МОНГОЛЫН ГОВЬ ДЭЛХИЙН ШУВУУНЫ АЯЛАГЧДЫН АНХААРЛЫГ ТАТАЖ БАЙНА.

MIAT компаний “Хөөрөх цэг” сэтгүүлд нийтэлсэн материал

 

Mongolian guide tour ХХК-ны захирал Ч.Буянбадрах


Манай Монгол орны шувууд нь гадаадын олон орны жуулчдын анхаарлыг татдаг бөгөөд шувуу ажиглах аялал нь байгалийн янз бүрийн бүслүүрүүдэд явагддаг. Маш бартаатай замаар аялдаг бөгөөд шувууны аялагчид тэрхүү замын бэрхшээлүүдэд огт түүртэлгүйгээр аялдаг билээ. Олж харах гэсэн шувуу нь л байж байвал аяллын нөхцөлийг төдийлөн нэгдүгээрт тавьдаггүй хүмүүс байдаг. Монгол орны нийт нутгаар гадаадын олон судлаачид, ажиглагчид шувуу ажиглах аялал хийдэг. Тэд Монголын говь нутагт хамгийн олон зүйл шувуудыг харах боломжтой гэж дүгнэж байна. Тухайлбал, хангайн бүсийн “Өгий нуур”-т 140 орчим зүйлийн шувуудыг харах боломжтой бол Өмнөговь аймгийн “Говь гурван сайхан” ууланд 240 гаруй зүйл шувуудыг харж ажиглах боломжтой байдгаараа онцлог.



Аяллын явцад GРRS болон шувууны дуу бичсэн магнитифон, дуран, шувуу дуудах багаж  зэрэг зүйлүүд хэрэг болно. Ерөнхийдөө 5 дугаар сарын 25-наас 7 сарын 1-ны хооронд шувуу ажиглахаар жуулчид ирдэг. Шувууд хавар 5 дугаар сарын үед хамгийн гоё өнгө зүстэй байдгаас гадна тэдний үржил явагддаг үе учраас эр эм шувууд  хамтдаа тааралдах нь элбэг байдаг. Тийм учраас жуулчид энэ үед шувуу ажиглах аялалд гардаг байна.  Монгол оронд маш олон шувууд ирж үрждэг онцлогтой. Гэвч шувууны хөтөч тайлбарлагч нар намар 10 сарын үед говь нутгаар ажиглалт хийвэл илүү олон ховор зүйлүүдийг олж харах боломжтой гэж ярьдаг. Намар шувууд буцахдаа говийн жижигхэн ус нууруудад хоргодог хоргодон буцдаг ажээ.


 

Шувуу ажиглагч хүний дундаж нас 40-өөс дээш байх бөгөөд ихэнх нь тэтгэвэрт гарсан өндөр настангууд байдаг. Мөн янз бүрийн шалтгааны улмаас хөлөндөө гэмтэл авсан хүмүүс алхаа гишгээгээ сайжруулахын тулд зориуд шувуу ажиглагч болох нь олон байдаг.  Шувуу ажиглагч жуулчдын сэтгэлгээ хүртэл жирийн хүмүүсээс өөр байдаг. Өдөр тутмын үг яриа нь шувууны тухай сэдэв рүү хальтран орох нь хэвийн үзэгдэл бөгөөд тэдний эдэлж хэрэглэж буй дэвтэр бал үзэг, уут сав, цүнх гээд бүхий л зүйлс нь ямар нэгэн шувууны дүрстэй байна. Мөн шувууны эмблем бүхий малгай, хүрэм гэх мэтийг өмсөж яваа харагддаг.  Хөгжингүй орнуудад өндөр настнууд нь өөрсдийн сонирхлын шугамаар ямар нэгэн клуб дугуйланд хамрагдаж найз нөхдийнхөө хүрээг тэлж аялж амран амьдралынхаа сүүлийн хэсгийг маш аз жаргалтайгаар өнгөрүүлэхийг хүсдэг. Тэрхүү амралт зугаалгын нэг хэлбэр нь шувуу ажиглах аялал бөгөөд энэ чиглэлийн хүмүүс маш олон клубуудэд  зохион байгуулагдсан байдаг. Тэд өөр өөрийн аяллын талаар мэдээлэл солилцож хаана ямар шинэ сонин шувуу харснаа ярилцдаг. Жуулчдын харахыг хүссэн шувууны 25 хувийг шар шувуу эзэлдэг байна.


 

Шувууны аяллын тухай сүүл үеийн мэдээнээс дуулгахад, “Mongolian guide tour” компани 2009 оны 5 дугаар сарын 18-наас 14 хоногийн хугацаатай шувуу ажиглах аяллыг Өмнөговь аймагт амжилттай зохион байгууллаа. Энэхүү аялалд шувуу ажиглагч, сонирхогч Х.Түмэндэлгэр, хөтөч тайлбарлагч Ч.Буянбадрах, Японы шувуу ажиглагч 2 жуулчин оролцсон юм. Аяллын явцад нийт 140 гаруй зүйл шувууг ажиглаж, олон төрлийн хөхтөн амьтадыг харсан бөгөөд олж харахыг зорьсон бүх шувуугаа харж чадсан юм. Мөн аяллын хамгийн сонирхолтой зүйл бол Монгол оронд урьд өмнө тэмдэглэгдэж байгаагүй шинэ шувууг нээсэн явдал байлаа. Энэ шувуу нь галт сүүлтийн төрөл бөгөөд “White-capped Redstart” гэж нэрлэгддэг. Японы 2 ажиглагч маань дахин дахин нягталж үзээд үнэхээр Монголд урьд өмнө тэмдэглэгдэж байгаагүй шувууг олж харсандаа тун баяртай байсан билээ. Мөн жуулчид маань “Монголын говьд хамгийн олон ховор шувуудыг харж чадах юм байна”  гэж тодорхойлсон билээ.

 

Уншигчиддаа Монгол орны зарим шувуудын талаар танилцуулъя.

 

Хулан жороо (Podoces hendersoni, Mongolian Ground Jay) Азийн унаган ба дэлхийн хэмжээнд ховордож буй шувуу бөгөөд Монголоос өөр хаана ч байхгүй болсон. Энэ шувууг Монголын говьд л харах боломжтой.  Нутгийнхан “говийн шаазгай” хэмээн нэрлэдэг. Зулай, сүүлний үзүүр, далавчны ирмэг нь хар мэт боловч сайн ажиглавал гүн ногоон өнгөтэй, цагаан судалтай байдаг. Уул толгодын бэл, томоохон заг, бут ихэвчлэн бүйлс бараадан амьдардаг. Зун хоол тэжээл элбэгшихээр тархан алга болоод өвөл цас их унаж хоол тэжээл дутагдвал айл бараадан ирдэг. Хошууны үзүүр доошоо үл ялиг махир бөгөөд газар онгилон ухахад зохицсон байдаг. Бут дамжин маш хурдан явгалан гүйх бөгөөд ихэнхдээ хосоороо амьдардаг, сэргэлэн сонор соргог шувуу юм. Жижиг гүрвэл, голио, царцаа, бүйлсний хонхорцгоор хооллодог.



Ёл (Gypaetus barbatus, Lammergeyer) бол хамгийн өндөрт амьдрах чадвартай шувуу:  Дэлхий дээр зөвхөн Төв Азид далайн төвшнөөс дээш 1500-3000 метр өндөрт оршдог ховор шувуу юм. Жигүүрээ дэлгэсэн үед далавчны урт 2.5-3 метр хүрдэг. Ёл шувууг бусад жигүүртнээс таних хялбар арга бол эрүүн доор байх хялгасан сахал юм. Мөн толгойн дундуур хэсэг ба цээж нь цагаан байдаг. Эмэгчин ёл хавар эрт 2 дугаар сард ихэвчлэн хоёр өндөг гаргана. Эрэгчинтэйгээ ээлжлэн 50 гаруй хоног дарж ангаахай болгоно. Намар есөн сар гэхэд бие гүйцэж үнсэн хөх зүстэй болдог. Ёл газарт бараг бууж ирдэггүй бөгөөд өндөрт нисэж, өндөр газарт үүрээ засдаг. Зөвхөн үхсэн малын сэг зэмээр хооллодог бөгөөд ясыг хаданд шидэж бутлан иднэ. Салхинаас өөр юу ч үл хүрэх тийм бартаа саад ихтэй газар амьдардаг. Далайн төвшнөөс дээш 3000 метрийн өндөрт амьдрах чадвартай шувуу юм. Ёл шувууны ходоод, сангас зэрэг нь маш сайн чанарын эмийн бодис агуулдаг байна. Эрт үед хүмүүс ёл шувууны ходоод, сангасыг дотор эрхтний үрэвсэлд хэрэглэдэг байв. 

 


Хэрээ (Corvus) бол хамгийн ухаантай шувуу: Хүний хэлний 42-50 авиаг дуурайж чаддаг. Дэлхий дээр хэрээний овогт багтах 20 төрөлд хамаарах 100 зүйлийн шувуу байдаг. Бидний сайн мэдэх алаг шаазгай, самарч шаазгай, ятга шаазгай, улаан хошуут, алагтуу, турлиах, хар хэрээ, хон хэрээ гэх мэт шувууд багтана.  Хэрээ амьтны сэг зэм, жижиг сээр нуруутан, шавьж, ургамлын үр тариагаар хооллодог. Хавар бусад шувуудаас эрт өндөглөнө. Хосоороо буюу сүргээрээ мод бут, бургас, хадан цохио, байшин барилгуудад үүрлэн 3-9 ширхэг өндөг гаргана. Энэ овогт багтдаг шувууд ухаалаг байдгаараа онцлог. Өөрийн үүрэндээ таалагдсан элдэв чамин өнгөтэй, гялалзсан шил толь, ээмэг бөгж, зүүлт гэх мэтийг авчирч хадгалан өмчирхдөг ажээ.

 


Анч бүргэдийн (Aquila chrysaetos, Golden Eagle) 99% нь эм бүргэд байдаг: Өдрийн махчин шувууны гол төлөөлөгч нь бүргэд юм. Бүргэд нь 25-30 насалдаг. Гэхдээ эм нь эрээсээ арай олон жил амьдардаг. Эм бүргэд ихэвчлэн 4 дүгээр сарын эхээр 2 өндөг гаргана. Эхний өндөг гарсны дараа 4-5 хоногийн дараа дараагийн өндөг гарна. Ангаахай бараг ой хүртлээ эцэг эхээрээ тэжээлгэнэ. Өд сөд нь ургаж гүйцэхээр эцэг эх нь ангаахайгаа нисгэж сургана. Ингэхдээ өөрийн ангаахайгаа үүрнээсээ түлхэж унагаадаг. Ангаахай өөрийн эрхгүй далавчаа дэвж нисэж сурдаг байна. Анд сургахын тулд тарвага, туулай гэх мэтийг шархдуулан барьж авчраад түүнийг хөөлгөж бариулах дасгал хийлгэдэг байна. Бүргэд өдөрт 1 килограмм мах иддэг бөгөөд ан баригдахгүй үед 2, 3 хоног ч юм идэхгүй тэвчиж чаддаг. Бүргэдийн гол хоол нь үнэг, хярс, туулай, тарвага юм. Барих ангаа 2500-3500 метр өндөрт гарч харна. Хичнээн өндөрт байна, төдийчинээ барих ангаа сайн олж хардаг. Түүний ан руугаа дайрах үеийн хурд 100- 150 метр секунд хүрдэг гэнэ.  Талын бүргэд өдөрт 100 гаруй оготно иддэг гэсэн тоо бий. Бүргэдийн гуужсан өдийг Япон руу экспортонд гаргадаг бөгөөд тэрхүү өдөөр япончууд сумны гичир хийдэг ажээ. Дэлхийд шувуугаар ан хийдэг үндэстэн тун ховор бөгөөд тэдний нэг бол казакууд юм. Тэд ан хийх бүргэдээ ангаахай байхад нь үүрнээс нь хулгайлдаг байна. Гэхдээ ихэвчлэн эм бүргэдийг сонгодог. Учир нь эм нь эрээсээ биеэр том, хүч чадал сайтай, зоригтой байдаг ажээ.

 


Хойлогны (Tetraogallus altaicus, Altai Snowcock)  мах шарханд маш сайн: Тахианы баг гургуулын овогт багтдаг. Хөх бордуу зүстэй, зоо нуруундаа хар судалтай, элгэн биеэрээ цагаан толботой хээрийн шувуу юм. Сүргээрээ бэлчээрлэх бөгөөд 1-2 нь харуулд гарна. Хүн амьтны бараа харагдмагц тэр харуул нь исгэрэн дохио өгөх бөгөөд бусад нь сүргээрээ явгалан газрын өөд гүйж одно. Нисэхдээ муу, харин газрын өөд гүйж чадна. Монголын хойлог арай том биетэй байдаг. Нууцгай хад бутан доор ноос үс дэвсэн үүр засаж 5-12 хүртэл өндөг гаргадаг. Хойлогны мах шарханд маш сайн. Гэмтэж шархадсан хүн хойлогны махыг чанаж уухаас гадна хатсан махыг нь нунтаглаад шархан дээрээ цацаж эмчилнэ. Чингис хааны цэргүүд дайн байлдаанд явахдаа хойлогны махыг борцлоод авч явдаг байжээ. Шархадсан цэргүүд нь махаараа шөл хийж уугаад дороо тэнхэрдэг байсан байна.  Хожим Чингис хаан хойлог шувууг алж болохгүй гэж зарлигласан байдаг.

 


Хотон (Pelecanus crispus, Dalmatian Pelican) шувууны хошуу нь маш үнэд хүрнэ: Монгол орны усны шувуудаас хамгийн томд тооцогдох хотон шувууны алдалсан далавч нь 160-180 сантиметр, хүнд нь 9-12 килограмм хүрдэг. Сүрэг сүргээрээ үүр засаж 2-3 өндөг гаргана.  Эрэгчин эмэгчин ээлжлэн өндгөө 40 хоног дардаг. Ангаахайгаа өдөрт 2-3 загасаар хооллоно. Зөвхөн Ховд аймгийн Хар-Ус нуурт ирдэг хотон шувууны тоо өдгөө 20 хүрэхээ ч больжээ. Хотонгийн үржил үндсэндээ зогсоод байгаа ажээ. Хулгайн анчид хошууг нь өндөр үнэ хүргэхийн тулд агнаж, хотон шувууны хошуугаар хийсэн морины хусуурууд уяачдын ганган хэрэглээний нэг болсон учраас тийнхүү харамсалтайгаар цөөрч байгаа ажээ. Нас гүйцсэн хотонгийн хошууны урт 37-45 сантиметр хүрдэг байна.

 

Ухаа дунхай (Lanius cristatus, Brown Shrike)  бол жижиг биетэй махчин шувуу:  Ухаа дунхаа нь жижиг биетэй мөртлөө маш хүч чадалтай, шавьж хорхой, жижиг гүрвэл, зарим өөртэйгөө ижил жижиг шувуудыг ч барьж иддэг. Бут бараадан түгээмэл тархан амьдардаг. Жижиг шувууд, гүрвэлийн тархийг хагалан идээд бусдыг нь үлдээчихдэг онцлогтой. Үнсэн дунхай, тольт дунхай гэх мэт хэд хэдэн ах дүү нартай. Маш хурц хараатай, өндөр бут модны оройгоос газарт байгаа өчүүхэн жижиг өтийг ч олоод харчихна. 25-30 грамм жинтэй энэ шувуу урт сүүлтэй, занхгар толгойтойгоороо бусад жижиг шувуудаас ялгарна. 

 

Эрээн хавиргат хахилаг ятуу (Alectoris chukar, Chukar) маш хурдан явган гүйдэг:  Сүрэглэж амьдардаг энэ шувуу нэг өндөглөхдөө 22 хүртэл өндөг гаргадаг. Агнуурын ач холбогдолтой бөгөөд мах ихтэй, шим тэжээлтэй байдаг. Дуу чимээнд маш сонор соргог бөгөөд  маш сайн хярж нуугдаж чаддаг. Бутны цаагуур орсон ятууг хичнээн хайсан ч олддоггүй. Хадтай уулархаг газраар сүрэглэн амьдардаг бөгөөд налуу хад буттай газраар  маш хурдан явган гүйж чаддаг.

  


Шувуудын үйл хөдлөлөөр цаг үеийн байдлыг мэдэж болно. 

  • Алагтуу орой болмогц хэсэг хэсгээрэ бөөгнөрөн цугларч, их шуугилдаж байвал тэнгэр сайхан болно. 
  • Бор шувуу бут сөөгний дунд нуугдаад байвал хүйтэн шуурга болдог. 
  • Бүргэд толгой дээр тань тэнгэрт эргэлдэж байвал сайны ерөөл оршино.
  • Ногтруу элбэгшвэл тэнгэр муухайрна.
  • Тагтаа цонх юмуу тооноор гэнэт нисэн орж ирээд сүржигнэн үймрээд байвал ойр дотнын хэн нэгэнд халтай. Нөхөрт гараагүй охины өрөөнд нисэн орвол бэр гуйх зууч удахгүй ирнэ. Тагтаа үүрлэсэн байр хэзээ ч шатдаггүй.
  • Тахианууд хашаандаа нэг зэрэг бөөнөөрөө донгодон шуугивал гэр бүлд удалгүй хэрүүл болно. Хэрэв шөнө дөлөөр суулга модноосоо бөөнөөрөө гэнэт буувал гай тотгор ирнэ. 
  • Тоншуул сууцны тань дээврийг тоншвол тааруухан. 
  • Хон хэрээ хошуугаа далавчин доороо нуувал хүйтэрнэ.
  • Хөх бух цонх тоншвол хэл дуулгана.
  • Хөх бух өглөөгүүр жиргэвэл шөнөдөө хүйтэрнэ.
  • Хөхөө шувууг донгодмогц халаасан дахь мөнгөө шажигнуулан тэмтрээрэй. Мөнгөжих болно.
  • Хэрээ хажуугаар нь өнгөрч явтал муухай гуаглавал муугийн ёр.
  • Шаазгай хэн нэгэн өвчтэй хүний гэр дээгүүр гүйгээд байвал тэр өвчтөн гарцаагүй эдгэрнэ. Хэрэв цонхон дээр ирээд суувал зочин ирнэ. 
  • Шаазгай нөмөр газар, хадны хонгил зэрэгт нуугдвал салхи шуурга болно.
  • Шар шувуу шөнө гэрийн ойролцоо дуугарвал үүрээр шинэ хүн мэндэлнэ.

 

ТОО
0
0
0