САРЬДАГИЙН ХИЙДИЙН ТУУРИНААС ОЛДВОРУУД ОЛЖЭЭ.

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах Сарьдагийн хийдийн тууриас урьд өмнө илэрч, байгаагүй, нарийн хийцтэй олдворууд гарчээ. Энэ талаар Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл болон Соёлын өвийн төв, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Богд хааны ордон музейн албаны хүмүүс мэдээлэл өгчээ. Тус хийдийн тууринд өнгөрөгч наймдугаар сараас эхлэн дээрх байгууллагууд хамтран малтлага хийжээ. Уг хийд нь уран барилга, хот байгуулалт талаасаа монголчуудын XVII зуунд үүсгэн байгуулсан хот суурин, хүрээ хийдийн барилга архитектурын нэгэн сонирхолтой шийдэл хэмээн түүхэнд бүртгэгдсэн байдаг байна. Хэвлэлийн бага хурлын үеэр ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун “малтлагын үеэр маш зузаан боржин чулуу илэрсэн бөгөөд дараа дараагийн малтлагаар хийдийн дээврийн ваарны хэлтэрхий, модон хийцийн багана гарч ирсэн. Улмаар шатсан мод, суварга маягийн шавар эдлэлээс гадна гүн рүү нь орох тусам жижиг шавар бурханууд, том шавар бурханы хөлийн хуруу, төмөр жадны хэлбэр, хээ чимэглэл, ваарны нүүр, хүрэл тогоо гэх мэт нэн ховорт тооцогдох олдворууд олдсоор байгаа” тухай мэдэгджээ. Хавар дулааны улирал эхлэхэд тус газарт хийх малтлага үргэлжлэх юм. Нөгөө талаас ирэх жил Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой тохиох учраас малтлага бүрэн дууссаны дараа олдворуудыг эвлүүлж, сэргээн засварлаж, нэгдсэн үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна. Одоогийн байдлаар олдоод байгаа олдворуудыг Богд хааны ордон музейд хадгалж байгаа бөгөөд тус музей нь эдгээр олдворуудыг малтаж гаргах ажилд судалгааны суурь бааз болж ажиллаж байгаа аж. Уг хийдийн түүхээс сөхвөл анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар 20 настай буюу 1654 оноос эхлэн Хэнтий ханы өвөрт номын их хийд “Рево Гэжай Ганданшадүвлин” буюу “Дэлгэр Өлзийт уулын төгс баясгалант номнол бүтээлийн сүм”-ийг байгуулж эхэлсэн түүхтэй. Улмаар энэхүү хүрээ хийд нь өндөр гэгээний 52 нас сүүдэр тохиосон 1686 онд бүрэн баригдаж дуусчээ. Тиймээс уг хийд нь Өндөр гэгээний 30 гаруй жилийн хөдөлмөр, ур ухаан шингэсэн их бүтээн байгуулалт байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна. Гэвч ашиглалтад орсноос хойш төд удалгүй 1689 онд Халх Ойрадын үймээний үеэр Галдан Бошигт хаан цэрэглэн ирж Рибо Гэжай Гэнданшадүвлин буюу Сарьдагийн хийдийг бүхэлд нь эвдэн сүйтгэсэн аж.


ТОО
0
0
0