УЗБЕКСТАНААР АЯЛАХАД АЛХАМ ТУТАМ МОНГОЛ ТҮҮХ “УНШИГДАНА”

 

Узбекстан улсын нийслэл Ташкент хотод Чингис хааны хоёр дахь хүү Цагаадайн нэрэмжит гудамж бий. Чингис хаан Хорезмын улс буюу Дундад Азийн ихэнх нутгийг эзлэх дайнд бараг зургаан жилийн хугацаа (1219-1225 он) зарцуулжээ. Хорезмтай дайтах шалтгаан тодорхой. Их Монгол улс байгуулсны дараа урд хил залгаа хятад, хойт хилийн Хорезм гэдэг хоёр том улстай эв найртай байх санааг Чингис хаан сэджээ. Тэгээд Хорезмын улсад торгоны замаар худалдаа наймаа хийх гэрээ хэлцэл тохиролцох зорилгоор 500 хүнтэй худалдаачдын элч жинчид гаргажээ. Тэгтэл Хорезмын урд захын Отрар цайз хотын захирагч Гайр хан Чингис хааны элч нарыг баривчилж бүгдийг нь цаазлаад авч явсан алт, мөнгө, барааг нь дээрэмдэн тоножээ. Тухайн цагт Гайр хан их хаандаа элч явуулж, Монголын Чингис хаан худалдаачин элч нэрээр тагнуул, туршуул явуулсан байна гэж хардан хорих зөвшөөрөл авсан юм билээ. Монголын хааны биет төлөөлөгч элч нарыг хөнөөсөн Хорезмын хантай илдийн хурц, нумын мэргэнээр тооцоо хийхээр Чингис хаан их цэргийн хүчээр умар зүг хөдлөхөөс өөр аргагүй болжээ. Хорезмын “цайз хот”-ын суурин иргэншлийн хориглолтын шинжтэй армийн дэргэд Монголын хөнгөн морин цэргийн нум саадгийн зэмсэг одоогийнхоор бол “пуужин”-тай зүйрлэхээр. Нум сумын тусгал долоон зуун алд (800-900 метр), онох ба унагах баталгаа гурван зуун алд байсан гэсэн гаргалга байдаг. Монгол цэргийн нуман харваа нь хурдан хүлгийн гүйдэл дунд мэргэн цэцэн байснаараа гайхалтай, хосгүй байжээ. Чингисийн их цэргийн нүүдэл Хорезмын улсад хүрэх, буцахад гурван жил, байлдан эзлэх, эзэлсэн нутаг усаа төвхнүүлэхэд бас гурван жилийг заржээ. 1224 онд Чингис хаан Цагаадайн мэдэлд Дорнод Туркистан, Долоон голын сав газар буюу Балхаш, Иссык кул нуур орчмын Киргиз, Казахын нутаг болон Амударъя, Сырдаръя мөрний сав газраас эхлээд Афганистаны Кабул хот хүртэлх асар их нутгийг өгчээ. Ингэж Цагаадайн улсын түүх эхэлсэн байна. Цагаадайн улс алтан ургийн хорин нэгэн хаадын (1224-1347) үе дамжин зуу гаруй жил оршин тогтнож Цагаадай 18 жил хаан төр барьж 57 насандаа (1242 он) таалал төгссөн байна. Ташкент хотын бараг төвд байрладаг долоон зуу гаруй жилийн настай Цагаадайн (Чигатой Дорбаза Махалла) гудамжаар ороход Чигатай (Цагаадай) нэртэй цайны газар, худалдааны зах, үзвэр цэнгээний газар олон тааралдана. Цагаадайн нэрэмжит гудамжинд манайхаар бол дүүрэг, хорооны төр захиргааны авсаархан байр байлаа. Хорооны (дүүргийн) Засаг дарга Абуазимов “Манай хороо эв найртай сайхан амьдардаг долоон мянга гаруй ам бүлтэй. Манайхан Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой уулзсандаа их баяртай байдаг. 2010 оны зургаан сард Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч манай улсад албан ёсны ажлын айлчлал хийхдээ манай Цагаадайн хороонд ирж олны өмнө үг хэлж, энэ хүндэтгэлийн самбарыг хороо захиргааны байрны ханан дээр байрлуулж өгсөн гээд тохой хэрийн өндөр, хагас алдын урттай алтлаг өнгийн гуутай самбарыг зааж танилцуулжээ. Самбарын хоёр буланд босоо Монгол бичиг, хөндлөн Узбек, англи бичгээр “Цагаадайн гудамж” гэж товойлгон дүрслээд, 2010 оны зургадугаар сарын 10-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү дурсгалын самбарыг байрлууллаа гэсэн таталбар байрлуусан байна. Хорооны засаг дарга дурсгалын самбарыг өндөр дуугаар тайлбарлаж байхад Цагаадайн гудамжаар явсан хүмүүс хүрээлэн хүндэтгэл үзүүлэн зогсож байсан. Нэгэн өвгөжөөр эр, “Манай хороо Монгол хаан Цагаадай, бас ноён Ерөнхийлөгчийн нэрэмжит дурсгалтай гудамж” гэж бахархан гар барьж тамхилав. Ташкент хотод Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр устай холбоотой бас нэг газар байна. Энэ бол нийслэлийн төв талбайд байрлах Монгол гэрийг санагдуулсан дугуй хэлбэртэй цав цагаан өнгөтэй Төмөр хааны музей. Энд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бэлэглэсэн их баяр наадмын уралдааны зургаан насны морьдын мөнгөн цутгамалыг тусгай тавцан дээр онцгойлон өнгө, өнгийн гэрэл тусган байрлуулсныг гадаад, дотоодын зорчигчид сонирхон асууж лавлаж байхад бидний гурван монгол очиж ярианд оролцож улам хөгжөөж өглөө. Узбекчүүд агт морьдыг их бэлэгшээдэг ард түмэн юм билээ. Доголон Төмөр хааны Ази-Европ-Африкийг донсолгосон аян дайны хөлөг нь хүч хурдтай агт морьд байжээ. Төмөр хааны музейн үзэгчид, тайлбарлагчийг орхиод бидэн дээр ирж, Монгол малчин амьдрал, Монгол наадам, олон насны морьдын уралдааны тухай лавлаж байхад “анхаарлаас холдсон” музейн тайлбарлагч бүсгүй идэвх гарган бичиж авч харагдсан. Бас л нэг ухаан. Бидний сонссоноор Доголон Төмөр хаан, нутгийнхний хэлээр “Амир Тэмур”-ийг Узбекстан улсыг үндэслэн байгуулагч аугаа их суут хүн гэж, манайхан Чингэс хаанаа өргөмжилдөг шиг хүндэтгэн томоохон хот суурин газар хөшөө, дурсгал босгожээ. Ташкент хотын төв талбайд агсам хурдан морин дээр нисэх мэт дүрсэлсэн Төмөр хааны хөшөөнд олон хүн цэцэг тавьж, зургаа татуулдаг цуваа тасардаггүй ажээ. Узбекстанд гадаад улс орны ерөнхийлөгч нарын айлчлалд өндөр ач холбогдол өгч бахархан хүндэлдэг нь харагдсан. Манай улсын Ерөнхийлөгч Цагаадайн гудамжинд хүндэт самбар босгосон, Төмөр хааны музейд Узбекчүүдийн бахархал болсон хурдан морьдын цалин цагаан мөнгөн цутгамал бэлэглэснийг Ташкентынхан төдийгүй зах хязгаар хот, тосгодод бахархан дурсдаг юм билээ. 1994 онд Узбекстан бие даасан тусгаар улс болоод удаагүй байтал Францын Ерөнхийлөгч Митеран албан ёсны айлчлал хийж, Хива хотод зочилжээ. Хива хот бол эртний Хорезмын түүхэн хот, Амударъяа мөрний эрэг дээр байдаг өндөр зузаан хэрмээр хүрээлэгдсэн XIII-XV зууны “цайз хот”. Энэ хотыг эртний түүхэн янзаар нь хадгалж, зочид буудал, дуу бүжгийн хүрээлэн, зоогийн газар, худалдааны төв, зах наймааны талбайг гаргасан нь домогт хаадын ордонд ороод ирсэн юм шиг гайхашруулна. Энэ бүхнийг үзээд Францын Ерөнхийлөгч Хива хотынхонд тал засч, “Хива хотыг үзээгүй Франц хүн гэж байж болохгүй” гээд ам алдчихжээ. Мэдээж сониучхан сэтгүүлчид энэ үгийг Парисын хэвлэлүүдэд уухайн тас цацаж дээ. Ингээд Парис-Ташкент хотын хооронд тэнгэрийн мөнгөн хүлгийн зам нээгдэж, Францын жуулчид цувах болсон гэж Хива хотын “Узбектуризм” компаний захирал Рахимов сонин болгон яриад, та нар эх орондоо очоод, “Хива хотыг үзээгүй Монгол хүн байж болохгүй гэж хэлэх бүрэн эрхтэй. Яагаад гэвэл найман зуу гаруй жилийн өмнө танай өвөг дээдэс энэ хотод амьдарч байсан” гэж наргиа болгож байлаа. Үнэхээр Улаанбаатар-Ташкентийн хооронд (ядахдаа аялал жуулчлалын цагаар) агаарын зам нээчихвэл бид нар хоёр мянга таван зуун жилийн түүхтэй Бага Азийн нутаг, Амударъяа, Сырдаръяа мөрөн, Каракум, Кызылкумийн нүд алдам цөл, Ташкент, Хива, Бухар, Самарканд хотын түүхэн дурсгалт байгууламжийг үзэх, дурсах боломж гарна. Узбекстанд зорчих зардал харьцангуй хямд санагдсан. Тохитой, тухтай буудал өглөөний цай ороод тавь орчим ногоон, байрандаа борцтой шөл “пур хийлгээд” уучих боломжтой. Узбекийн уламжлалт амтлаг гамбир элбэг, хямд.

Узбекстанаар аялахад алхам дутам Монгол түүх “уншигдана”. Бараг хот болгонд Чингисийн морин цэргийн дайралт, галт сум, бэхлэлтийн цөм цохих дүүгүүр мунан суманд сүйрсэн дөрөв таван давхар барилгын дайтай өндөр, гурав дөрвөн алд зузаан шавран, тоосгон цайз хотын хэрэм XIII зууны үеийнхээ эвдэрсэн, задарсан хэвээрээ нүдэнд тусч, сайн мууг бодуулна. Суурин соёл иргэншлийнхэн хот, бүтээн босголтоороо бахархдаг бол нүүдэлчин бид нар эсгий гэр, уул, тал, говь онгон байгалаа магтдаг, гайхуулдаг үе өнгөрчээ.

Узбек гэдэг улсын нэр Чингисийн ууган хүү Зүчийн Бат хааны “Алтан ордон”-ы улсын арав дахь хаан Узбекийн (1312-1342) нэрээр авсан гэвэл үнэмшилгүй сонсогдох байх. Алтан ордны улсын хамгийн хүчирхэг хаан Узбек (Өзбэг)-ийн гурван зуун мянган морин цэрэг Ази-Европыг донсолгож байжээ. Бас нэг чихэнд дулаахан мэдээлэл танд таалагдах байх. Бухар хотод “Монгол хатны сургууль” нэртэй эрдмийн чуулган одоо хүртэл ажиллаж байна. Энэ бол Чингэсийн бага хүү Тулайн эхнэр Сорхогтан хатны 1250-иад онд байгуулсан лалын шашинтны сургууль. Дөнгөж 39 насалсан Тулуй, Өгөөдэй хаан ахынхаа төлөө амиа золиосолсон гэсэн ажиг сэжиг дагуулсан түүхэн баримт бий. Чингисийн хөвгүүдээс татвар эмсгүй, ганцхан хатантай байсан нь Тулуй. Хожим бэлбэсэн хатан Сорхогтаны дөрвөн хүү (Мөнх, Хубилай, Хүлэг, Аригбөх) Их Монгол улсын алтан ургийн хаан ширээг ахар богино, өнө удаан хугацаагаар залгамжилсан юм гэдэг.

Монголын хаадыг хийрхэн магтан дуулах биш эерэг, сөрөг талаас дүгнэлт өгч суралцах хэрэгтэй гэж бодож явдаг хүн цөөхөн байх. Тэдний нэг нь би. Чингисийн байгуулсан Их Монгол улсын задралыг хөвгүүд, ач, гуч нарынх нь эрх мэдэл булаалдсан тэмцэлдээнээс болсон гэдгийг түүхчид ягштал нотолсон. Дөрвөн хөвүүн нь хоёр талцан тэмцэлдэж, хожим Бат хааны чармайлтаар отгон хүү Тулуйн хөвгүүд Их Монгол Улсын хаан ширээний тулаанд Хубилай илдийн ир, нумын мэргэнээр Аригбөх дүүгээ унагаж байж дууссан. XXI зууны Монголын “хаад”, “ноёд” албан тушаал, эрх мэдэл, олз ашгийн (авлигал) төлөө улайрчихаад ногоон, хөх, бор мөнгөний төлөө Монголдоо ч өгөхөөс буцахгүйдээ хүрчээ. Монголоо алдмарууд аа! Түүх, түүхийн сургамж давтагддаг. Доктор Д.Цахилгааны “Батхаан” номд онцлон тэмдэглэснээр “Тарж бутарсан таван монгол” гэдэг мэргэдийн алтан сургаал чинь, Хубилай их Юань улс, Хүлэгийн Ил хаадын улс, Батын “Алтан орд”-ын улс, Цагаадайн Монголстан улсаар үлгэр авсан Монголын гүн ухаан гэдэг юм билээ. Гуравхан сая ам бүлтэй, гундуухан Монгол маань одоо дэлхийгээр нэг тарсан арван саяасаа “тарж бутарсан таван монгол”-ын тасархай. Дахин тасарч, дахин худалдагдах уу? Эргэн цуглаж эвдээ орох уу? гэдэг түүхэн хувь заяа, Монголоо алдмарууд аа! Та нарын гарт байна шүү.   

Жич: Эх сурвалжийг бичээгүйд уучлаарай. Өдрийн сонинд гарсан нийтлэл гэдгийг л сайн санаж байна.                

ТОО
0
0
0