ЗӨГИЙ


Шаамарын зөгийчин Д.Эрдэнэчимэг: Зөгий эзнийхээ ааш занг дагадаг. Тэжээж буй хүн тайван, дөлгөөн бол зөгий нь номхон, амгалан байдаг. Харин хурдан шалмаг хөдөлгөөнтэй, чанга дуутай, ширүүн хүний зөгий ааш муутай байх нь элбэг. Зөгийтэйгээ ойр ажиллахдаа цагаан өнгөтэй, цэвэр даавуугаар хийсэн комбинзон маягийн хувцас өмсдөг. Нүүр, хүзүүгээ далдалсан торон малгай өмсөнө. Нэг үүрэн дотор арваад сархиаг бий. Зөгийнүүд сархиагаа бүчин балаа шахна. Уртаа бөгстэй хатан зөгий ажилч зөгийний дундуур чихэн авгалдайгаа шахахаар хоосон нүх хайдаг. Үүрнээс гаргах зуур зөгийнүүд агаарт барагтай бол нисэхгүй. Хийж байгаа ажилдаа улайран сархиаган дээрээ л шаваад байдаг. Зөгий ер нь хүнийг хатгая гэж хатгадаггүй. Хүнтэй ойр нисэж явахад, эсвэл зүгээр л бие дээр нь суухад хатгах гэж байна гэж ойлгоод гар хөлөө савчуулан зөгийг хөөхөөр зөгий айсандаа, биеэ хамгаалах гэж хатгачихдаг. Ингэж хатгасан зөгий 2-3 цагийн дараа үхдэг. Зөгий нэг уурлавал муухай аашаа гаргаж, ганцаараа дийлэхгүй бол үүр рүүгээ очоод бусдыгаа дуудна. Сүргээрээ нисэж ирээд өшөөгөө аваад буцдаг боловч харамсалтай нь хүнийг хатгаад хатгуургүй болчихдог тул удахгүй үхнэ гэдгээ мэддэггүй. Өөрөөр хэлбэл, зөгий амь нэгтэй “хамт олон” байх гэж нэгнийхээ төлөө бүлээрээ, үүрээрээ хиаран үхэх аюулд хүрдэг.

Миний хувьд ховорхон төрдөгөөр нь хатан зөгийг үржүүлдэг. Байгалийн жамаараа маш ховор төрдөг болохоор зохиомлоор хатан зөгий гарган авах ажилд зүтгэж байна. Ингэхдээ гурваас тав хоногтой авгалдайг тусгай саванд хийн хэлбэрт оруулдаг. Ингэж тусгаарлахаар хэд хоногийн дараа хатан зөгий болох эсэх нь мэдэгдэнэ. Хэрэв буруу тусгаарласан байвал хатан зөгий тэр авгалдайг голоод үгүй хийнэ. Зөв бол өнөөхийг сүүнцэрээр тэжээж эхэлдэг. Ингэж зохиомолоор гаргаж авсан хатан зөгийгөө нэг ширхэгийг нь 10 мянган төгрөгөөр зардаг. Зөгийн бүлээ нэмэх гэсэн хүмүүс хол, ойроос хатан зөгий авах гэж манайхыг зорин ирдэг. Нэгэнт хатан зөгийтэй болчихвол өөр үүрний ажилчин зөгийтэй нийлүүлчихээр шинэ гэр бүл үүсгэж чаддаг. Харин нэг бүлд хоёр хатан зөгий байдаггүй. Хоёр хатан зөгийтэй бүл долоо ч хоног тэсэхгүй тардаг. Зөгий гадаах хэм тогтмол хасах руу орох үед буюу арваннэгдүгээр сарын эхний арав хоногт ичдэг. Ичээндээ орохоор зооринд хийчихнэ. Зөгий өвөл идэх гэж балаа хураадаг. Өөрийг нь идэж амжихаас урьтаад балыг нь авчихдаг учраас зөгийнд идшийг нь бэлдэж өгнө. Элсэн чихрийг устай холиод үүрэнд нь тавьж өгдөг. Нэг бүл зөгийнд найман кг элсэн чихэр зарцуулна. 40 литр битонд 30кг элсэн чихэр, 15 литр ус хийж уусмалаа гаргаж авдаг. Зөгийг нэгэнт зооринд хийж ичээсэн бол хугацаанаас нь өмнө гаргаж, үүрийг нь онгойлгож болохгүй. Тиймээс хоол, тэжээлийг нь маш нарийн тааруулж өгөх хэрэгтэй. Хэрэв хоол нь багадвал үүрэндээ өлсөөд үхчихсэн байдаг. Харин хоолыг нь ихдүүлбэл гэдэс дотор нь хямраад бас л үхчихнэ. Мөн ичих үед үүрийг нь сайн бэлдэж өгөх хэрэгтэй бөгөөд балаа хурааж авах сүүлийн өдөр буюу есдүгээр сарын 5-аас эхлэн үүрийг нь бэлдэж, зөгийгөө ичихэд нь бэлтгэнэ. Элдэв өвчнөөс сэргийлж эм бэлдмэлтэй утаагаар үүрийг нь утаж болно.

Сэлэнгэ, Дархан, Архангай, Өвөрхангай, Хэнтий гээд хаанаас л бол хаанаас утасдана. Дандаа “Манай зөгийг үзээд өгөөч” гэсэн урилга байдаг. Өвөлжих бэлтгэл ажил зөв хийгдэж үү, өвчин туссан байна уу, хоол тэжээл нь таарч уу гээд л зөгийтэй холбоотой янз бүрийн л юм асууна. Тэр бүрт зав гаргаж очихыг хичээдэг. Зарим айлд очоод зөгийний үүрийг нээлгүй гаднаас нь хараад л мэдчихнэ шүү дээ. Өөрийн мэддэг чаддагаа хуваалцаад ирсэн дээ. Зарим өвөл гадагшаа явж зөгий үзнэ. Зөгийнийхөө цусыг холтгох гэж, шинэ зөгий оруулж ирэх гэж гадагшаа яваад ирэхэд хавар болж зөгийгөө ичээнээс нь гаргах цаг болсон байдаг. Зөгийг дөрөвдүгээр сарын эхний арав хоногт гаргана. Зургаан сар хүртэл элсэн чихрээр тэжээнэ. Бэлчээрт гарах үе хүртэл бас ажил ихтэй. Үүрэнд нь ариутгал хийх, үржлийн ажилд нь бэлтгэх гээд өдөр бүр өглөөнөөс орой хүртэл ажиллана. Манайх 100 бүл зөгийнөөсөө жилд нэг тонн бал авдаг. Хүн бүл цөөнтэй учраас энд тэндэхийн үзэсгэлэнт худалдаанд оролцож балаа борлуулж чаддаггүй, жижиглэнгээр зарсаар байгаад жилдээ арав сая төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг. Зөгийнийхөө хажуугаар хашаандаа төрөл бүрийн нарийн ногоо, жимс тарьж, намар шинэ ургацаа хурааж аваад ногоогоо дарж, жимсээрээ чанамал, компот хийгээд энд тэндэхийн дэлгүүрт зардаг. Гуч гаруй жил зөгийтэй амьдралаа холбосны ажлыг маань үнэлж 2010 онд ХХААХҮЯ-ны тэргүүний ажилтан тэмдэг, 2011 онд хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан.

Байшингийнхаа хоёр талаар зөгийн үүрээ эгнүүлээд ягаан, цэнхэр, шар гээд аль  болох тод өнгөөр зөгийн үүрээ будна. Ногоон юмуу бараанаар будчихвал зөгий үүрээ андуураад байдаг. Хөлийн өвдгөөр татахуйц өндөртэй үүрийг тод өнгөөр алаглуулан будчихаар байгалийн өнгө гандсан ч гэлээ зуныг санагдуулна шүү. Манай хашаанд Улаанбаатар хотын хүн амаас олон зөгий байгаа, 100 бүл зөгий тэжээдэг учраас. Нэг бүл нь дунджаар 15 мянган зөгийтэй гээд бодохоор 1.5 сая гаруй зөгийтэй гэсэн үг. Үүрэндээ байх үед дүнгэнээн нь бага, ид зуны улиралд нар мандах, эсвэл жаргах үед зөгийнүүд үүрнээсээ гарч орохдоо дүнгэнээ ихтэй болно. Дүнгэнээг нь сайн сонсвол усны урсгал шиг, голын эрэг дээр чимээ гаргалгүй  суугаад л байвал усны урсгал улам тод сонсогддогтой адилхан.

Зөгийн бал эхлээд шингэн байснаа жаахан удаад ирэхээр царцаад цагаан шаргал өнгөтэй болдог. Шингэн нь гадуур худалдаанд байдгийг бодвол хамаагүй өтгөн. Царцуу нь харин арай өөр өнгөтэй. яг зөгийчид бол балаа устай холихгүй, харин наймаачид л усаар шингэлээд байх шиг байгаа юм. Өнгөрсөн жил балныхаа дээжийг лабораторид өгч шинжлүүлэхэд хоёр зуугаас дээш ургамлын найрлагатай гэдгийг нь тогтоож өгсөн. Амьдралын маань 30 жил зөгийтэй холбоотой учраас гэрийн маань эд хогшилд зөгийний зураг дүрс их бий. Цайны аяга маань зөгийн зурагтай, давс, элсэн чихэрийн сав нь сархиаг шиг хээтэй, гэрлийн бүрхүүл нь зөгийн хэлбэртэй гээд.

Анх 1980  онд бригад, фермерт дарга бэлтгэх 45 хоногийн курст суун зөгийчин болсон.  “Анх зөгийд хатгуулахад жигтэйхэн өвддөг байсан. Тэр хавиар дуу шуу татуулан хэсэгтээ л сүржин юм болно. Яана даа л гэж  боддог байлаа. Одоо харин тоохоо больсон. Хааяа нэг хатгахаар нь өө гэчихээд л өнгөрнө, “дасчихдаг юм”  байна. Хатгалт гэснээс сүүлийн үед хүний хөл тасрахаа байсан. Тэнд ч өвдөөд байна, энд ч болохоо  байлаа ганц хатгуулаад өгөөч гэсэн хүмүүс хэзээ л бол хэзээ хүрээд ирнэ. Эхэндээ анагаахын мэргэжлийн хүн биш болохоор цааргалдаг байсан ч одоо бол гуйгаад ирвэл зөгийгөөрөө хатгаад өгдөг болсон. Хуян хөөрлөө, үе мөч өвдлөө, хүзүү хөшөөд байна гээд янз бүрийн хүн ирнэ.  Өвдөж байгаа газар нь  хатгаад өгөхөөр ямар ч байсан үр дүнгээ өгдөг бололтой. Би эмнэлгийн мэргэжилтэй хүн биш, зөгийчин гэдгийг маань мэдэж байгаа биз дээ гээд хоёулаа ярилцаж байгаад л хатгуулчихдаг. Хэдэн өдөр  байтгуай сар, жил болсон ч дахиж өвдөхгүй байна гэж ярьдаг. Тэгэхээр зөгийнд хатгуулах ашиг тус ихтэй шиг байгаа юм. Би өөрөө ямар нэгэн өвчин хуучгүй, зөгийд хатгуулсны үр дүн юм байлгүй. Ер нь зөгий олон талын ашигтай амьтан. Лавыг нь гоо сайханд, жилийг нь хавдрын эсрэг, тоосормогийг нь  дархлаа сайжруулахад хэрэглэнэ. Зөгийн хор харин маш ховор. Гурван мянган бүл зөгийнөөс нэг кг хор гаргаж авдаг. Өвчин намдаахад хэрэглэдэг уг хорны наймаа мафийн хэмжээнд явагддаг гэсэн. Харин манайхан тэр бүр хорыг нь гаргаж авдаггүй гэнэ лээ. Мөн зөгийн сүүнцэр гэж бий. Сүүнцэр хөгшрөлтийн  эсрэг үйлчилгээтэй. Сүүлийн үед  бүсгүйчүүд байнга л  сүүнцэр сурагладаг болжээ. Түүнчлэн  гадны гоо сайхны компаниуд бүтээгдэхүүнийхээ найрлагад сүүнцэр оруулж  байгаа гэнэ. Зөгий өдөржин бэлчээрт гараад орой ирэхдээ хоёр сагсандаа цэцгийн тоостой ирдэг. Хойд хоёр хөлийх нь хажууд байх уут шиг зүйлийг сагс гэдэг. Түүндээ өдөр бүр цэцгийн тоостой ирнэ. Шар будааны чинээ цэцгийн тоос хүний биеийн дархлааг сайжруулдаг, ядаргаанд сайн.  Усанд хутгаад тогтмол ууж чадвал элдэв өвчин тусахгүй, ядрахгүй гэсэн. Зөгийн үүрэнд байх сархиагийг балтай нь холиод л зажилж болно. Амны хөндийн үрэвсэлд тустай. Хоолойн ангиныг ч арилгах ид шидтэй. Амьд зөгийн ач тус иймэрхүү. Бүр үхсэн хойно нь ч ашиглаж болно. Үүрэндээ үхсэн зөгийг хатаачихдаг. Үүнийг эрэгтэй хүмүүс архинд хандлаад өдөрт нь нэг халбагыг уугаад байвал түрүү булчирхайн өвчнөөс айлтгүй, бас бэлгийн чадавхийг дээшлүүлдэг гэж байгаа. Ингээд үндсэндээ зөгий гэдэг гэдэг амьтнаас хаяах юм үлддэггүй. Ажилчин зөгий богино настай, харин хатан зөгий урт настай. Хатан зөгий таван жил насалдаг бөгөөд идэвхитэй амьдрал нь гурван жил үргэлжилнэ. Эр зөгий гуравхан сар амьдардаг бөгөөд амьдрах хугацааны гол ажил нь хатан зөгийг хээлтүүлэх. Гэхдээ ганцаараа биш. Үүрнийхээ бусад эр зөгийтэй нийлж аваад хатан зөгийн хамт агаарт гарна. Агаарт гарсан бүх эр зөгий хатан зөгийтэйгээ үржилд ордог. Үндсэн ажил амьдралынх нь гол зорилго ингээд л дуусна. Нэгэнт хатан зөгийг хээлтүүлсэн бол эр зөгийн хэрэг тэр бүлд байхгүй. Тиймээс намар хүйт орох үед хатан зөгий эрийгээ хөөнө. Эр зөгий ажил хийдэггүй учраас “хоолны сав” гэж үздэг бөгөөд үүрнээсээ хөөгдсөн эр зөгий төд удалгүй үхдэг. Харин ажилч зөгий 45 хоногийн настай. Төрсөн цагаасаа л үүрээ барих, бал цуглуулах, цэцгийн тоос олж ирэх гэж өдөр шөнөгүй ажиллана. Бүлийнхээ төлөө ингэж ажиллаад төд удалгүй үхчихнэ. Харин хатан зөгий онцгой эрхтэй, бусад шигээ гадуур гарч идэш тэжээл хайхгүй. Ажилч зөгийнөөс ялгарах сүүнцэрээр л хооллоно. Тэр нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй гэдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. Тийм ч учраас хатан зөгий урт насалдаг биз. Биеийн хувьд ажилч зөгийнөөс том. Эр зөгийтэй харьцуулбал бөгс томтой. Хатан зөгий насан туршдаа ганцхан удаа хээлтэх ба 21 хоногт 1000-1500 авгалдай гаргадаг онцлогтой.  

ТОО
0
0
0