ХИЛ ДЭЭР ВИЗ ОЛГОДОГ БОЛСОН.

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын (ГИХАЭГ) дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй албаны хүмүүс болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтыг зорьсон юм. ГИХАЭГ иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг боловсронгуй, шуурхай хүргэх ажлын хүрээнд энэ оноос Буянт-Ухаа, Дорноговь аймгийн Замын-Үүд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг боомт нэг удаагийн виз, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомт дээр орох виз, олон удаагийн визийг шуурхай олгож эхэлсэн. ГИХАЭГ нь шинэчлэлийг хийхдээ эхний ээлжинд өөрсдөө, байгууллага дотроо хийж болох боломжтой шинэчлэлийн ажлуудыг хэрэгжүүлээд дууссан байна. Тус газрын дарга Б.Пүрэвдоржийг өнгөрсөн жил энэ ажлыг хүлээж авахад ширээн дээр нь виз олгох зөвшөөрөл хүссэн бичиг цаас дүүрэн байжээ. Хил дээрээс БНХАУ, ОХУ-ын иргэдэд виз олгохгүй гэсэн журам байжээ. Үүнээс үүдэн жишээ нь Баян-Өлгийн боомтоор орж ирж байгаа орос жолооч олон удаагийн виз авахын тулд олон даргаар гарын үсэг зуруулж Улаанбаатар руу илгээж, тэр нь ГИХАЭГ-ын хэлтсийн дарга нараар дамжиж, эцэст нь тус газрын даргад хүрдэг байж. Энэ хооронд бүтэн сарын хугацаа алдана. Энэ бүх хүнд суртал, системийг халж, төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэхийн тулд төвд төвлөрөөд байсан эрх мэдлийг орон нутагт нь шилжүүлэхээр шийдсэн нь өдгөө ажил хэрэг болоод явж байна. Уг нь байцаагч нарт нь виз олгох эрх хуулиар олгогдсон байдаг ч түүнийг элдэв журмаар хаачихсан байжээ. Өнгөрсөн тавдугаар сараас боомтууд дээрээс шууд виз олгох ажил эхэлсэн. Алтанбулагийн боомт дээр жилд 320 виз олгодог байж. Өнөөдрийн байдлаар өнгөрсөн тавдугаар сарын нэгнээс хойш 5000 гаруй виз олгоод байгаа юм байна. Тус боомт дээр жилдээ 10 мянган виз олгоно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Виз олголт нэмэгдэхийн хэрээр байцаагч нарын ажиллах барил өөрчлөгдөж, илүү хариуцлагатай болно. Энэ хэрээр байцаагч нарын хяналт сайжрах сайн талтай. Ингэхээр өнөө хуулиар олгогдсон эрх мэдэл нь байцаагч нарт ирж, түүнийг дагаж эрх нь нэмэгдэнэ. Манай хамгийн их ачаалалтай байдаг боомтуудын нэг Буянт-Ухаа. Уг боомт дээр өнгөрсөн жилийнхээс 7000-гаар илүү виз олгоод явж байгаа аж. Өмнө нь уг боомтоор нэвтэрч виз авахын тулд 14 хоногийн өмнө холбогдох бичиг баримтаа ГИХАЭГ-т ирүүлсэн байх ёстой гэсэн журам үйлчилдэг байжээ. Харин одоо шууд авдаг болсон. Тус газрынхан байгууллагадаа үйлчилдэг 86 журмын 44-ийг нь хүчингүй болгож байж шинэчлэлийн энэ ажлыг эхлүүлсэн юм байна. Өөрөөр хэлбэл төв рүү бүх зүйлийг төвлөрүүлж зөвхөн дарга, хэлтсийн дарга нар нь асуудлаа шийддэг байсан тогтолцооноос татгалзаж, орон нутагт нь эрх мэдлийг шилжүүлжээ. Гэхдээ энэ ажлыг хийхэд нэг өглөө шийдсэн хэрэг биш. Олон сарын турш ярьж, хэлэлцэж, хэрэгжүүлсэн нь мэдээж. Гадаадын 48 мянган иргэн түр хугацаагаар оршин суух зөвшөөрөл олгоод байгаа аж. Тэдний ихэнх нь хөдөлмөрлөх, сурах, хөрөнгө оруулах гэсэн зорилгоор ирсэн хүмүүс. Гэхдээ сайны хажуугаар садаа мундахгүй гэгчээр эдгээр иргэдээс “харлах” тохиолдол гарна. Гэхдээ гарын арван хуруунд багтах төдий иргэд л харладаг тухай холбогдох хүмүүс нь ярьж байна. Харласан тэдгээр хүмүүсийг тэр дор нь илрүүлдэг гэсэн. Визийг ингэж хил дээрээс шууд олгодог болсон нь зарим хүмүүст үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй юм биш үү гэсэн бодол төрүүлж магад. Байцаагч виз олгохдоо, тухайн хүний аяллын зорилго, ямар хугацаагаар орж гарах зэргийг маш нарийн шалгадаг гэнэ. Хэрвээ байцаагч виз олгоод оруулсан гадаадын иргэнээ алдвал эрхийг нь тодорхой хугацаагаар хасах хүртэл арга хэмжээ авдаг юм байна. Ийм учраас улсын байцаагч нар ажилдаа хариуцлагатай хандаж, цаагуураа улс эх орны аюулгүй байдалтай холбоотой зүйл давхар явж байгаа гэдгийг нарийн ухамсарладаг аж. Ховд аймгийн Булганы Ярантын боомт дээр өнгөрсөн онд 23 виз олгосон бол өнөө жил 670-г олгоод байгаа бөгөөд орж ирсэн хүмүүс хугацаандаа гараад явж байгаа. Өнөөдрийг хүртэл нэг ч байцаагч асуудал гаргаагүй ажиллах буй нь манай албан хаагчдын хариуцлагатай ажиллаж байгаагийн нэг жишээ гэж Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж ярьсан юм. Тэрээр “Монголчууд дэлхий нийтийн анхаарлыг эдийн засгаараа татаж байгаа энэ үед үндэсний аюулгүй байдлыг хангаж ажиллах нь чухал. Мөн эдийн засаг өсч байгаа энэ үед ямар нэг хүнд сурталгүй хурдан шуурхай ажиллаж төрийн үйлчилгээг үзүүлэх хэрэгтэй” гэж нэмж хэлсэн. Харлаж байгаа гэх гадаадын иргэд ихэвчлэн Гадаад харилцааны яамны консулуудаар дамжиж орж ирсэн нөхдүүд байдаг гэнэ. Тэднийг илрүүлж, хөөж гаргадаг ажлыг бас эдний газрынхан хариуцан гүйцэтгэдэг. Гадаадын нэг иргэн орж ирлээ гэхэд ГХЯ-ны консул, хилийн шалган гэх мэт байгууллагаар дамжаад энд амьдрах хугацаанд нь цагдаа, тагнуул, ГИХАЭГ давхар хяналт тавина. Сүүлийн нэг жилийн хугацаанд гадаадын 1900 иргэнийг албадан гаргаад байгаа гэнэ. Албадан гаргасан гадныхны цөөхөн хэдийг нь манай цагдаа, тагнуулын хүсэлтээр гаргасан байдаг юм байна. Ингэхээр албадан гаргах энэ ажлыг бүхэлд нь тус газрын хяналтын арваадхан хүн л хийдэг болж. Ийм болохоор тус газрынхан үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэхийн тулд “Immigration police”-тэй болж байгаа гэнэ. Хилээр орж ирсэн гадны иргэн эдний байгууллагын бүртгэлд ордог. Тэгээд сарын хугацаанаасаа хэтэрвэл мөрдөн байцаагч нар хөөж олоод шалгана. Боомтын тухай хууль ирэх сарын эхээр хэлэлцэгдэх юм байна. Уг хуулиар хилийн цэргийн шалган нэвтрүүлэх чиг үүргийн ажил ГИХАЭГ-т ирж байгаа юм байна. Мөн мөрдөх албаны хуулиар цагаачлалын албаны мөрдөн байцаагчтай болно. Ийм бүтэц бүрэлдэхүүнтэй болвол Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль бусаар амьдарч байгаа, ирсэн зорилгоосоо өөр ажил хийж байгаа хүмүүсийг албадан гаргах маш их чадамжтай бүтэц бий болгож чадна гэж тус газрынхан үзэж байгаа аж. Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр жилдээ 50 сая тонн нүүрс гаргах гэрээг манайхан хийсэн. Гэтэл өнөөдөр байгаа төрийн байгууллагуудын ажиллаж буй бүтэц, хурдаар тийм хэмжээний нүүрс гаргах ямар ч боломж байхгүй гэнэ. Нүүрс тээвэрлэдэг гадаадын жолооч нар визийн зөвшөөрөл авахын тулд бүтэн нэг сар зарцуулдаг байсныг өөрчилж, хоёр өдөрт л энэ ажлыг нь амжуулах тийм схем гаргажээ. Одоо орох визээ Бээжин, Хөх хотоос бус Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоос авдаг болж байна. Дэлхийн ихэнх оронд Immigration гэсэн ганцхан газрын хяналтын дор гадаадын иргэдийг оруулаад гаргадаг. Тийм хялбар мөртлөө, хяналт сайтай тогтолцоог ихэнх орнууд сонгосон. Манайх ч яваандаа энэ жишиг рүү орох хандлагатай байгаа аж. Ийм шинэчлэлүүдээс гадна ГИХАЭГ техник технологийнхоо тал дээр ч хэд хэдэн ажил эхлүүлжээ. Онлайнаар бүртгүүлэх программыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Тухайн иргэн, байгууллага өрөөнөөсөө уг программаар дамжуулан виз авах хүсэлтээ ирүүлэнгүүт байцаагч нар хариу өгдөг болж байгаа аж. Ингэснээр хурдан шуурхай үйлчлэх бас нэг суваг нээгдэх юм байна. Буянт-Ухаа, Замын-Үүд боомт зэрэг хил нэвтрэлт ихтэй боомтууд дээр Монгол Улсын иргэд хурууны хээгээ шалгуулаад ордог нэвтрүүлэх хаалгуудыг байрлуулах ажил эхэлжээ. Ирэх гуравдугаар сар гэхэд энэ үйлчилгээг бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. Гашуунсухайтын боомтоор нэвтрэхэд паспортыг нь шалгадаг бол Хятадын талд хурууны хээг нь шалгаад нэвтрүүлдэг технологи хэдийнэ нэвтэрчээ. Аль аль талдаа чирэгдэл, дараалал бага үүсгэхийн тулд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Гашуунсухайтын боомтоор орж байгаа нүүрс тээвэрлэдэг жолооч машинаасаа буулгүй цонхоороо гараа гаргаад л хурууны хээгээ шалгуулаад нэвтрэх төхөөрөмжийг суурилуулж эхэлсэн байна. Хэрвээ уг төхөөрөмжийг бүрэн ашиглалтад оруулбал одоогийн урт цуваа хэд дахин багасна гэсэн тооцоо гарчээ. ГИХАЭГ-ын дарга болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч Гашуунсухайтын боомтын үйл ажиллагаатай танилцах үеэр “Өмнө нь бид нар хөдөлмөр эрхлэх болон олон удаагийн визавахын тулд Улаанбаатар хот руу очиж олон хоногоо алддаг байсан. Харин одоо шууд авдаг болсон. Үүнд манай жолооч их баярлаж байгаа. Сарын турш хөөцөлдөн байж виз авдаг байсан бол одоо өдөртөө авдаг боллоо” гэж Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоор нүүрс тээвэрлэдэг гадаадын жолооч нар ярьж байлаа. Энэ үеэр ГИХАЭГ-ынхан Гашуунсухайт боомтын дарга, Гаалын газрын дарга, Хилийн мэргэжлийн хяналтын хэлтсийн ахлах, байцаагч, нүүрсний тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, компаниудын төлөөлөгчтэй уулзаж боомт дээр олгож буй орох виз, олон удаагийн визийн үйлчилгээний талаар санал солилцсон. Гадаад иргэн харьяатын асуудал эрхлэх газрын Өмнөговь аймаг дахь албаны дарга Ц.Пүрэвсүрэн “Манай алба 14 албан хаагчийн орон тоотойгоор Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг хариуцан ажиллаж байна. Энэ сарын дундах арав хоногийн байдлаар гадаадын 347 иргэнд визийн шилжүүлэг хийж, 82 иргэнд орох виз, таван иргэнд гарах, орох визийг олгоод байна. Мөн виз, бүртгэл, оршин суух зөвшөөрөл, Хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн 11 аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын 145 иргэнд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авч эдгээрээс 40 иргэнийг албадан гаргалаа” хэмээгээд Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудад виз олгож эхэлснээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад Улаанбаатар явж цаг алдахгүй, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдлээ гэсэн юм.     

ТОО
0
0
0