монгол Улсын төрийн 2000 гаруй жилийн түүхэн хөгжлийг харуулсан Түүхийн музей байгуулагджээ. Эзэн Чингис хааны дурсгалын болон төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний цогцолборт Цагаан сарын шинийн нэгний золголт, Үндэсний их баяр наадмын хүлээн авалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол, гадаад орнуудын төр засгийн тэргүүний уулзалт, итгэмжлэх жуух бичиг хүлээн авах  гардуулах ёслол болон төрийн шагнал, одон, медаль гардуулах ёслол зэрэг төрийн бүхий л өндөр хүндэтгэлт ёслолын арга хэмжээнүүд зохион байгуулагддаг.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0